Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ӨНӨӨДӨР УУЛЗАНА

Ч.Болортуяа
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

- Ташкент хотоос мэдээлж байна - 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 23-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байгаа талаар iKon.mn мэдээлсэн. 

Энэхүү хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит гурав дахь дээд түвшний уулзалтад оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ислам Каримов нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөгдөөд байгаа юм. 

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт нь гурван талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлох, дээд түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой. 

Уулзалтын үеэр гурван талт хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үзэг зурахаар төлөвлөж байгаа юм.

Орон нутгийн цагаар 10:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин нар Ташкент хотын  “Куксарой” цогцолборт уулзаад байна. 

Улаанбаатарын цагаар 20:20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин нарын гурван талт уулзалт болох юм. Тус уулзалтын дараа гурван улсын төрийн тэргүүн холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа мөн болно. 

Маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Энэхүү уулзалтын дараагаар Ц.Элбэгдорж БНУУ-ын Ерөнхийлөгч И.А.Каримовтой албан ёсны уулзалт хийнэ.

Энэ удаагийн Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаар ШХАБ-ын хүрээнд хэрэгжиж буй бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, цаашдын төлөв, гишүүн болон ажиглагч орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий байнгын үйл ажиллагаатай механизмыг байгуулах талаар хэлэлцэж:

  • Ташкентын тунхаглал, 
  • Дээд түвшний уулзалтын дүнгийн тухай хэвлэлийн мэдээ, 
  • ШХАБ-ын 2025 он хүртэлх хөгжлийн стратегийн төлөвлөгөө,
  • Гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаарх хөтөлбөр, 
  • Хэт даврах үзэлтэй тэмцэх асуудлаарх конвенц, 
  • Хар тамхитай тэмцэх стратегийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Энэ удаагийн уулзалтаас шинэ гишүүн, ажиглагч элсүүлэх шийдвэр гарахгүй бололтой гэж Гадаад Хэргийн Яамнаас мэдээлж байгаа юм.

Монгол Улсын хувьд Ази-Номхон далайн бүс нутагт өрнөж буй улстөр, эдийн засгийн хамтын ажиллагаанд  идэвхтэй оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон билээ. 

ШХАБ-ын ажиглагчийн статустай болох асуудлыг 2004 онд ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх үед ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, тухайлбал эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү оролцох зөвлөмж гаргасныг өнөөг хүртэл баримталж байгаа юм.