9 ДҮГЭЭР САРЫН 1. Эх орны минь өнцөг булан бүрт мөнгөн хонх жингэнэж, 2015-2016 оны хичээлийн жил эхэллээ.
“САНТ” = ХҮНДЛЭЛ, ХАРИУЦЛАГА, ТЭМҮҮЛЭЛ
Аав, ээжийнхээ гараас хөтөлж, багшдаа бэлэглэх баглаа цэцгээ тэвэрсэн сурагчид "Сант” сургуулийн гадаах талбайд цуглажээ.
19 жилийн арвин их түүхтэй “Сант” дунд сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 1-ны өдрийн 11:00 цагт эхэлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Өдгөө тус сургуульд 1,400 гаруй сурагч суралцдаг бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр эцэг эхчүүдийг төлөөлж Б.Энхболд үг хэлэв. Тэрбээр “Бидний үр хүүхдэд баяр хөөр, урам зориг төрүүлж байгаа “Сант” сургуулийн хамт олонд талархсан сэтгэлээ илэрхийлье. Бид хүүхдүүдийнхээ ааваа гэж дуудах бахархал нь, ээжээ гэж дуудах энэрэл нь юм. Бидний итгэлийн гэрэл, сэтгэлийн оч болсон хүүхдүүд маань үргэлж баяр баясгалантай, гэрэл гэгээтэй байх болтугай. Энэ бүхнийг цогцлоон бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Сант” сургуулийн хамт олондоо баярлалаа. Та бүхэн бол бидний гэр бүлийн нэгэн гишүүн юм. Тэр ч утгаараа “Сант” бол хүндлэл, хариуцлага, тэмүүлэл билээ” гэсэн юм.
Мөн шинэ хичээлийн жилийн нээлтэд “Гурван охин” хамтлаг уригдан ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь сурагчдад гэнэтийн бэлэг болсон.
2015-2016 оны хичээлийн жилд “Сант” дунд сургуульд 160 гаруй шинэ сурагч элсэн орж байна. Эцэг эхчүүдийн хэлж буйгаар сургалтын чанар, багш нарын ур чадвар, хүүхэд суралцах тав тухай орчин нөхцөлийг нь харж “Сант” сургуулийг сонгосон гэсэн юм. Учир нь “Сант” сургуулийн сурагчид жил бүр олон улсын физик, математик, биологи, мэдээлэл зүйн олимпиадуудад эх орноо төлөөлж амжилттай оролцож ирсэн билээ.
Мөн энд нэг зүйлийг онцлохгүй байхын аргагүй. “Сант” сургууль нь Монгол Улсын боловсролын салбарт өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсын Массачүсетсийн Технологийн Институтын анхны цахим хичээлийг 2013 онд Монгол анх удаа нэвтрүүлж, хосолсон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ.
Үүний дүнд “Сант” сургуулийн төгсөгчид жил бүр дэлхийн шилдэг инженерийн их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн суралцдаг юм.
Жишээлбэл, MIT, Стэнфорд, Токиогийн Технологийн Институт гэх мэт дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад “Сант”-ын сурагчид жил бүр тэтгэлэгтэйгээр элсэн ордог. Энэ нь тус сургуулийн төгсөгчид олон улсын хэмжээнд бэлтгэгдэж байгааг нотлох томоохон үзүүлэлт болж байна.
Түүнчлэн “Сант” сургууль дээр хэрэгжиж буй олон улсын АР хөтөлбөрт амжилттай суралцсан сурагчид дэлхийн шилдэг их сургуулиудад элсэн суралцахад илүү боломжтой болдог давуу талтай. АР хөтөлбөр нь дээрх их, дээд сургуулиудыг амжилттай төгсөхөд гол суурь нь болж өгдөг гэдгийг бид хэдийнээ мэддэг болсон.
Мөн “Сант” сургуулийн захиргаа бага ангиуддаа Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны баталсан "Бага боловсролын цөм хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Харин энэ хичээлийн жилд салбарын яамнаас баталсан "Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, илүү их амжилт гаргахаар хичээн ажиллаж байна гэж тус сургуулийн сургалтын менежер Д.Уранчимэг хэлж байна.
“Сант” сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтийн үеэр сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

3Г АНГИЙН СУРАГЧ Б.МАРАЛЖИН:
-“Сант” сургуульд анх орж ирэхэд сургуулийн хамт олон маш найрсагаар хүлээн авсан. Би энэ сургуульдаа хайртай. Багш маань биднийг үргэлж дэмждэг. Тийм болохоор манай ангийнхан сурлагын олон амжилт гаргасан. Би л гэхэд дүүрэг, хот, улсын математикийн олимпиадуудад оролцож олон медаль авсан.
-Чамайг хичээлдээ онц сурахаас гадна урлаг, спортын авьяастай гэж байсан. Энэ олон медаль дотор урлаг, спортын чиглэлээр авсан нь бий юу?
-Байгаа. Уран гимнастикаар алтан медаль, “Хамтдаа бүжиглэе” уралдаанаас мөнгөн медаль хүртэж байсан.
-Миний дүү чинь тал бүрийн авьяастай мундаг охин байх нь. Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Эмч болно. Би бас тооны хичээлдээ шаргуу байж, тооны н.Мөнхцэцэг багшийнхаа ачийг хариулна гэж боддог.

6Д АНГИЙН СУРАГЧ Б.БИЛГҮҮН:
-Б.Билгүүнмй хувьд “Сант” сургуульд хэддүгээр ангиасаа элсэн орсон бэ?
-Анх сургуульд орохдоо л “Сант” сургуульд элссэн. Одоо би зургаадугаар анги.
-Чиний бодлоор танай сургууль ямар давуу талтай вэ?
-Сургууль маань сургалтаараа бусдаас байнга түрүүлдэг. Мөн математик, англи хэлийг гүнзгийрүүлж сургадаг болохоор сурагчид байнга амжилт гаргадаг.
-Тухайлбал, чиний хувьд өнгөрсөн хичээлийн жилд хэр амжилт гаргасан?
-Миний хувьд энэ жил БНХАУ-д зохиогдсон математикийн олон улсын олимпиадад оролцож мөнгөн медаль хүртсэн. Мөн хот, дүүргийн олимпиадуудад тогтмол амжилттай оролцсон байгаа.
-Мэдээж энэ бүх амжилтыг гаргахад багш нар нь тусалсан байх. Манай сайтаар дамжуулаад талархлаа илэрхийлж болно шүү дээ.
-Ангийн багш н.Гантуяа, олимпиадын бэлтгэлийн багш н.Сэлэнгээ болон бусад багш нартаа баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.

4Б АНГИЙН СУРАГЧ Ч.НАРАНСОЛОНГО:
-Сайн байна уу? Намайг Ч.Нарансолонго гэдэг. Намайг анх энэ сургуульд ороход минь А-Я хүртэлх үсгийг, тоо бодох ухааныг зааж өгсөн багш нартаа баярлалаа. Мөн энэ сургуульд оруулж өгсөн аав, ээждээ үнэхээр их баярлалаа. Би Та нарынхаа ачийг онц сурч заавал хариулна.
Манай сургуулийн хувьд суралцах орчин сайтайгаас гадна хүүхдүүд нь хоорондоо их эвтэй байж, сургуулийнхаа дүрмийг сайн баримталдаг. Сургууль маань ч бидний онц сурах бүхий л боломжийг бүрдүүлж өгдөг гэсэн юм.
“САНТ” СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Э.ЭНХМӨНХ:
-Манай сургууль энэ хичээлийн жилд 19 дэх удаагийнхаа нээлтийг хийж, 160 гаруй шинэ сурагч хүлээн авлаа.
“Сант” сургууль маань өнгөрсөн жилээс АР буюу олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг MIT, Стэнфорд, Харвард зэрэг дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд хүлээн зөвшөөрч, сайн сурсан сурагчдад кредит олгодогоороо онцлог хөтөлбөр юм.
Өнгөрсөн хичээлийн жилд энэ хөтөлбөрөөр хичээллэсэн ахлах ангийн суагчид маань шалгалтаа амжилттай өгч, дэлхийн хэмжээний сургуулиудад элсэн орсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!