2020/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-7°
01:00
S26
02:00
S26
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
11:00
S26
12:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван улсыг хамарсан ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР: 32 ТӨСӨЛ

Ч.Болортуяа
2016 оны 6 сарын 27
iKon.MN
 

    Гурван жилийн өмнө болох эсэх нь ч тодорхойгүй байсан хөрш гурван улсын уулзалтын үр дүн өнгөрсөн өдрүүдэд Ташкент хотноо гарлаа. 

2014 онд Душенбэ хотноо гурван талт уулзалтын эхнийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар анх удаа хийж байсан бөгөөд анхны уулзалтыг сурвалжилж байсан Ньюс.мн сайтын дэд захирал, сэтгүүлч Д.Нарантуяа "Гурван талт уулзалт болох эсэх маш эргэлзээтэй байсан. Бид Душенбэ хотноо очиж уулзалт эхлэх хүртэл энэ уулзалт болох болов уу, үгүй болов уу гэдэгт эргэлзэж байлаа" гэж ярьсан юм. 

Учир нь Монгол Улс, ОХУ, БНХАУ -ын төрийн тэргүүн нар 100 жилийн дараа албан ёсоор уулзаж тэр дундаа Монгол Улсын санаачлагаар уулзсан нь манай улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал билээ.  

Гурван талт уулзалтын хоёр дахийг нь 2015 оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулж хамтран хийх ажлуудаа тодорхой болгон холбогдох Санамж бичгүүдийг байгуулсан юм. 

Харин өнгөрсөн өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүнүүдийн гурав дахь дээд хэмжээний уулзалт амжилттай болж өнгөрсөн жил байгуулсан Санамж бичгүүдийн хүрээнд тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурж ажил хэрэг болгох алхмыг хийлээ. 

Тодруулбал,  Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурсан нь гурван талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. 

"Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гэхэд Хятадын талаас эхний ээлжинд 190 гаруй төслийг санал болгосон. Үүнээс олон талаар шүүж үзээд Монголын талд ашигтай 32 төслийг хамтарч хэрэгжүүлэх Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталлаа. Үүнээс онцолбол, гурван улсыг дамжих төмөр замын хөтөлбөрүүд, шинэ коридорууд, интернэтийн өндөр хурдтай шугам, ирээдүйд хийгдэх хийн, нефтийн хоолой зэрэг төслүүдийн зарчмыг тусгасан хөтөлбөр юм" гэж Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ташкент хотноо сэтгүүлчдэд мэдээлсэн юм. 

Дээрх хоёр баримт бичгийг ажил хэрэг болгох байнгын үйл ажиллагаатай байгууллага байх хэрэгтэй бөгөөд энэ ажлыг санаачлан хийх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч гурван талт уулзалтаар дэвшүүлсэн байна. 

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод төвтэй гурван орны хамтарсан хөрөнгө оруулалтын төв байгуулах санаачлагыг ноён Ц.Элбэгдорж гаргасан юм. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Төслийн хөрөнгө оруулалтын хамтарсан төв байгуулан уг хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх талаарх Монголын талын саналыг ирээдүйтэй гэж үзэж байна. Тээврийн салбар, харилцаа холбооны шугам, цахилгаан дамжуулах шугам болон эрчим хүчний хангамжийн маршрутыг байгуулах салбарт хамтын ажиллагааны шинэ санал боловсруулахад дээрх төвийн үндсэн зорилт оршино.

Оросын тал дэд бүтцийн санал, санаачилгад гол анхаарлаа хандуулах болно. Тухайлбал, Оросын хувийн хэвшил Улаанбаатар төмөр замын шинэчлэлд оролцоход бэлэн байна. Дээрх асуудлаар миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчтэй олон удаа ярилцаж байсан. Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрүүлэх чадамжийг жилд 100 сая тоннд хүргэх болно" хэмээн гурван талт уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагыг дэмжсэн юм. 

Улаанбаатарт байгуулагдах хөрөнгө оруулалтын төвийн санхүүжилтийн тухайд "Хятад улсын Торгоны зам төсөл гэхэд 40 сая долларын сантай. Энэ сангаас санхүүжиж боломжтой. Гэхдээ бид санхүүжилтийг Хятад, Орос гэж хязгаарлахгүй. Дэлхийн Банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын санхүүжилтийг ч оруулах боломжтой гэж тохиролцсон" талаар Л.Пүрэвсүрэн сайд онцоллоо. 

Харин гурван улсын хооронд байгуулсан хоёр дахь баримт бичиг буюу Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийн тухайд Л.Пүрэвсүрэн сайд "В.Путин Ерөнхийлөгч Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг 100 сая тоннд хүргэнэ гэж хэлсэн. Си Зиньпин Ерөнхийлөгч ч мөн энэ талыг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн. Тиймээс ч энэ хүрээнд гаалийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх хэрэгтэй. Энэхүү баримт бичиг нь урд хил дээр манай хийсэн гаалийн шалгалтыг хойд хил дээр зөвшөөрдөг байх Засгийн газар хоорондын хэлэлцээр юм. Энэ бол манай бизнесийнхэний цаг хугацааг хэмнэсэн асар чухал ажил юм" гэв. 

"Мөн гурван улс хооронд Азийн авто замын сүлжээнд гарын үсэг зурах ёстой байсан ч сүүлчийн мөчид Орос, Хятадын талаас зарим зүйл дээр дахиж лавлах шаардлагатай болж гурав дахь баримт бичигт гарын үсэг зурсангүй. Гэхдээ бид энэ баримт бичигт АСЕМ-ын уулзалтын үеэр гурван талт уулзалтыг зохион байгуулж гарын үсэг зурна гэж бодож байна. Ингэсэн тохиолдолд Оросын ачааны машинууд манай нутгаар дамжаад  Тяньжин руу шууд хүрэх боломжтой. Манай машинууд оросын нутгаар дамжаад Европ руу хүрэх боломжтой. Мөн Хятадын машинууд манай нутгаар дамжаад Улаан-Үд хүрэх боломжтой болно" гэж Л.Пүрэвсүрэн сайд мэдээллээ. 

 

 

 

Энэ удаагийн уулзалтаар гурван талын гарын үсэг зурсан Эдийн засгийн коридор хөтөлбөрийг эдийн засгийн томоохон алхам болсон талаар холбогдох хүмүүс онцолсоор байв. Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа Эдийн засгийн коридор хөтөлбөрийг мянганы үйл явдал боллоо гэж онцолж байсан юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч  ШХАБ-ын хуралдаанд хэлсэн үгэндээ "Гурван талын баталсан Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр нь бүс нутгийн олон талт хамтын ажиллагаа, түүний дотор ШХАБ, ЕврАзийн эдийн засгийн холбоо, Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагуудыг уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааны шинэ орон зай бий болгох чухал алхам боллоо" гэж тэмдэглэж байв. 

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хавсралтаар батлагдсан 32 төслийг танилцуулж байна

Тээврийн дэд бүтцийн чиглэлээр:

1. Төмөр замын Төв коридор (Улаан Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин)-ыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах,

2. Төмөр замын Хойд коридор (Курангино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

3. Төмөр замын Баруун коридор (Курангино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Такашикэн-Хами муж- Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог-Өрөмч)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

4. Төмөр замын Зүүн коридор (Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян-Жиньжоу/Паньзинь)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

5. "Түмэн голын тээврийн коридор" (“Далайн эрэг-2) (Чойбалсан-Сүмбэр-Рашаан-Улаанхот-Чанчунь-Яньзи-Хуньцүнь-Зарубино)-ыг төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

6. Төмөр замын тээврийн “Далайн эрэг-1” коридор (Чойбалсан-Сүмбэр-Рашаан-Манжуур-Цицихар-харбин-Муданьзян-Суйфэньхө- Владивосток-Находка)-ыг төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

7. Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлах,

8. Гурван талын ложистикийн компани байгуулах асуудлаар хамтарсан яриа хэлэлцээ өрнүүлэх,

9. Азийн автозамын сүлжээний АН-3 (Улаан Үд-Хиагт/Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд/Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин) чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих эдийн засгийн үндэслэлийг судлах,

10. Азийн автозамын сүлжээний АН-3 (Новосибирьск-Барнаул-Горно Алтайск-Ташанта/Улаан байшинт-Ховд-Ярантай/Такашикэн-Өрөмч-Каши-Хонкираф) чиглэлийг бүтээн байгуулж дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах,

11. Автозамын Зүүн коридор (Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт-Зүүн хатавч-Си-Уджимчин-Ци-Улаанхад/Шилийн гол-Чаоянь/Чэндэ-Жиньжоу/Паньзинь/Тяньжин чиглэлд)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,

12. Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх /АНДЭЗНК/,

13. Харилцаа холбооны дэд бүтцийг байгуулах ажлыг илүү идэвхжүүлж, Улаан Үд-Хиагт/Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд/Эрээн-Улаанцав-Бээжин-Тяньжин чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн коридоруудын технологийн үйл ажиллагааг удирдах, аюулгүй байдлыг хангах талбарыг байгуулах,

Аж үйлдвэрийн салбарын чиглэлээр:

14. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын тэргүүний жишиг бүсийг байгуулах ажлыг эрчимжүүлж, гурван улсын хоорондын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны кластерийг байгуулах боломжийг судлах,

15. Хейлунжин муж (БНХАУ), ОХУ-ын холбогдох субъект, Өвөр Монголын Өөртөө засах орон (БНХАУ), Монгол улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны жишиг бүс байгуулах үндэслэлийг судлах,

Хилийн боомтыг шинэчлэх чиглэлээр:

16. ОХУ-ын төмөр замын Забайкальск, авто замын Пограничный, Краскино, Монд хилийн боомтыг сэргээн засварлах, БНХАУ-ын Манжуур, Суйфэньхэ, Хунчунь, Эрээний хилийн боомтыг шинэчлэх, Монгол улсын төмөр зам, авто замын боомтуудыг шинэчлэх, бүтээн байгуулах,

Эрчим хүчний чиглэлээр:

17. Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах,

Худалдаа, гааль, мэргэжлийн хяналт шалгалт, хорио цээрийн чиглэлээр:

18. 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр байгуулсан Монгол, Орос, Хятадын хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээр болон Монгол улс, ОХУ, БНХАУ-ын гаалийн албад хооронд Гурван улсын хоорондын худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Санамж бичгийг хэрэгжүүлэх,

19. Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол улсын Гааль, татварын ерөнхий газар, ОХУ-ын Холбооны Гаалийн алба, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр байгуулахыг дэмжиж, хэрэгжүүлэх,

20. "Бүс, зам” санаачилгын хүрээнд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны тухай Монгол, Орос, Хятадын 2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, хүнсний бүтээгдэхүүний хил дамнасан худалдааны хяналтын хамтын ажиллагааг бэхжүүлэн, худалдааны нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,

21. Монгол улс, ОХУ-ын эрх бүхий байгууллагууд болон БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хоорондын хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахад дэмжлэг үзүүлэх, үүнд: хилээр нэвтрэх /орж, гарах/ амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан мал, ургамлын гоц халдварт өвчин, хортой биологийн тархалтаас урьдчилан сэргийлэх, мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах,

Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн чиглэлээр:

22. Байгалийн тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хангах практик хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох харилцаа холбоог бэхжүүлэх, зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах, Монгол, Орос, Хятадын хамтарсан “Дагуурын дархан цаазат газар”-ын үйл ажиллагааны хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

23. Монгол, Орос, Хятадын хил дамнасан экологийн коридоруудыг байгуулах, зэрлэг ургамал болон амьтны аймаг, ус, намгархаг газартай холбогдох эрдэм шинжилгээний хайгуул, хяналт шинжилгээ хийж, зэрлэг ан амьтан, ургамал, нүүдлийн шувуудыг хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх,

24. Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн салбарт хамтарсан удирдлагын болон мэдээлэл солилцох тогтолцоог бий болгох боломжийг судлах, түүнчлэн байгаль орчныг хамгаалах сэдвээр семинар зохион байгуулах,

Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр:

25. Гурван улсын шинжлэх ухаан, техникийн парк, инновацийн талбар хоорондын, мөн түүнчлэн эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагуудын хооронд тээвэр, хүрээлэн буй орчныг хамгаалах болон байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт, амьдрахуйн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологи, нано систем ба материал, эрчим хүч, эрчим хүчийг хэмнэх ба хог хаягдлыг бууруулах, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн шинэ технологи, байгалийн болон технологийн гаралтай гамшгийн зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх,

26. Талуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тухай мэдээллийн солилцоог урагшлуулж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг солилцох, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх,

27. Сурагчдын харилцан солилцоо болон оюутнуудыг гадаадад харилцан суралцуулах хүрээг өргөжүүлэх, боловсролын байгууллагуудын нөөц бололцоонд тулгуурлан залуучуудын боловсролын солилцоог урагшлуулах,

Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр:

28. Хил дамнасан бүс нутаг хоорондын аялал жуулчлалын чиглэлүүдийг хөгжүүлэх, тухайлбал, Монголын Хөвсгөл нуур, ОХУ-ын Байгаль нуур, БНХАУ-ын Хөлөнбуйр нуурыг оруулсан “Их нууруудын гурвалжин”, мөн түүнчлэн Монгол-Орос-Хятадын аялал жуулчлалын тойргийг бий болгох,

29. Монгол-Орос-Хятадын аялал жуулчлалын “Цайны их зам” брэндийг бий болгох,

30. Гурван улсын киноны арилжаа солилцоог урагшлуулах, хамтарсан кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх,

Хөдөө аж ахуйн чиглэлээр:

31. Хамтран ажиллах эрмэлзлэлийн тухай Монгол улсын Мал эмнэлэг, үржлийн газар, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хяналтын Холбооны алба болон БНХАУ-ын Мал эмнэлгийн алба хоорондын 2015 оны есдүгээр сарын 12-ны өдрийн Протоколыг хэрэгжүүлэх,

Анагаах ухааны чиглэлээр:

32. Анагаах ухаан болон эрүүл мэндийг хамгаалах олон улсын семинар хамтран зохион байгуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх.

 

Гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээний дөрөв дэх уулзалтыг Улаанбаатарт хийх эрмэлзлэл манай улсад байсаар байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч энэ санаагаа гурав дахь дээд хэмжээний уулзалтын үеэр тодорхой хэлсэн юм. Үүнийг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжиж "Дараа жил болох гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтыг Монгол Улс даргална. Ээлжит уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар Монголын талаас удаа дараа дэвшүүлсэн саналыг би зохимжтой гэж үзэж байна" хэмээн хэлсэн билээ. 

x