Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тэрбишдагва: "Стэнд Бай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй болж байна

Б.Ану
2016 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн төлөөлөгчид аравдугаар сарын 24-нөөс энэ сарын 4-ний хооронд Улаанбаатарт ажиллаад буцсан бөгөөд тус айлчлалын үр дүнгийн талаар тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер товч мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд "ОУВС-ийн үзүүлэх тусламжийн хөтөлбөртэй холбоотой гол бодлогууд дээр Монголын эрх баригчидтай санал нэгдсэн, үр бүтээлтэй уулзалт болсныг" дурджээ. Одоо ОУВС-ийн төлөөлөгчид төв байгууллага руугаа буцаж, талууд дотроо зөвлөлдөхөд хэсэг хугацаа зарцуулна гэжээ. 

Тэгвэл энэхүү уулзалтын талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва "Үндэсний Шуудан" сонингийн өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа ""Стэнд Бай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй болж байна" гээд "Монгол Улсын Засгийн газар өөрсдөө хөтөлбөрөө боловсруул түүн дээр харилцан ярилцаж шийдье гэж байна. Тэгэхээр Засгийн газар хөтөлбөрөө сайн хийх хэрэгтэй" гэжээ. 

Үүнээс үзвэл ОУВС-ийнхан харьцангуй найр тавьж Монголын Засгийн газар өөрсдөө хөтөлбөрөө боловсруулж ОУВС-д санал тавих боломжийг өгчээ. 

Тэгэхээр цаг хугацааны хувьд өнөөдөр гэхэд нэг ам.доллар  2,406.41 төгрөгтэй тэнцээд байна. Тиймээс Засгийн газар одоо хөтөлбөрөө яаралтай боловсруулах шаардлага бий болоод байна. 

Хэрвээ Монгол Улс "Стэнд Бай"-д хамрагдсан тохиолдолд гуравдагч буюу донор орнууд Монгол Улсад тусламжийн зээл олгох боломжтой талаар Д.Тэрбишдагва мөн ярилцлагадаа дурджээ. 

Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газарт өөрөөр мөнгө босгох боломж нь өндөр хүүтэй бонд гаргах боломж бий. Гэхдээ энэ талаар холбогдох эрх баригчид тодорхой шийдэлд хүрээгүй л байна. 

Үүнээс үзвэл ЗГ одоо "Стэнд Бай"-д хамрагдах хөтөлбөрөө яаралтай боловсруулах л сонголт үлдээд байна.