Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС сургууль энэ хичээлийн жилд оюутны хөгжлийг дэмжин ажиллана

БСШУСЯ
2015 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

МУИС энэ хичээлийн жилд 5 бүрэлдэхүүн сургууль, Завхан аймаг дахь салбар сургуульд нийт 2,590 оюутан шинээр элсээд байна. МУИС нь оюутны чөлөөт сонголт хийх боломжийг өргөтгөн чанартай боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн болон бүтэцийн томоохон өөрчлөлтийг эхлүүлэн судалгаанд суурилсан их сургууль болохыг зорьж байна.

Өнгөрсөн хичээлийн жилийг “Судалгааг дэмжих” жил болгон зарлаж багш судлаачдынхаа судалгааны ажлыг дэмжихэд чиглэсэн санхүүжилт хөрөнгө оруулалтыг  ихээхэн нэмэгдүүлжээ. Тухайлбал, дээд боловсролын шинэчлэл хөтөлбөрийн шугамаар болон монгол улсын Засгийн газар, БСШУЯ-ны  хөрөнгө оруулалтаар судалгаа шинжилгээний ажлыг орчин үеийн түвшинд хүргэх 17 лабораторийг  шинээр болон шинэчлэн байгуулжээ. Нийтдээ 166 судалгааны ажлын төсөвт зардал 4.4 тэрбум төгрөгт хүрсэн нь тус сургуулийн судалгаа шинжилгээний цар хүрээг харуулж байгаа юм.

УИХ-аас 2015 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д  тусгасан боловсролын хөгжлийн стратегийн дагуу БСШУЯ-наас 2015-2016 оны хичээлийн жилд дээд боловсролын хөгжлийг гүнзгийрүүлэх  тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн билээ.

Энэ зорилтыг МУИС өмнөх жилүүдэд хийгдсэн ажлуудтайгаа  уялдуулан 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн дэмжих” жил болгон зарлажээ. Энэ хүрээнд оюутны үндсэн эрх ашигт нийцүүлэн  хөтөлбөрөө тасралтгүй сайжруулж, чанар үнэлгээг олон улсын магадлан итгэмжлэлийн стандартад хүргэх, оюутны дадлагажих, мэргэших нөхцлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлтэй холбох гүүр бий болгох зэрэг оюутанд зориулсан цогц үйлчилгээг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм. Өнгөрсөн хичээлийн жилд МУИС оюутнуудад зориулсан 11 төрлийн тэтгэлэгт 302 оюутан хамрагдсан байна. Энэ хичээлийн жилд шинээр элссэн оюутнуудын хувьд тэдний сонгосон сургууль, элсэлтийн шалгалтад үзүүлсэн амжилтыг үндэслэн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна сургуулийн нэрэмжит тэтгэлэгийн сангийн хэмжээг 200 сая төгрөгт хүргэжээ.