Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын талаас Украины дайныг 10-12 хоногийн дотор дуусгахыг Трамп шаардав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагаас эхлэн 10-12 хоногийн дотор Украины дайныг дуусгах шаардлагыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Оросын талд тавилаа.

Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө уг шаардлагаа 50 хоногийн хугацаанд хэрэгжүүлэхийг шаардаж байсан бол сая ийнхүү богиносгосон байна.

Энх тайван тогтоох чиглэлд ямар ч ахиц дэвшил гарахгүй байгаа тул цаашид хүлээх “шалтгаан байхгүй” гэж Трамп мэдэгджээ.

Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, хоёрдогч татвар ногдуулахаа тэр дахин анхааруулсан байна.

Өчигдөр Их Британийн ерөнхий сайдтай Шотландад уулзсан Трамп өөрт нь байнга худлаа хэлдэг Путинд найдах аргагүй болсныг хэлжээ.

“Бид гал зогсоох, магадгүй энх тайван тогтоох гэж байсан. Гэвч үүний дараа Киев болон бусад хотууд руу пуужин харваж эхэлдэг” гэж Трамп ярьсан юм.

Өмнө нь яриа хэлэлцээ хийх боломжтой гэж бодож байсан бол одоо “үйл явц нэгэнт оройтсон” гэж үзэж байгаагаа тэр илэрхийлжээ.

“Үүнийг март гэж хэлмээр байна. Би дахин ярихгүй. Хэтэрхий олон удаа ийм зүйл тохиолдсон нь надад таалагдахгүй байна” гэж Трамп хэлсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл тэр дороо Оросын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн байна.

Өмнө нь 50 хоногийн хугацаа өгөхөд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг маш нухацтай хүлээн авч байгаагаа мэдэгдээд Трампын хэлсэн үгэнд дүн шинжилгээ хийхэд цаг хугацаа хэрэгтэйг хэлж байв.

Даваа гарагийн үдээс хойш ОХУ-ын парламентын гишүүн Андрей Гурулёв үг хэлэхдээ Трампын ярьсан зүйл “фронтын шугам дээр ч, Москвад ч нөлөөлөхөө больсон” гээд Орост “зэвсэг, зарчим, хүсэл зориг” байгааг анхааруулжээ.

Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак “хүчээр энх тайван тогтоох тухай маш тодорхой дохио өгсөн” Трампыг магтсан байна. “Путин бол зөвхөн хүч чадлыг үнэлдэг хүн” гэж тэр хэлжээ.

Гэхдээ гурван жил хагасын хугацаанд үргэлжилж буй дайн 12 хоногийн дотор дуусах боломжтой эсэх нь эргэлзээтэй юм.

Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд Украин, Оросын төлөөлөгчид Туркийн Истанбул хотод гурван удаа уулзсан ч гал зогсоох тал дээр тохиролцож чадаагүй.

Эсрэгээрээ Оросын тал Украины хотуудад өгөх агаарын цохилтоо эрчимжүүлсээр байна.

 

Эх сурвалж: BBC