Монгол улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хувь хүнтэй холбоотой татварыг нэмэгдүүлэхээр :
Гэхдээ эдгээр татвартай холбоотой заалтуудыг нь МАН-ын бүлгийн улстөрийн шийдвэрээр буцаан татаж, Засгийн газарт дахин төсөл боловсруулах даалгавар өгсөн билээ.
Тэгвэл шинээр боловсруулах төсөлд хувь хүний татвартай холбоотой заалтуудыг дахин оруулах магадлалтай аж. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяраас тодрууллаа.
-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах шинэ төсөл боловсруулахаар болсон. Тэгвэл шинэ төсөлд хувь татвартай холбоотой заалтууд дахин орох уу?
-УИХ-ын сонгуульд оролцохдоо МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт байгаачлан орлогын ялгаанаас хамаарч илүү орлоготой нь илүү татвар төлдөг зарчмаа барья гэж байгаа. Аль ч улсад ийм бодлого байдаг.
Харин энэхүү бодлогыг хэрхэн, хэзээ хэрэгжүүлэх вэ гэдэг нь Сангийн яам, татварын албанаас оруулж ирэх бодлогоос хамаарна. Хоёр саяын орлоготой иргэн таван хувийн татвар төлөх, 20 саяын орлоготой иргэн таван хувийн татвар төлөхийн хооронд ялгаа бий.
Өндөр орлоготой хүн татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах магадлал их байдаг. Тэдгээрийг ил болгох боломжуудыг ашиглахыг зорьж байна.
Харин татварын бодлогод яг ямар, ямар өөрчлөлт орж, хэрхэн нэмэгдүүлэх талаар би тодорхой зүйл хэлэх боломжгүй. Учир нь Сангийн яам бодлогоо тодорхойлно.
-Хувь хүний татварыг нэмэгдүүлэхээс өөрөөр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжууд бий байх. Яагаад заавал иргэдээс авах татварыг нэмэгдүүлэх ёстой гэж?
-Улсын хэмжээнд байгаа 130 мянга гаруй аж ахуйн нэгжийн 50 хувь нь хаалгаа барьсан. Одоо үлдсэн 60 гаруйхан мянган аж ахуйн нэгжийнхээ татварыг нэмж болохгүй.
Тиймээс Засгийн газраас бизнес эрхлэгчдийнхээ татварын дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр боломжит хэсгүүдээс татварын орлогыг нэмэгдүүлье гэж байгаа. Бид боломжит хувилбаруудыг судлан төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ажиллаж байна.
-Татварын бодлогын өөрчлөлтийг хэзээнээс хийх тооцоолол байгаа вэ?
-Магадгүй 2018 он, түүнээс хойш. Түүнээс биш, өнөө маргаашгүй хийх ёстой тулгамдсан асуудал биш.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!