"The MongolZ" баг гуравдугаар байр эзэлснээр 150,000 ам.долларын шагнал авлаа
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн PGL Bucharest 2026 тэмцээний шигшээ шатны тоглолтууд Румын улсын Бухарэст хотноо зохион байгуулагдлаа.
1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээнд манай улсын "The MongolZ" баг гуравдугаар байр эзэллээ. Тэд уржигдар шөвгийн наймд ОХУ-ын "PARIVISION" багийг 2:1 тооны харьцаатай хожсон бол өчигдөр шөвгийн дөрөвт "FUT Esports" багт 0:2-оор хожигдсон.
Ийнхүү өнөөдөр гуравдугаар байрын төлөө Францын "3DMAX" багтай тоглож, 2:0 тооны харьцаатай илт давуу ялалт байгуулав. Уг тоглолтод "The MongolZ"-ийн тамирчид эсрэг багтаа ердөө долоохон үе алдаж, 26 үе авсан бөгөөд "Techno" буюу М.Содбаяр хамгийн өндөр үзүүлэлтэй тоглолоо.
Түүнчлэн манай баг 2026 он гарснаас хойш өндөр чансаатай таван тэмцээнд оролцож, анхныхаа медальт байрыг эзэлж байна. PGL Bucharest 2026 тэмцээний гуравдугаар байр эзэлснээр 150,000 ам.долларын шагнал авч, дэлхийн чансааны дөрөвт бичигдэж эхэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
