Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг нэмэгдүүлж 15% болгов

Ч.Болортуяа
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монголбанкын Захирлуудын зөвлөл хуралдаж дөнгөж сая шийдвэр гаргалаа. Тэд энэхүү хуралдаанаар БОДЛОГЫН ХҮҮГ 10.5 хувиас 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ болголоо. 

Монголбанкны МЭДЭГДЭЛД:

"Монголбанкны Захирлуудын зөвлөлийн өнөөдрийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.

Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа.

Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална" гэжээ. 


БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЯМАР ҮР ДАГАВАРТАЙ БАЙДАГ ВЭ?

График, Монголбанкны бодлогын хүү, өөрчлөлт

Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор арваас дээш хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна.

 Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банканд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг.  Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банканд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. 

Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банканд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байдаг. 

Төв банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх нь ийнхүү нэг талаараа инфляцийг бага төвшинд барихад ач холбогдолтой ч эргээд бодит эдийн засагтаа дарамт болдог талтай. Учир нь бэлэн мөнгөний урсгал багасах эсвэл зээлийн хүү нэмэгдэх нь аж ахуйн нэгжүүдийн хувьд тийм ч таатай бус байх нь мэдээж. 

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саармагжих бэлэн мөнгөний урсгал багасах нь эдийн засгийн хурдтай хөгжлийг удаашруулах нөхцөл болдгийг эдийн засагчид хэлж байна. Тийм ч учраас бодлогын хүүг өсгөх гэдэг арга хэмжээг эдийн засагчид ялангуяа бизнесмэнүүд төдийлөн таашаадаггүй. Гэвч инфляцийг бага төвшинд барьж, ард иргэдийн нуруунд очих дарамтыг багасгахын тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй гэж олон улсын байгууллагуудын шинжээчид хэлдэг билээ.

Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг.