АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын орон нутгийн сонгуулийн төв штабын менежерээр томилогдоод байгаа билээ.
Д.Эрдэнэбат “АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэр гаргаж намайг Орон нутгийн сонгуулийн менежерээр томилсон. Орон нутгийн сонгууль бол зөвхөн АН төдийгүй ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчний хувьд онцгой чухал ач холбогдолтой сонгууль юм.
МАН үнэмлэхүй олонхын саналыг парламентад авч, үйл ажиллагаагаа эхлэхдээ улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд яаран дүн шинжилгээ хийж улс орны амьдралд үл эргэлзэх байдлыг бий болгосон нь орон нутгийн сонгуулийн үйл явцыг ээдрээтэй болгож байна.
Яагаад гэвэл хэдийгээр АН-ыг муулах гэж үйл ажиллагаагаа явуулсан боловч эргээгээд ард түмний амьдралыг муужруулах чиглэл рүү хэлтийсэн нь байж болошгүй зүйл юм.
Орон нутгийн сонгуулийн талаар
Орон нутгийн сонгууль бидний хувьд Ардын намын хийсэн олон ухралтыг зогсоох хариуцлагатай сонголтын өмнө ирсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр АН-ын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурлагдана.
Өнөөдрийн байдлаар орон нутгийн сонгуульд 15 мянга гаруй нэр дэвшигч бүртгүүлснээс 7,500 нь АН-аас нэр дэвшигч байна.
Орон нутгийн сонгуульд оролцоход зарим хүндрэлтэй зүйл байгаа. Тухайлбал, ялихгүй зүйлээр шалтаглаж нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, сонгуулийн хорооны бүтцэд нэг талын олонхыг барих зэрэг маргаантай зүйл олон бий. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаад шийдвэрээ гаргах байх.
Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан
Гэхдээ сонгуулийн штаб өнөөдөр бүх нэр дэвшигчээ дэмжих, орон нутгийн сонгуульд зохион байгуулалттай орох бэлтгэл ажлаа үндсэндээ эхэллээ гэж ойлгож болно.
Орон нутгийн сонгуультай холбоотойгоор эргэлзээ дагуулж байгаа нэг том асуудал бий. Энэ бол бүртгэл, шилжилт хөдөлгөөн тухай асуудал юм.
2016 оны УИХ-ын сонгуулиар нэг сонгогч олон газар саналаа өгсөн байх магадлал өндөр гэсэн гомдол санал АН-д ирсэн. Үүнийг бид нухацтай авч үзэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс АН-ын бүлэгт санал оруулж, сонгогчдын шилжилт хөдөлгөөн, бүртгэлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг гаргаж УБЕГ, ТЕГ-т хандаж дахин шинжилгээ хийлгэх бодолтой байгаа.
Хэрвээ нэг сонгогч 2-3 санал өгсөн байх юм бол энэ маш ноцтой хэрэг. Үүнийг дахин гаргахгүй байх нь манай штабын гол үүрэг гэж харж байгаа.
Бид ҮЗХ, ГЗ-ийн сонгуульт гишүүдээ ирэх долоо хоногоос орон нутагт суманд нь ажиллуулахаар илгээнэ. Энэ сонгууль бол сумдын иргэдтэйгээ ажиллаж, бодит байдлыг хэлж өгөх, болохгүй байгаа олон ухралтуудыг ард иргэдэд хэлж өгөх сонгууль болно.
АН-ын шинэчлэлийн талаар
АН-ын шинэчлэлийн асуудалд олон хүн санаагаа чилээж байгаа. Нэг чулуунд бүдэрсэн хүн хоёр дахиа бүдэрвэл ухаантай хүний шинж яав ч биш. АН-д алдаа оноо олон байсан. Гэхдээ нээлттэй нам байсан.
Эрх ашигтаа хөтлөгдөж бидний алдаан дээр дөрөөлсөн 2016 оны сонгууль бидэнд сөрөг үр дүн авчирсан. Тийм учраас бид шинэчлэлийн асуудлаа орон нутгийн сонгуулийн үед ч алдагдуулахгүй.
2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд анх Ардчилсан нам байгуулагдсан. 16 жилийн нүүр үзэж байна. 16 жилийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд бид Их хурлаа хийхээр төлөвлөсөн. Ард иргэд АН-ыг шинэ даргатай болоосой гэж хүлээж байна гэж бодохгүй байна. Харин АН шинэ бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж ард түмэн хүлээж байгаа.
АН-ын шинэчлэл бол зөвхөн намын шинэчлэл биш Монгол Улсын улс төрийн тогтолцооны бодлогын шинэчлэл байх болно гэж бид үзэж байгаа.
Их хурлаараа бид шинэ дүрмээ батална. Орон нутгийн сонгуулийн дараа шинэ дүрмийнхээ хэлэлцүүлгийг нийт гишүүд дэмжигчдийнхээ дунд хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн намын даргын асуудлыг шударга өрсөлдөөнөөр нийт гишүүдийн дундаас гаргах нь зөв гэж харж байна.
АН-ын шинэчлэлийг ард түмэнд нээлттэй харуулах ёстой гэж бид үзэж байгаа.
АН зөвхөн шинэ дарга сонгосноор асуудал дуусахгүй. Хуучин дүрмээрээ туулсан зовлонгоо дахин эдлэх эрх бидэнд байхгүй.
2012-2016 онд биднийг засаг барьж байхад энэ дүрмийн үйлчлэл тодорхой хэмжээгээр саад болсон. Энэ саадыг дахин давтах эрх бидэнд байхгүй. Тийм учраас ирэх арванхоёрдугаар сард болох Их хурлаараа бид шинэ дүрмээ нийтээрээ хэлэлцээд батална.
Дээрх мэдээллийг хийсний дараа Д.Эрдэнэбат гишүүн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АН-ын шинэчлэлтэй холбоотойгоор залуу гишүүдийн зүгээс намын доторх бүлэг фракц, хэдхэн хүний зөрчлөөс болж УИХ-ын сонгуульд ялагдсан гэсэн шүүмжлэл гаргадаг. Тийм учраас АН задрах, тарах ёстой гэсэн асуудал яригдаж эхэллээ. Та хувьдаа АН дотор үүсээд байгаа асуудлыг юу гэж харж байна вэ?
-Ардчилсан нам бол ард түмний дундаас буй болсон нам. Үндэсний хэмжээний нам шүү дээ. Нийт иргэдийн маань 35 хувь нь энэ намын дэмждэг. Тийм учраас эдний саналыг оруулалгүйгээр АН задарна, тарна гэдэг ойлголт байхгүй.
Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан. Энэ алдаа 2016 оны УИХ-ын сонгуульд сөргөөр нөлөөлсөн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо гагцхүү бодлого дээрээ нэг фракц байх ёстой.
Би намынхаа залуучуудтай уулзсан. Тэдэнд та нар суманд очоод орон нутгийн сонгуульд оролцоод намын шинэчлэлийн асуудлаар жирийн гишүүд дэмжигчдийн үгийг сонс. Тэрний дараа ахиад хэдүүлээ асуудлаа ярья гэж хэлсэн.
-Үндсэн дүрмийн шинэчлэл хийнэ гэлээ. Намын дүрмийг шинэчлэх асуудлаар ажиллаж байгаа юм уу?
-Намын дүрмийг шинэчлэх төслийг зургаан жилийн өмнө хийсэн. Үүнийг хоёр удаа орон нутгийн намын байгууллагуудаар хэлэлцүүлсэн. Өнөөдөр Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Дүрмийн асуудлыг ҮЗХ-гоор оруулна гэж байна. Гэтэл танай намын гишүүд ҮЗХ-гоо эрх зүйн чадамжгүй фракцад хуваагдсан гэдэг.
-Үндсэн дүрмийг өнөөгийн ҮЗХ батлахгүй. ҮЗХ Үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулна. Энэ ажлын хэсэг ажиллаад арванхоёрдугаар сарын 6-нд үндсэн дүрмээ Их хурлаараа батлахад хуучин ҮЗХ өөрөө шинэ дүрмийнхээ хүрээнд татан буугдана.
Бид анхан шатнаасаа эхлээд бүх зүйлийг шинээр эхлэх ёстой гэж харж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!