Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Энхболд МАН-ын хувь заяаг хувааж атгах уу

Б.Өнөртогтох
2013 оны 10 сарын 23
Монголын мэдээ
Хоёр Энхболд МАН-ын хувь заяаг хувааж атгах уу

МАН дэд даргатай байх асуудлыг ярьжээ
 
Өнгөрсөн даваа гарагт хэвлэлийнхэн МАН-ын 25 гишүүнийг “эрэн сурвалжлав”.

Учир нь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд бүлгийн хурал хийх гэж “халтуурдаж”, Н.Алтанхуяг сайдын хэлсэн “авли­гаж­сан төсөв” гэдгийг шалгуулна гэж хальтхан мэ­дээлэл өгчихөөд үргэлжлүүлэн хуралдана гэ­сээр гарч одсон юм.

МАН-ын бүлэг үргэлжлэн ямар асууд­лаар хуралдах вэ гэдэг нь сэтгүүлчдийн ан­хаар­­лыг татаж байсан ч тэд Төрийн ордонд ч, на­мын байрандаа ч олдохгүй сураг алдрав.

Гэтэл бүлгийн хурал Туул голын эрэг дагуу байр­­­лах хотын төвийн гад­­­нах тан­саг амралтын газар бол­­­жээ.

Энэ хуралд МАН-ын бүл­­гийнх­нээс гадна Удирдах зөв­­лөлийн ги­шүүд нь хүрэлцэн ирж 27 ду­гаар Их хурлын эргэн той­­рон дахь асуудлыг хөндөж ярилц­сан гэ­нэ. Хөгжлийн хө­төлбөр бо­ловс­руулахад ги­шүү­дийн саналыг тус­­гах, МАН-ын Их хурал дээр на­мын дарга Ө.Энхтүвшингийн та­­вих илтгэл зэрэг нэлээд олон асууд­­лыг тэд хөн­дөж ярилцсан байна. 

Мөн ху­ралдаанаар ярьсан хамгийн чухал асуудал бол МАН-ын дүрмийн өөрчлөлтийн асуудал юм. Энэ нь МАН дэд даргатай байх уу, үгүй юу гэдэг асуудал байсан аж.

М.Энхболд гишүүн ал­бан ёсоор МАН-ын даргад нэр дэв­­шинэ гэдгээ мэдэгдсэн гээд тун халуухан хурал болжээ

МАН-ын дарга, генсекийн ажил үүргийн чиглэлийг тодорхой бол­гох, мөн дэд даргатай байсан тохиолдолд ямар чиг үүрэг гүй­цэтгэх талаар ярьж, үүнийгээ 27 дугаар Их хуралд тавьж санал хураалгахаар шийджээ.

“River beach resort”-тод 15.00 цагаас эхэлж хуралдсан хурал 22.00 цаг хүр­­гэн тарж, М.Энхболд гишүүн ал­бан ёсоор МАН-ын даргад нэр дэв­­шинэ гэдгээ мэдэгдсэн гээд тун халуухан хурал болжээ. Ингэс­нээр МАН-ын даргаас гадна дэд даргад өрсөлдөх хүмүүсийн ширүүн тулаан эхэлсэн бололтой. МАН-ынхан дотооддоо тун ч их хагаралтай байгаа.

М.Энхболдын нүүдлийг таашаахгүй нөхдүүд Н.Энх­болдыг гаргахаар хор най­руулж, нөгөө талд нь генсекээр суух гэсэн хэсэг бүлэг нь бү­лэглэл, фракциа идэвхжүүлээд үнэн­дээ бол МАН-ын гишүүдэд төр засгийн ажил чухал биш бол­чихоод байгаа. Тэдний намын аж­лыг урдаа тавьж төрийн ажлыг цал­гардуулж бай­гаа жишээ хан­галттай бий. 

Ямар ч үед МАН-ын­хан намын до­тоод асуудал бо­лон Их хурал, Бага хуралд тө­рийн ажлаас илүү анхаарал тавьж, улстөржсөн байдлаар асуудалд хандаж ирсэн. 2013 оны Төсвийн тодотгол, 2014 оны төсөв хэлэлцэх чухал асууд­лууд байхад “авлигажсан төсөв” гэ­сэн жижигхэн шалтгаан тоочиж, төрийн ажилд бус намынхаа Их хуралд хэтэрхий их анхаарал хандуулж байгаа нь ч илхэн байна.

Ардын нам дотоод хагарлаа нуух гэж Их хурал болон Байнгын хороон дээр нэг дохиогоор ажил­­лах гэж оролдож байгааг ч нуу­гаад яах вэ. Дуугарч байгаагүй, дуугарахыг хүсдэггүй байсан хү­мүүс нь хүртэл “хэл” орж эхэлсэн нь энэ нам Их хурлаас өмнө хүч­тэй сөрөг хүчин мэт харагдах гэсэн арга ядсан жүжиг гэдэг нь харагдаад байгаа юм.

Үнэндээ МАН-ын даргад өрсөлдөж байгаа хүмүүсийн хувьд хүчтэй лидер гэж оноогоод нэрлэчихмээр хүн ал­га. Өрсөлдөж байгаа хүмүүс нь хүч тэнцүү байгаа учраас нам до­тор жинхэнэ “халуухан” тулаан болж байна. 

Ардын намд дипломатчид биш жинхэнэ улстөрчид хэрэгтэй байна 

МАН-ын төв байр

МАН-ын Их хурлын ганцхан зорилго нь мэдээж нэр төрөө сэр­гээх. Алдагдаж одсон, амжилт да­гуулсан он жилүүдээ эргэн ирүү­лэх, ирэх жилүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй болгох гэсэн үүднээс тэд Их хуралдаа тун их ач холбогдол өгч байгаа. МАН-ын гол алдаа нь дипломатчаар улс төрийн намыг удир­дуулж, дипломат алба, улс төр хоёрыг ялгаж салгаагүйдээ, тэд алдсан.

МАН сайн улстөр­чидтэй гэж ярьдаг ч намынхаа хувь заяаг Сү.Батболд гэх дип­ломатчийн гарт атгуулснаар энэ нам мөхлийн хаалгаа өөрсдөө нээ­сэн хэрэг билээ. 

Харин одоо тэ­дэнд жинхэнэ улс төр мэддэг, түүнийг хийдэг, улс төрийн намыг удирдах “ориг” улстөрч хэрэгтэй байгаа. Тиймдээ ч энэ намыг арай дөнгүүр удирдах хүнийг сон­гохоор дотооддоо өрсөлдөөн явуу­лав. Гэхдээ тэдний дунд арай дөнгүүр, илүү их итгэл хүлээлгэж чадах хүн нь М.Энхболд. Хотын фрак­цийн хүчтэй нөлөөлөл энэ хүнийг МАН-ын даргын суу­далд өлхөн суулгачих юм.

Тэ­гээд ч нэр дэвшсэн нөхдүүдээс ажил­ласан туршлагаараа арай дөн­гүүр улстөрч. МАН-ын Их хур­лын хүрээнд яригдаж байгаа асууд­луудаас харахад өрсөлдөөн хоёр Энхболдын дунд өрнөх нь тодорхой болжээ.

Өөрөөр хэл­бэл, өдөр өнжихгүй хуралдаж бай­гаа Удирдах зөвлөл хэнийг нэр дэвшүүлнэ тэр хүнийг яаж ийгээд л гаргах гэж үздэг тогтсон жишиг байдаг учраас өрсөлдөөн энэ хоёрын дунд болно гэж үзээд байгаа юм. Б.Бат-Эрдэнэ, Т.Аюур­сайхан нар заалнаас нэрээ дэв­шүүлнэ гэж байгаа ч тэдний хувьд ялах магадлал бага юм. 

Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр нэ­рээ татчихсан учраас МАН-ын дарга, дэд даргын өрсөлдөөн хоёр Энхболдын дунд өрнөх нь ээ. Үүнээс гадна МАН-ын дар­гаас илүү их хариуцлага хүлээх Ерөн­хий нарийн бичгийн даргын суудал хүн бүхний шүлсийг гоо­жуулж байна. МАН-ын Ерөн­хий нарийн бичгийн даргын суу­дал У.Хүрэлсүхэд тун их зо­хиж байсан.

Харин одоо энэ суу­далд “У.Хүрэлсүхийн тал” шиг хүн хэрэгтэй байгааг хэн бү­хэн ярьж байна. Энэ суудалд мөн л дипломатчид болон Д.Цогт­баа­тар, Б.Энхмандах нар нэрээ сой­жээ. Дипломатчидад улс төрийн на­мын хувь заяаг даатгаж сөхөрч байсан учраас тэдний хувьд дахин ийм эрсдэлтэй алхам хийхгүй биз ээ. Тэгэхээр гол өрсөлдөөн МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүх­баатар, “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарын дунд өрнөнө.

Хоёр эрхмийн хувьд ядахдаа л У.Хүрэлсүхийн дайтай удир­дах чадвар, самбаа байгаа биз ээ. Өрсөлдөөн улам ширүүсч, намын дотоод асуудал ч дажинтай байна. Үлдэж буй дөрөв хоногт юм юм л болох шинжтэй. 

Зураг