Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарим хүнд төрийн дээд одон, медаль гардуулав.
Тодруулбал Монгол Улсын 10 дахь дархан аварга Намсрайжавын Батсуурьд гавьяат тамирчин цол хүртээлээ.
Увс аймгийн Ховд сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга Н.Батсуурь улсын баяр наадамд дөрвөн удаа түрүүлж (2014, 2018, 2019, 2024), 10 удаа шөвгөрсөн.
Сонирхуулахад Монгол Улсын анхны дархан аварга Б.Түвдэндорж 1960 онд анхны гавьяат тамирчин цолыг хүртэж байсан бол 1967 онд Ж.Мөнхбат, 1971 онд Х.Баянмөнх, 1989 онд Б.Бат-Эрдэнэ, 1991 онд Д.Цэрэнтогтох, 2005 онд А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт гавьяат тамирчин цол олгосон түүхтэй.
Харин үндэсний бөхийн дархан аварга цолтой бөхчүүдээс Д.Дамдинд 1973 оны улсын баяр наадмын өмнөхөн циркийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гавьяат жүжигчин цол олгосон байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!