Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Алдаа оноо, амжилтаа тайлагнасан ардын намын XXVII Их хурал эхэллээ

Монголын мэдээ
2013 оны 10 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Өнгөрсөн бямба гарагт Бага хурлаа хийж, өчигдөр “түүхэн” Их хурлынхаа нээлтийг хийсэн МАН-ынхан өнгөрөгч долоо хоногт тун завгүй байлаа. Намын дарга Ө.Энхтүвшингийн хэлснээр МАН үнэхээр чадалтай, бас хүчтэй нам хэвээр гэдэг нь намын Их хурлын эргэн тойрон дахь үйл явдлаас харагдаж байсан юм. СТӨ-нд өчигдөр нээлтээ хийсэн МАН-ын 27 дугаар Их хурал эхэлсэн цагаасаа л тун сонирхолтой байв. Залуус “Намынхаа нэрийг цэвэрлэцгээе”, “Шагналын биш шинэчлэлийн хурал шүү”, “Амиа биш намаа бодох цаг иржээ” гэх мэтчилэн уриа лоозон барьсаар Их хурлын төлөөлөгчдийг угтсан.

Хот, хөдөөгөөс сонгогдсон Их хурлын 1121 төлөө­лөг­чөөс 330 орчим нь Улаанбаатар хотоос, 780 ор­чим нь орон нутгаас хүрэлцэн ир­сэн байна. Хурлыг даргалагч УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хур­л­ын эхэнд энэ удаагийн Их хурлаар хэлэлцэх ерөнхий асууд­лууд, хур­лын хөтөлбөрийг танил­цуулав.

Ө.Энхтүвшин:...шударга бус хүмүүсийнхээ толгойг илж “шүүх л гэм буруутайг нь  тогтоогоогүй бол ...” гэж хаацайлдаг арга ба­рилаасаа татгалзах цаг болжээ.

Та­нилцуулснаар, Их хурлаар есөн үнд­сэн асуудал хэлэлцэх бө­гөөд үүнд, МАН-ын дарга Ө.Энх­түв­шин­гийн улс төрийн илтгэл, Ман­датын комиссын илтгэл, на­мын 26 дугаар Их хурлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хя­нал­тын ерөнхий хорооны тайлан, МАН-ын дүрмийн асуудлаарх сал­бар хуралдааны мэдээлэл сон­сох, Намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай салбар хуралдааны мэдээлэл сонсох, Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зо­рилт, Намын үйл ажиллагааны ши­нэчлэлийн талаархи дүгнэлт, Зохион байгуулалтын асуудал зэрэг багтжээ. Их хурлаас гол хүлээлт үүсгээд буй зохион бай­гуулалтын асуудалд Монгол Ар­дын намын даргыг сонгох ту­хай, Бага хурлын гишүүдийг сон­гох тухай, Хяналтын ерөнхий хо­рооны гишүүдийг сонгох тухай гэ­сэн асуудал багтжээ. Их ху­рал гур­ван өдөр үргэлжилж, энэ сарын 29-нд өндөрлөх юм. 

Ө.Энхтүвшин

Ө.Энхтүвшин: Авлигад хардуулж, намын нэр “баастах”-ыг дахин тэвчихгүй

-Хурал намын дарга Ө.Энхтүв­шин­гийн илтгэлээр эхэлсэн бө­гөөд ялалт, ялагдлынхаа учир шалт­гаан, намын нэр хүнд, гишүүдийн ёс­зүй, хүнд суртал, сөрөг хүчний гүйцэтгэх үүрэг, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал зэрэг нэлээд өргөн сэдвийг хамарсан илт­гэл нь төлөөлөгчдийн сэт­гэлд тун их таалагдаж байлаа. Нэ­г­дү­гээр хэсэгт тэрбээр өм­нөх жилүүдэд гаргасан ололт ам­жил­таа онцлон дурьдаж, амжилт юунаас болж саарсан, алдаа нь юундаа байсныг хөндлөө.

 С.Баяр: Би намын даргыг хийж үзс­эн хүн. Тийм учраас нэг урсгалд хоёр ордоггүй. Цагийн юм цагтаа, бусаддаа бололцоо олгоно гэж бодож байгаа.

Намын санал хуваагдсан, дотоод эв нэгдэл суларсан, гишүүд дэм­жигчдээ идэвхжүүлээгүй, болох байх, наанадаж хамтраад Зас­гийн газар байгуулаад ажил­ла­чих­на гэж сэтгэсэн, сонгуу­лийн пиар сул байсан зэрэг шалт­гаанаас нам удаа дараагийн сон­гуульд ялагдсан шалтгааныг дурь­даж, үүнийг цааш цаашдаа гар­гахгүйн тулд анхаарч ажиллах ёс­той гэдгийг хэлж байсан юм. Нийтлэлийн хоёрдугаар хэ­сэгт Монгол Улсын нийгмийн өнөө­гийн нөхцөл байдал, Шинэчлэ­лийн гэгдэх Засгийн газар хэр­хэн ажиллаж байгаа, алдаа ду­таг­далтай тал нь юу байгааг голч­лон шүүмжилж, энэ бүхнийг засч залруулахад МАН-ын зү­гээс хүчтэй сөрөг хүчин болж ажил­лах учиртайг дуулгалаа. Нийт­лэлийн гуравдугаар хэсэг нэ­лээд анхаарал татаж байсан юм. 

Намын шинэчлэлийн эргэн той­рондох асуудлыг хөндсөн уг хэ­сэгт намын нэр хүндийг уна­га­сан, авлига, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдох болсон гишүүдийн асуудлыг мөн намын нэр хүндийг унагаж нам дамжиж яваа хэсэг бүлгийг нэлээд хүчтэй шүүмжилсэн юм. Ө.Энхтүвшин дарга МАН гол бодлого ялзарч, зөв­хөн зэрлэг өвс л ургахаар хөрс, шороо бүрджээ хэмээгээд “Жи­рийн гишүүдэд батлах, сон­гуулиар намаа дугуйлах төдийхөн эрх үүрэг оногдож, удирдлагад нь буй 200 гаруйхан хүний хүрээнд бүхий л эрх дарх эргэлддэг бол­сон. Боловсон хүчнийг шилж сон­гохдоо мэдлэг боловсрол, шу­дарга чанар,ажлын дадлага турш­лага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу гэх мэт гол шалгуурыг  бус, чухал биш тө­дийгүй зарчимгүй өөр бусад үндэс­лэлүүдийг голлодог болоод удсан. 

Үүний уршигаар  улс төрийн хат суугаагүй, үзэл ба үнэт  зүйлсийнх нь чиг тогтоогүй, ажил амьдралын туршлага багатай, томилогдож  очсон салбарынхаа талаар мэдлэг муутай,  нийтийн эрх ашигт сэт­гэл дутмаг хүмүүсээр намын удирд­лага, улсын хариуцлагатай ал­быг бүрдүүлж, улмаар шат шат­ны сонгууль, томилгоонд тэр яв­цуу хүрээнээсээ сонголт хийж байлаа. Дээрх алдаа, гажуудал нь намын ажилтнууд, залуу ги­шүүдийн зан үйл, ёс суртахуунд ноц­той нөлөө үзүүлж нэлээд хэсэг нь өөрийгөө хөгжүүлэх гэж  бодохын оронд хэн нэгэн нөлөө бүхий хүчтэй лидерийн ивээл дор багтаж бэхжиж авах гэж зүтгэдэг болжээ. Зарим албан тушаалтан авлига, хээл хахууль зэрэг шу­дарга бус янз бүрийн асуудалд тухайлбал, авлигад нэр нь байнга холбогдоод төрийн болоод намын нэр хүндийг унагаад байхад юу ч болоогүй мэт, ямар ч арга хэмжээ авахгүй явж ирсэн. Нам гишүүдээ дэмжиж, ёс бус аливаа дайралтаас хамгаалах нь зүйн хэрэг. 

Гэвч хувийн эрх ашгийг нийтийнхээс дээгүүр тавьдаг, шударга бус хүмүүсийнхээ толгойг илж “шүүх л гэм буруутайг нь  тогтоогоогүй бол ...” гэж хаацайлдаг арга ба­рилаасаа татгалзах цаг болжээ” хэ­мээн хатуухан үгийг намын удирд­лага гэх нэрийн дор нууг­даж энэ бүх алдаа завхарлын эзэн болж байгаа хэсэг бүлэг нөх­дүүдэд хандсан гашуун үгийг дуул­галаа. Ө.Энхтүвшин даргын илтгэл Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон эгэл гишүүдэд тун их таалагдаж халуун алга ташилт нижигнэж байв. 

АН баярын мэндчилгээ илгээж, МАХН илгээлт явуулжээ

 Хурлын дарааллын дагуу На­мын Ерөнхий нарийн бич­гийн дар­га Г.Занданшатар на­мын аж­лын тайланг тавьсан бө­гөөд энэ талаар дэлгэрэнгүй мэ­дээлж бай­гаа учраас энд хүргээд орхиё. Үргэлжлүүлэн Ерөн­хий на­рийн бичгийн дарга асан У.Хү­рэл­сүхийн Австрали ул­саас ирүүл­сэн мэнд­чилгээг ун­шиж сонс­госон бөгөөд АН-аас ирүүл­сэн баярын мэндчилгээг мөн ги­шүүдэд ун­шиж сонсголоо. АН-ын мэнд­чил­гээнд “Улс орны хөгжил дэвш­­лийн түүхэн цаг үед үргэлж ман­лайлан удирдаж явсан, Мон­голын улс төрийн ууган нам МАН хөгжлийн ирээдүй өнөө­дөр та бүхний оролцон эх­лүүлж байгаа 27 дугаар Их хурлаас ихээ­хэн шалтгаална гэдгийг цо­хон тэмдэглэж, хурлын тань үйл ажил­лагаанд өндөр амжилт хүсье” гэжээ.

Мөн энэ өдрийн хур­­лын нэг онцлох үйл явдал бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба МАН-ын Их хуралд оролцож индэр дээрээс МАХН-аас  гаргасан илгээлтийг ун­шиж танилцуулсан явдал юм. Тус илгээлтэд, “Улс, эх орны маань эрх чөлөө, тусгаар тогтнол, түү­­ний  төлөөх тэмцлийн түүхэн зам­­нал,  онол суртахуун, туулсан за­­мын алдаа оноо, туршлага сур­гамж бүхэн МАХН, МАН-тай сал­ш­­гүй холбоотой. “Монгол Ард”-аараа овоглосон манай хоёр нам  угсаа гарвал, түүх, эг­нээн­­дээ нэгтгэсэн гишүүдийн бү­­рэл­дэхүүн, баримталсан үзэл онол, чиглэсэн зорилго, хү­сэл эр­мэлзлэлээрээ нэгэн иш үн­­дэс­тэй билээ. Парламентын бо­лон бу­сад үйл ажиллагааны хү­рээнд ма­най хоёр нам хамтын ажил­лагаагаа гүнзгийрүүлж хамтарч ажил­лана гэдэгт найдаж байна” гэх илгээлтийн цаад зорилго нь тодорхой байсан учраас Их хур­лын төлөөлөгчид ч их л сэт­гэл догдолсон янзтай удтал алга та­шиж, хүндэтгэлтэйгээр хү­лээн авч харагдлаа. Мөн улс орон бү­рээс ирж буй баярын мэнд­чилгээг та­нилцуулав. Хурал эхлэхдээ нэ­лээд албархуу баяр ёслолын бай­далтай эхэлсэн юм. Энд тэндээс ир­сэн баярын мэндчилгээ, ил­гээлт явуулсан нөхдүүдэд ха­риу талархал илэрхийлсээр ба­га үдийн алдад хурлаа түр завсар­луу­лав.

Дараа нь Их жанжин Сүх­­баатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үргэлжлүүлэн салбар ху­ралдаанууд хаалттай хуралдаж эхэлсэн юм. Соёлын төв өргөөнд болж буй салбар хуралдаанаар МАН-ын дүрмийн шинэчлэлийг, харин Тусгаар тогтнолын Бага танхимд болж буй хуралдаанаар Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зорилтыг, Их танхимд болж байгаа хуралдаанаар намын үйл ажиллагааны шинэчлэлийг тус бүр хэлэлцэж эхлээд байна.  Эдгээр нь намын дотоод асуудалд түлхүү хамаарах учраас хаалттай горимоор хэлэлцэж буй юм. Ду­гаар шилжих мөчид салбар ху­рал­даанууд үргэлжилж байсан бө­гөөд намын Их хурлаас ямар үр дүн хүлээж байгаа талаар зарим төлөө­лөгчдийн санал бод­лыг сонс­лоо. 

С.Баяр

Их хурлын төлөөлөгч С.Баяр:
 -Бидний ажлын болж байгаа, бо­лохгүй зүйл нь юу байна, яагаад сүүлийн сонгуулиудад  амжилт­гүй оролцов, улс орны хөгжил хувь заяанд манай нам цаашдаа ямар тодорхой үүрэгтэй оролцох энэ асуудлуудлаа хэлэлцэхийн тулд төлөөлөгчид цугласан байгаа. Ямар ч байсан сайхан ярилцана даа. Намын Их хурлын онцгой бү­рэн эрхэд байдаг асуудал бол удирд­лага. Намын даргад нэр дэв­ших асуудлыг ярьж эхлээ­гүй байна. Ярьж эхлэх үед нь өөрий­гөө дэвшүүлэх, өрөөл бус­дыг дэвшүүлэх гэж намын Их ху­рал бүр дээр болдог зүйл л бо­лох байх. Шударга өрсөлдөөн бо­лоосой гэж хүсч байна. Миний хувьд гэвэл асуудал тодорхой байгаа. Би намын даргыг хийж үз­с­эн хүн. Тийм учраас нэг урс­галд хоёр ордоггүй. Цагийн юм цаг­таа, бусаддаа бололцоо олгоно гэж бодож байгаа.

Их хурлын төлөөлөгч Т.Аюурсайхан: 
-Муу муухай зүйл болгонд манай на­мын нэр холбогддог. Залуус, оюут­нууд бүр дунд сургуулийн су­рагчдын дунд манай намын талаар буруу ойлголт явж байна. Үүнийгээ хэлэлцэж, цаашид юу хийх ёстой вэ гэдэг арга ухаа­наа гаргаж, ард түмнийхээ тө­лөө ажиллах ёстой. Би Намын дар­гад өрсөлдөхөө олон нийтэд мэ­дэгдсэн байгаа. Шинэчлэлийн хороо жил гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ намын шинэчлэлийн бодлогыг дэвшүүлж тавъя гэж бэлтгэсэн. Энэ ажлынхаа хүрээнд намын гишүүдийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Намын даргад өрсөлдөх шийдвэр бол миний бие даасан шийдвэр биш байсан. Энэ бол манай Шинэчлэлийн хорооны хамт олон болон орон нутаг нийс­лэлийн намын гишүүдээс гарсан шийдвэр байгаа. Нэр дэвшиж өр­сөлдөж байгаа хүмүүс бодлогоо ярих ёстой. Шудрага сайхан өр­сөлдөөсэй гэж бодож байна. 

М.Энхболд

Их хурлын төлөөлөгч М.Энхболд: 

-Энэ удаагийн Их хурал түү­хэн онцлох цаг үед болж байна. Ма­най нам сүүлийн 90 жилд Зас­гийн эрхийг барьж улс орноо хөг­жүү­лэх, ард түмний аж амьдралыг дээш­лүүлэх гэх мэт төрийн хүнд хүчир ажлын дор намынхаа Их хурлыг зохион байгуулж ирсэн бол энэ удаа сөрөг хүчний байр сууринаас зохион байгуулж бай­на. Үүгээрээ онцлогтой. Бид сүү­­лийн хэд хэдэн удаагийн сон­­гуульд ялагдсан. Тиймээс ал­даа, оноо дутагдал юу байсан бэ гэдгийг энэ Их хурлаасаа дүг­нэж, цэгнэж цаашид үйл ажил­ла­гаагаа идэвхжүүлэхэд юу хийх ёс­той вэ гэдгээ ярина. Мөн ард түм­ний нам болоход зорилт тавьж, арга замаа тодорхойлно. Энэ Их хурлаас манай намын үйл ажил­лагаа эрчимжиж ард түмний би­дэнд итгэж байсан итгэл илүү нэ­мэгдэнэ гэж бодож байгаа. 

Ц.Нямдорж

Их хурлын төлөөлөгч Ц.Нямдорж: 

-Намыг сайжруулья, хариуцла­гыг сайжруулья, улс орны нийгэм, эдийн засгийг дээшлүүлье гэж ярьж байгаа нь зөв. Харин энэ том үгийн цаана хувийн жижиг ам­биц, албан тушаал халхлагдаж байгаа бол муу. Тийм зүйл бит­гий байгаасай гэж хувьдаа бо­дож байна. 

Намын удирдлагад өр­сөл­дөх гэж буй залуус энэ намын удирд­лагад хамаагүй санаархах зөв үү буруу юу, хэмжээ далайц нь хүрэх үү үгүй юу, цаг нь мөн үү үгүй юу зэрэг зүйлээ бодох хэ­­рэгтэй. Маш сайн бодох хэрэг­тэй.

Зураг