Өнгөрсөн долоо хоногт Чэжү аралд зорчиж байсан Хятадын жуулчин Солонгос эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэг Өмнөд Солонгосын нийгмийг доргиож эхэлжээ.
Уг хэрэг явдалтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Солонгосчууд Чэжү аралд ирэх Хятадын жуулчдыг визтэй болгох шаардлага тавин Daum Agora вэб сайтад онлайн гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлсэн нь тэр өдрөө 10,000 хүнийг нэгтгэж чадсан байна.
Шаардлагын агуулга нь засгийн газраас 2008 онд хэрэгжүүлж эхэлсэн Чэжүд визгүй зорчих хөтөлбөрийг зогсоох.
Өнгөрсөн долоо хоногт 50 настай Хятад жуулчин эр Чэжү хотын сүмд 61 настай Солонгос эмэгтэйг тодорхойгүй шалтгаанаар хутгалж амийг нь бүрэлгэсэн юм.
Сүмд мөргөл үйлдэж байсан эмэгтэйг хөнөөх болсон шалтгаан тодорхойгүй байна. Мөн энэ сарын эхээр зоогийн газрын эзэн эмэгтэй Хятадын найман жуулчинд гаднаас архи оруулж уухгүй байхыг шаардсаныхаа төлөө зодуулж бэртсэн юм.
Гарын үсэг цуглуулах хөдөлгөөнийг үүсгэсэн хүн “иргэдийн аюулгүй байдал нь аялал жуулчлалын орлогоос илүү үнэтэй” хэмээн зорилгоо тодорхойлжээ.
Гэвч Чэжү арлын захиргаа хөтөлбөрийг зогсоох бодолгүй, харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлэх бодолтойгоо илэрхийлсэн байна.
Хятад төдийгүй дэлхийн 180 улсын иргэд Чэжү аралд 30 хоногийн турш визгүй зорчих эрхтэй байдаг. Анх 2009 онд Чэжүд ирдэг жуулчдын тоо 69,569 байснаа энэ хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн онд 629,724 болж нэмэгдсэн байна. Тэднийг Хятадын жуулчид тэргүүлдэг.
Үүнээс гадна хөтөлбөрийг дагаад хууль бусаар орогногсдын тоо 100-аас 4,300 болж огцом нэмэгдсэн дүнтэй байна.
Гэвч зарим Солонгосчууд энэ явдлыг дагаад гадаадын иргэдээс айх, болгоомжлох (xenophobia) үзэл Чэжү аралд дэлгэрэх вий гэж болгоомжилж байгаа гэнэ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!