Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд юу хэлэв?

Ч.Болортуяа
2016 оны 6 сарын 24
iKon.MN
 

- Ташкент хотоос мэдээлж байна -

“Хөрш гурван улсын хооронд хамрах цар хүрээгээрээ урьд өмнө хэзээ ч байгаагүй томоохон хөтөлбөрийн тухай энд яригдаж байгааг онцолмоор байна.

Одоо гурван талт хамтын ажиллагааны тохиролцоог бодит ажил хэрэг болгох зорилт бид бүхний өмнө ирж байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтын үеэр онцолж байв.

Тодруулбал, Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалт энэ сарын 23-ны өдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ​“Тус дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр зэрэг гурван талт хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах гэж байна.

Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын хувьд дараах гурван асуудлаар санал солилцож, тохиролцоонд хүрэхийг хүрсч байна.

Нэгдүгээрт, Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд:

Юуны өмнө гурван талын холбогдох байгууллагууд хөтөлбөрт тусгагдсан 32 төслийн жагсаалтаас хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийг тодорхойлж, эдгээр төслүүдэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэн хэрэгжүүлж, идэвхтэй ажиллах саналтай байна.

Цаашид “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төв хэмээх механизм байх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгтэй байгааг харгалзан “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төвийг 2016 онд багтаан байгуулах саналыг дэвшүүлж байна.

Хоёрдугаарт, гурван улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлын хүрээнд:

Төмөр замын төслүүдийг урагшлуулах бодитой механизм болох гурван талын Тээврийн асуудал эрхэлсэн яамд хоорондын төмөр замын асуудлаарх гурван талт зөвлөгөөнийг тогтмолжуулах хүсэлтэй байна. Гурав дахь удаагийн уулзалтыг энэ оны 8, 9 дүгээр сард Улаанбаатар хотноо хийж, тулгамдсан асуудлуудаа ярилцахаар төлөвлөж байна.

Гуравдугаарт, гурван улсын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлох асуудал юм.

Манай хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн коридор, тээвэр, гаалийн салбараар хязгаарлагдахгүй. Ирээдүйтэй салбаруудын нэг нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа юм. Монгол, Орос, Хятадын зүүн бүс нутагт дэд бүсийн гурван талт хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай саналыг Хятадын талаас гаргасныг бид зарчмын хувьд дэмжиж байна. Цаашид холбогдох төлөвлөгөөг гаргаж ажиллахад Монголын тал бэлэн байна.

Хоёр талын хамтын ажиллагааны туршлага, нөөц бололцоог харгалзан хөдөө аж ахуй, гамшгийн байдал, түүний үр дагавраас урьдчилан сэргийлэх, арилгах зэрэг салбарт гурван талт хамтын ажиллагааг чиглүүлэх, хөгжүүлэх боломжтой гэж бид үзэж байна.

Манай гурван улсын бодит хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо гурван талын дээд хэмжээний дараагийн  уулзалт хийх өлзийтэй ерөөлийг дэвшүүлж үгээ өндөрлөе. Бид бүхний харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна” гэсэн юм.

 

Энэ удаагийн уулзалтаар талууд гурван улсын худалдаа-эдийн засаг, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хил орчмын хамтын ажиллагааг дүгнэж, дээрх салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Уулзалтын үеэр:

  •  Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр,
  • Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурсан нь гурван талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ болов.

Гурван улсын Төрийн тэргүүн нар Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах механизмыг байгуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцсон нь ихээхэн ач холбогдолтой байлаа.