Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын ХҮҮ эргээд БУУРАХ уу эсвэл ЧАНГАРАХ уу?

Б.Ану
2016 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны шинэ удирдлага өнгөрсөн наймдугаар сарын 18-нд бодлогын хүүг огцом 4.5 хувиар нэмэгдүүлж 15 болгосон билээ. Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлэх мөнгөний бодлого ийнхүү огцом чангарч хатуу бодлогод шилжсэн нь эдийн засгийг улам хумих эрсдэлтэйг тухайн үед нэр бүхий хүмүүс сануулсаар байв. 

Тэгвэл Монголбанк долларын ханшийг тогтоохын тулд зах зээлд томоохон дохио өгөхөөр энэхүү хамгийн том аргаа хэрэглэсэн гэдэг. Харин бодлогын хүү эргээд буух уу.

График, Монголбанкны бодлогын хүү, өөрчлөлт

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуваарь ёсоор гуравдугаар улирлын хурлаа есдүгээр сарын 29-нд хуралдах тухайгаа сайт дээрээ байршуулсан ч цаг үеийн шаардлагаар сар гаруйн өмнө буюу наймдугаар сарын 18-нд хуралдаж дээрх шийдвэрийг гаргаж байжээ.  Тэгвэл дөрөвдүгээр улирлын хурал ирэх сарын 16-нд товлогдоод байгаа юм.

Өмнөх хурал товлосон хугацаанаасаа сар гаруйн өмнө болсон учраас энэ удаагийн бодлогын хүүг тодорхойлох Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал ч урагшлах боломжтой. Тиймээс хэзээ хуралдах талаар холбогдох хүмүүсээс тодруулахад тэд Засгийн газар долларын орох урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх, эдийн засгийн ямар бодлого барих талаарх нэгдсэн шийдвэрийн дараа мөнгөний бодлогоо тохируулна гэлээ. 

Өөрөөр хэлбэл Засгийн газар бонд босгох уу, "Стэнд Бай" хөтөлбөрт хамрагдах уу, нэг орноос зээл авах уу гэсэн шийдлийн дараагаас бодлогын хүүгээ сулруулах, чангалах, хэвээр нь үлдээхээ шийдэх аж. Тэгвэл өнөөдөр  "Стэнд Бай" хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээс аргагүй болж байгаа талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва мэдээлсэн байсан. Гэхдээ Монголын Засгийн газар өөрсдөө хөтөлбөрөө боловсруулах боломжтой гэжээ. 

Тэгэхээр одоо бүх зүйл Засгийн газар, УИХ-аас хамаараад байна. Тэд эдийн засгаа яг ямар замаар явуулах вэ гэдэг шийдэлдээ даруй хүрвэл төв банк мөнгөний бодлогоо тохируулах нь ээ.