Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy Note 7-г буцаасан Америкчуудын ихэнх нь мөнгөө эргүүлж авах хүсэлтэй байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Доголдолтой баттерейны асуудлаас болоод буцаан дуудагдсан Galaxy Note 7 гар утас Самсунг компанид багагүй хохирол учруулахаар байна.

SurveyMonkey сайтынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Америк даяар худалдаалагдсан нэг сая ийм гар утасны эздийг төлөөлүүлж 507 насанд хүрсэн хүнээс судалгаа авчээ.

Судалгаанд оролцогсдын 35 хувь нь мөнгөө буцааж авах хүсэлтэй гэсэн бол 26 хувь нь iPhone утас руу шилжинэ гэж хариулсан байна. Харин 21 хувь нь Galaxy Note 7 утсаа Самсунгийн өөр загварын утсаар солих хүсэлтэй гэжээ.

Хамгийн бага хувь буюу дөнгөж 18 хувь нь Galaxy Note 7 гар утсандаа үнэнч хэвээр үлдэхээ илэрхийлсэн байна.

Самсунг компани зарагдсан нийт утаснуудаа зөвхөн солих үйл ажиллагаанд гарах зардал нь нэг тэрбум ам.доллар гэж тооцож байсан юм. Тэгвэл дээрх судалгааны дүн Самсунгаас гарах зардал нэг тэрбумаар тогтохгүй гэдгийг харуулж байна.

Наймдугаар сарын дундуур зах зээлд гарсан Galaxy Note 7 гар утас зах зээлээс сайн үнэлэлт авч эхний хоёр долоо хоногийн дотор 2.5 сая ширхэг зарагдсан нь энэ сарын эхээр зарлагдсан Apple-ын iPhone 7 гар утасны борлуулалтад сөргөөг нөлөөлнө гэж үзэж байв.

Гэвч энэхүү ухаалаг гар утасны баттерей нь дэлбэрсэн, шатсан тохиолдлууд олон тоогоор гарах болсон нь дээрх хүлээлтийг талаар болголоо.

 

Эх сурвалж: USAtoday