• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

МАН “Газрын зураг”-аа шинэчилнэ

Ч.Зотол, Зууны мэдээ
2013 оны 10 сарын 9
Зууны мэдээ

-У.Хүрэлсүх буцаж, С.Баяр иржээ-

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал  Тусгаар тогтнолын ордонд  өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Эхний өдрийнх албан ёсны өчигдрийнх албан бус хурал байсан гэнэ. Харин бүлэглэл, фракциуд нь тус тусдаа хуралдаж, хотын төвийн томоохон зоогийн газруудын vip өрөөнүүдэд уулзалт, ярилцлага өрнүүлж явна.

МАН-ын төв байр

Уулзалт, тохиролцооны гол сэдэв нь  удахгүй болох их хурлаар хэлэлцүүлэх намын даргад хэнийг дэмжих вэ гэдэгт чиглэж байгааг эх сурвалжууд нуухгүй байна. Мөн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулах өөрчлөлтийг дэмжих, түүнд тусгуулах саналд ч бүлэг, фракциудын  байр суурь зонхилох нь дамжиггүй юм.

Удирдах зөвлөлийн хурал уржигдар  буюу даваа гаригийн үдээс хойш албан ёсоор эхэлсэн.

Хурлын тов 14 цагт гэж зарлагдсан ч  16 цагт болон хойшилж, тэр нь 17.30 цаг болж сунжирсан нь цөөнгүй гишүүдийг бухимдуулаад авсан. Энэ удаа намын их хурлын өмнө зарлан хуралдуулах Бага хурлын тухай хэлэлцжээ.

Түүгээр их хуралд оруулж хэлэлцүүлэх  “Монгол улсын хөгжлийн бодлого” баримт бичгийг ярихаас гадна намын их хурлын төлөөлөгчдийг сонгож буй анхан шатны байгууллагуудаас мэдээлэл сонсохоор хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байна.  

Мөн МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдийг анхан шатны үүрээс чөлөөт өрсөлдөөнөөр сонгох хурлуудыг даваа гаригаар тасалбар болгон хаажээ.

Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн ч хаалттай үлдээсэн нэг сэдэв нь эдийн засгийн асуудлаар УИХ дахь намын бүлгээс хийх энэ намрын улс төрийн тоглолт ямар байх тухай  байжээ.  

Энэ асуудлаар эдийн засагч гишүүдийн ажлын хэсэг хүртэл гарган ажиллуулсан гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Энэ бүхэн бодитой болох нь ийнхүү батлагдаж байна.

Тэгэхээр МАН  энэ асуудлаар Н.Алтанхуягийг огцруулах, улмаар засагт орж сайдуудаа томилоход ихээхэн зүтгэл гаргах нь ойлгомжтой. Энэ чиглэлд С.Баярыг АН-тай яриа, хэлэлцээ өрнүүлж явна гэсэн  яриа хөөрөө гарсан нь ч оргүй биш бололтой.

Эдийн засгийн асуудал, Засгийн газрын алдааг нэгбүрчлэн  хэлэлцэж тоглоомын дүрэм боловсруулах  үеэр Удирдах зөвлөлийн гишүүд хоорондоо маргалдаж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар хоорондоо хатуу үг чулуудалцжээ.

Лав л “Чиний мэддэг гэж юу байсан юм” хэмээн чанга дуугарч байсан нь хэвлэлийнхний сонорт хүрсэн байна. Харин зарим нь “Харганын ноос түүж унгас нэхнэ” гэгчээр  засагт орчих юм шиг бодож хэрүүл уруулд хүрээгүй байлтай хэмээн шоолж явна.

МАН-ын одоогийн мөрдөж буй намын дүрэм, мөрийн хөтөлбөр ялсан үеийн буюу эрх баригч намын нөхцөл байдалд тохирсон баримт бичгүүд буй.

Тэгвэл одоо ялагдсан нам ямар бодлого баримтлах вэ,  ямар хөтөлбөр дэвшүүлэх вэ, дүрмээ хэрхэн шинэчлэх вэ гэдэгт толгойгоо гашилгаж байгаа нь нууц биш.  

Нэг ёсондоо хамрах хүрээгээ тодорхойлох,  гишүүд, дэмжигчиддээ хэрхэн ойртох, өрсөлдөгч намуудтай хэрхэн харилцаж хамтран ажиллах талаарх газрын зургаа шинэчлэхэд МАН ихээхэн анхаарч байгаа бололтой.

Эцэст нь ялагдаж эрч хүч нь суларч итгэл алдарсан энэ намыг хүнд хэцүү үед хэн удирдаж ялалтад хүргэх вэ гэсэн тооцоо, судалгааг  тал талаас нь эрвийх дэрвийхээрээ гаргаж иржээ.

Хэдийгээр намын дүрэмдээ чөлөөт өрсөлдөөнийг тунхаглаж “Намын гишүүн хэн ч өөрийн нэрийг дэвшүүлэх эрхтэй” гэж буй ч намыг авч явах лидерийн нэр хүнд, мэдлэг чадвар, арга барил, улс төрийн  туршлага,  зангараг, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эсэх, рейтингийг ихээхэн тооцоолох учиртай.

Тэрхүү жагсаалтад хууччуулаас М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж, залуучуудаас С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Э.Мөнх-Очир, Ц.Мөнх-Оргил   нарын нэр дуулдаад удаж байгаа.

Тэр бүү хэл зарим эрхмийн нэр Бага хурлаас тодорхой болж их хурлаар батлагдах л үлдсэн мэтээр нэг хэсэг л сонины нүүр чимсэн. Тэгвэл  нэг хүний нэр тодорхой болж гишүүд бүгд байр сууриа нэгтгэсэн зүйл байхгүй гэнэ.

Тэр бүү хэл тухайн өдөр заалнаас нэр дэвшүүлэх эрх ч нээлттэй байгаа гэв. Мөн тодорхой хэсэг, бүлгийн зүгээс  Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарт итгэл үзүүлье гэж байгаа. Энэ саналыг дэмжүүлэх чиглэлээр уулзалт, тохироо хийж яваа нөхдүүд ч байгаа гэх хүн  цөөнгүй тааралдаж байна.

Дугаар шилжих мөчид дуулдаж буй мэдээллээр МАН-ын их хурал энэ сарын 27-30 нд болно. Их хуралд С.Баяр оролцож улс төрийн гол хорыг найруулахаар болсон бол У.Хүрэлсүх Монголдоо ирж хэсэг хугацаагаар байгаад саяхан буцсан. Намын их хуралдаа  амжиж ирэх, эсэхээ тодорхой хэлээгүй гэв.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг