• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шийдвэрлэх тулааны өмнө нойрмоглох МАН

Д.Түвшин
2013 оны 10 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Харин яаж өөрчлөгдөн шинэчлэгдэх ёстой вэ гэдэгт гэнэтийн баатар шинэчлэгчид биш, Ө.Энх­түвшинг хэн нэгнээр сольж ч биш, намын үзэл баримтлал, үнэт зарчим, улстөрийн онолоо шинэчилж байж МАН орших эс оршихоо ярих цаг иржээ.

Их тулааны өмнө агшин зуурын нам гүм ноёрхдог гэлцдэг. Өнөөдөр МАН ёстой л нам гүмийн дунд нойрмоглон байна. Уг нь МАН 1999 онд СоцИнтернийн гишүүнээр элсч зүүн төвийн үзэл баримтлалтай нам гэдгээ Ази-Номхон далай болон дэлхий нийтэд зарласан билээ. 

МАН социал демократ үзэл санааг амьдрал дээр хэрэгжүүлэхдээ олон намын тогтолцоог хүндэт­гэж хүний эрх, эрх чөлөөг бүх талаар хүндэт­гэн зөвшөөрөх үүргийг СоцИнтернийн өмнө хүлээсэн.

Ардчилал, эв нэг­дэл, шударга ёс гэ­сэн үндсэн зарчимтай СоцИнтернийн гишүүн МАН хэрхэн шинэчлэгдэж бай­гаа болон ард түм­ний­хээ дунд урд өмнө бай­гаа­гүйгээр буурсан нэр хүндээ эргүүлэн олж авч чадах уу гэдэг асуултад бага ч болтугай хариулах МАН-ын ХХVII их хурал хуралдахад 10 гаруйхан хоног үлдлээ. 

Дэлхийн хамгийн олон гишүүнтэй, зүүн тө­вийн үзэл баримтлалтай на­муудыг эгнээндээ нэгт­гэсэн энэ байгууллагын идэвх­тэй гишүүн МАН да­раалсан олон сонгуульд ялагдаж, өнөөдөр үнэн хэрэгтээ хөшигний ардах нам болчихоод байгаа нь жирийн иргэд байтугай энэ намын удирдлага, ли­дерүүдэд ч тодорхой хараг­даж байгаа.

Монгол Улсын тухайд МАН нь амжилт, ялалтын түүх болж, улс орноо амжилттай удирдан бусад оронд үлгэр жишээ болж явсан сайхан цаг үе нь одоо нэгэнт түүх болон ард үлджээ.

90 жилийн намтар баян түүхтэй энэ нам гуравхан жилийн өмнө хувийн ам­биц, нэр төр хөөцөлдсөн цөөн хэдэн лидерүүдийнхээ болчимгүй үйлдлээр нэрээ сольж МАН болсон нь на­саараа энэ намын төлөө бие, сэтгэлээ зориулж тат­­вараа төлсөөр ирсэн мян­га мянган ахмад ги­шүү­дийнхээ итгэл, сэтгэл рүү ус цацсан маш харалган алдаа болж, өнөөдөр ч ул мөрөө үлдээсээр л байгаа.

2012 оны УИХ бо­лон орон нутаг, Ерөнхий­лөгчийн сонгуульд дараа­лан ялагдсанаар МАН “Орших уу эс орших уу” дээрээ тулж, өнөөдөр ч бүх түүхийнхээ хамгийн хүнд өдрүүдийг туулж яваа нь хэнд ч илэрхий.

МАН-ыг тухайн цаг үедээ удирдаж дараалсан сонгуулиудад ялагдал хүлээлгэсэн өмнөх дарга нар нь “Манай намын жанжин шугам бол хүн төвтэй хөгжлийг бүрдүүлэх, чинээлэг дундаж давхрагыг бий болгох, баян хоосны ялгааг арилгах зэрэг СоцИнтернийн гишүүн на­мууддаа тавьдаг нийтлэг зарчмыг хэлбэрэлтгүй да­гаж мөрдөх явдал юм” хэ­мээн удаа дараа мэдэгдэж байв.

Гэтэл өнөөдөр чи­­нээлэг дундаж давхрагыг бий болголцох байтугай на­­мынхаа эв нэгдэл, ахмад залуу үеийнхнийхээ ха­рилцан уялдаа холбоог ч хянах чадваргүй, эрээвэр хураавар хүмүүсийн өдөр хоног аргацаасан бөөгнөрөл болчихоод их тулааны өмнөх нам гүмд дарагдан байгаа. 

Ер нь аль ч цаг үеийн улстөр, аливаа намын амжилт олох, өсөн дэвжихэд ирээдүйн шинэ залуу үе нь шийдвэрлэх үүрэг гүй­цэтгэсээр ирсэн байдаг. Ямар ч улстөрийн хүчин, аль ч нам өөрөө, түүний дотор намын удирдлага цаг үеэ даган залуужиж гэмээнэ ирээдүйгээ найдвартай цогц­лоож их улстөр, ард түмнийхээ амьдралд дорви­той нөлөө үзүүлсээр ирж. 

Улстөрийн хүчнийг ши­нэчилж, нэгэн хэвийн прагматик хэвшлээс ангиж­руулж байдаг удирдлагын тогтолцооны өөрчлөлт, бо­ловсролтой чадварлаг залуу үедээ хэрэгтэй цагт нь эрх мэдлийг шилжүүлж чаддаг улстөрийн зориг МАН-д хэзээнээсээ үгүйлэгдсээр л ирсэн.

Хуучнаар МАХН-ын үе буюу 1996 оны сонгуулийн дараа өнөөдрийн МАН-ын удирдлагад Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар гарч ирсэн. 90 жилийн түүхтэй нам хоёр хуваагдаж тус тусдаа удаа дараагийн сонгуульд өвдөг шороодсоноос хойш өнөөдөр ч энэ хоёр улстөрч хоёр өөр намыг толгойлсоор л явна. 

Чухамдаа МАН-ын хувьд У.Хүрэлсүхээс өөр залуу үеийн төлөөлөл намыг удирдалцаж явсан түүх байхгүй гээд хэлчихэд буруудах зүйлгүй. Өнөөдөр намынхаа ХХVII их хурлын өмнө хотын фракцыг удир­дан орох М.Энхболд, “Улстөрчийн зүрх зориг муутай. Хүн таньдаггүй.

Эдийн засгийн ид эрчимжлийн үед Ерөнхий сайдын үүргийг хангалтгүй биелүүлсэн” хэмээн чичлүүлж яваа С.Батболд нарыг эс тооцвол МАН-ын толгойд үргэлж насны нар нь хэвийсэн нөхөд л ээлжлэн суусаар өнөөдрийг хүрэв. 

Тийм ч учраас МАН шинэчлэгдээсэй, бо­ловс­ролтой, чадварлаг улс­төрийн тодорхой онол, үзэл баримтлалтай залуус гарч ирээсэй гэсэн хүлээлт монголын нийгэмд үүсч өнөөдрийг хүрсэн.

Ард түмэн, сонгогч олны энэ хүлээлт, итгэл дээр дөрөөлөн хэдэн залуу өнгөрсөн хавар, зунжин МАН-ыг шинэчлэх хөдөлгөөн нэрээр улстөр хийсэн нь үнэн. Намынхаа байрны үүдэнд гэр барин суулт хийсэн шинэчлэгчид эхэндээ овоо чангахан дуугарч байв. 

Харин удалгүй тэдгээр “шинэчлэгч”-дийн тар нь танигдаж албан тушаал, хэргэм зэрэг горилсон “долдой” нар болох нь эхнээсээ илэрч, нийгэмд үүсээд байсан хүлээлтийг бас л дахин шороотой хут­гачихаад байгаа. 

Ер нь МАН-аар дөрөөлөн улстөрийн өндөрлөгт гарах гэсэн, эрх мэдэлтэй дарга даамал болж амьдрал ахуйгаа сайжруулах гэсэн нөхөд байсхийгээд л шовс, шовс хийгээд гараад ир­дэг. Хэдхэн жилийн өмнө МАН-ыг бараадаж хоо­лонд хүрэх гэсэн нөхөд НАМЗХ, НАМОХ гэсэн хоёр байгууллагаар дам­жин улс­төрд хөл тавьдаг байлаа. 

Ялангуяа НАМЗХ хэмээх гоёдсон нэртэй байгууллагын хаалгыг салж унатал нь онголзуулсаар өнөөдрийн МАН-ын удирдлагад гарах шат дамжлагаа болгосон нөхөд өнөөдөр ч амь бөх­тэй зууралдацгаасаар л байгаа. Гэтэл шинэ нөхцөл бай­д­алтайгаа уялдаж улс­төрийн нам ч байнга өөрч­лөг­дөх ёстойг өнөөдөр МАН-ын удирдлагууд 100 хувь ойлгож ухаараагүй л бололтой. Яг үнэндээ өнөөдөр МАН-д шалгарсан удирдагч, нийгэм даяар хүлээн зөвшөөрөгдсөн лидер байхгүй. Гэхдээ байхгүй юмыг гаднаас хайж явалтай биш гээд өнөөх л М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж за тэгээд сүүлд тодорсон Б.Бат-Эрдэнэ нарын нэрс намын даргын сунгаанд яригдаж эхлээд байгаа. Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийн ихэнх нь хаа очиж урьд өмнө өндөр олбогт заларч, эрх мэдлийн цаламд оосорлуулж байгаагүй “то­вариш”-ууд байна лээ. 

Намын шинэ даргын тухайд МАН-ын гишүүд, дэмжигчид ер нь монголын нийгмийн олонх нь шинэ цаг үедээ нийцсэн шинэ бодлого гаргаж дэвшүүлэх чадвартай, түүнийхээ төлөө тууштай тэмцдэг, намын олон түмнээ манлайлах чадвартай, улстөрчийн хувьд гуйвж дайвахгүй тодорхой үзэл баримтлалтай нэгэн өрсөлдөөсэй гэсэн их хүлээлт байгаа. 

Харин яг өнөөдрийн тухайд тийм зангарагтай улстөрч нь хэн бэ. С.Баяр элдэв амбицаа эрт татаж, зайгаа тавьж өгснөө зарла­чих­лаа. У.Хүрэлсүх нь улс­төрөөс дайжих шиг боллоо. Харин тэднийг эзгүй хойгуур нь яг үнэндээ намынхаа үзэл баримтлалыг зүүний юм уу барууны чиглэлтэй юм уу гэдгийг нь ойлгоогүй шахам байж хэнийх нь цүнхийг барин дагаж гүйвэл амархан дээшээ гарах бол гэсэн нэгэн үеийн нялх улстөрчид л XXVII их хурлын өмнө намынхаа байраар язганалдаж байна. 

Уг нь төрийн эрх барих хугацаандаа авилгыг цэцэг­лүүлж, амьдралыг нь доош явуулаад байхад ч дэмжиж л байдаг, аливаа нэг бүлэг­лэлийнхэнд шахагдан ад үзэгдэж, бялуу байтугай юмгүй үлдэж хоцорсон ч чин сэтгэлээрээ намаа өмөөрч, зүтгэж явдаг жирийн ги­шүүддээ хүрч, санал шүүмж­лэлийг өрнүүлэн, үгийг нь сонсч, тэдний санаа бод­лыг тусган шинэчлэлийн бодлогоо тодорхойлох турш­лагатай улстөрчид энэ намд байх л учиртай. 

Монголын нийгэмд гарч болох гажуудал хэтийдэл бүхнийг хянах, засах том үүргийг ард түмэн МАН-д үүрүүлчихээд хэрхэхийг нь харж сууна. Хүчтэй, чадварлаг сөрөг хүчин байж улстөрийн хүчтэй намын хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэх ёстой юу гэвэл ард олонхоороо тийм гэх нь тодорхой. 

Харин яаж өөрчлөгдөн шинэчлэгдэх ёстой вэ гэдэгт гэнэтийн баатар шинэчлэгчид биш, Ө.Энх­түвшинг хэн нэгнээр сольж ч биш, намын үзэл баримтлал, үнэт зарчим, улстөрийн онолоо шинэчилж байж МАН орших эс орших оо ярих цаг иржээ. Улстөрийн онолгүй нам бол удаан оршин тогтнох чадваргүй, нэг ёсондоо амин сүнсгүй гэсэн үг юм. 

Оршин тогтнох амин сүнсгүй нам гэдэг нь эцсийн зорилгогүй, эрхэмлэн дээд­лэх үнэт зарчимгүй нам гэж ойлгож болно. МАН-ын хувьд өнөөдөр яг ийм байдалтайгаар үлгэн салган оршин тогтнож байгаа. 

Хэрхэхийг МАН-ын ХХVII их хурлын шийд­­вэрээс харах л үлдэж байна. Улстөрийг ши­нээр тодорхойлох, бас ши­нээр ойлгох цаг иржээ. Улс­төр гэдэг зүгээр л өөрс­дийн­хөөрөө үзээд алд, эсвэл азаа үз гэсэн ойлголт биш. Улстөр нь яваандаа аяндаа сурна гэсэн ойлголт бүр ч биш билээ. 

Шийдвэрлэх тулааны өмнө нойрмоглох МАН-аа гэж.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг