ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Жанцанноров: Хэнээр ч амаа бариулахгүй, яагаад гэвэл би зүгээр нэг баарны дуучин биш

Н.Пунцагболд
2016 оны 2 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”.

Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж байгаа билээ.  Тэгвэл энэ удаагийн дугаартаа Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноровын  “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та өөрийгөө танилцуулах­­гүй юу.  Нэр, нас, өндөр гээд л...?

-Намайг Н.Жанцанноров гэдэг. Би 17 дугаар жарны шороон үхэр жил буюу 1949 онд төрсөн. Харин иргэний үнэмлэх дээр 1948 онд төрсөн гэж бичсэн байгаа. Тэгэхээр одоо 70 дөхөж байна гэсэн үг үү. Ингэж төрсөн он иргэний үнэмлэх дээр зөрүү байгаа нь учиртай, 1956 онд Монгол Улсад хүн амын тооллого болсон. Тэр үеэр хүүхдүүдэд төрсний гэрчилгээ олгож эхэлсэн. Түүнээс өмнө гэрчилгээгүй байсан юм.

Намайг сургуульд ороход манай эцгээс “Танай хүүхэд хэдэн настай вэ” гэж асуухад нь “Ирснээр нь хэлэх юм уу, гарснаар хэлэх юм уу” гэж өөдөөс нь асууж. Тэгэхээр нь сургуулийнхан “Хүн юм чинь ирснээр нь хэлнэ биз дээ” гэхгүй юу. Тэгээд есөн настай гэж хэлсэн гэсэн. Аав маань ээжийн гэдсэнд бүрэлдсэн жилийг оролцуулж, есөн настай гэж хэлж. Ингээд л иргэний үнэмлэх дээр 1948 онд төрсөн гэж бичсэн хэрэг. Би гуравдугаар бүлгийн цустай. Гайгүй элбэг цусны бүлэг гэж үздэг. Өндөр 180 см. Жин 80 кг. Мэргэжил гэвэл, би хөгжмийн зохиолч, хөгжим судлаач. 

-Та ямар шашин шүтдэг вэ?

-Би өөрийгөө шашин шүтэгч гэж зоригтой хэлж чадахгүй. Харин эрхэмлэгч бол мөн. Тийм болохоор бурханы шашныг эрхэмлэгч гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, би бурханы шашныг байгаль, хүн хоёрын харилцаанд хийж байгаа үзэл санааг нь хүндэтгэдэг. Тиймдээ ч ёс жаягийг нь дагахыг хичээдэг.

Бид чинь шашны их нимгэн боловсролтой хүмүүс шүү дээ.

Тэгээд жилийн заслаа өөрийнхөө итгэлтэй хүмүүсээрээ хийлгэчихдэг. Түүнээс биш шүтэгч бол биш. Яагаад гэвэл бид чинь шашингүй үзлээр өссөн. 1990 оноос хойш шашин сайхан дэлгэрсэн болохоор би шашин шүтдэг гэж худлаа яриад яахав. Бид чинь шашны их нимгэн боловсролтой хүмүүс шүү дээ.
 
-Та гэр бүлээ танилцуулаач?

-Би дөрвөн хүүхэдтэй. Том охин маань мэргэжлийн морин хуурч. Миний найз, морин хуурч Батчулуун морин хуур зааж өгч, мэргэшүүлсэн. Одоо Морин хуурын чуулгад ажилладаг. Дараагийн охин маань нягтлан бодогч мэргэжилтэй.

Одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа. Миний хүү Японд Урлагийн их сургууль төгссөн. Мэргэжил нь хөгжмийн зохиолч, урлагийн менежер. Баг охин маань Дүрслэх урлагийн их сургуульд зураач мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Бас сайхан дуулчихна.

-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг. Тэгвэл таны хэлэх дуртай үг?

-Тийм үгэнд дуртай гэж онцгойлж хэлэх юм алга. Гэхдээ “Мэдээний хэрэг” гэж нэг үг бий. Болох юм болдгоороо л болж гэсэн санаа. Мэдээж шүү дээ, мэдээний хэрэг гэдэг үгийг л их хэрэглээд байдаг юм. 

-Сонирхол болон хобби тань юу вэ?

-Хүмүүс болохоор марк энэ тэр гээд янз бүрийн юм цуглуулдаг гэсэн. Надад бол цуглуулаад байсан юм байхгүй, ховор. Оюутан байх үеэс үзэг нэлээд сонирхож, цуглуулж байсан. Сүүлийн үед компьютер гараад, үзэгний хэрэгцээ ч бага болсон байна. Тэгээд ч зав зай бага болохоор үзэг цуглуулахад нэг их анхаарсангүй. Ерөнхийдөө хоббидоо гаргах цаг бага байж. 

-Бүр багадаа та ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?

-Их тодорхой. Би математикч болно гэж боддог байсан. Түүгээрээ их амжилт гаргаж байсан. Математикийн уралдаан тэмцээнд их ордог байлаа. МУИС-ийн Механик инженерийн ангийн хуваарь өгч байсан шүү, 10 дугаар анги төгсөхөд. Ерөнхийдөө математик талдаа гайгүй байсан. Би багаасаа л тоогоор амьдралаа авч явж байсан гэх үү дээ.

Манай нутаг айраг сайтай газар. Айргийг нэг саамны хооронд 2,500-гаас доошгүй бүлэх ёстой байлаа. Би ганцхан ахтай. Надаас дөрвөн насаар ах. Бид хоёр л айргаа халуун наранд бүлнэ. Ахтайгаа хоёулаа хуруудана.

Айргийг нэг саамны хооронд 2,500-гаас доошгүй бүлэх ёстой байлаа. 

Хожигдсон нь 100 бүлэх ёстой.  Хэрвээ хуруудах болгондоо хожигдвол сугаа өвдтөл айргаа 2,500 удаа бүлнэ биз дээ. Тэгэхээр ахыг хожихын тулд хуруугаа яаж гаргах вэ гэдгээ тооцно. Манай нутагт 20 хурууны хуруу гэж байдаг, дэмбээнээс арай өөр. Түүнээс гадна ах намайг хуурч, 99 юм уу 98 бүлэх гэж байна уу гэдгийг хянаж суух хэрэгтэй болно.

Тэгээд ах 1,500 бүлэх ёстой бол яс тоолно. Өчигдөр ах 1,500 бүлсэн, би 1,000 бүлсэн. Өнөөдөр чадвал 1,600 удаа бүлүүлж чадвал сайн. Сард миний ах тэдэн мянга бүллээ гэдгийг ч тооцож байх ёстой. Тэгээд хонь, хурга тоолох гээд л тооны хичээл багаас минь миний толгойд сууж байсан хэрэг. 

-Тэгвэл та яаж яваад хөгжмийн зохиолч болчихсон юм бэ?

-Багшийн сургуулийн хөгжмийн ангийг Д.Жанчив гэдэг хүн байгуулсан юм билээ. Тэр сургуулийн анхны төгсөгчдийн нэг болох н.Очирбат гэдэг багш манай Хужиртын 10 жилд дууны багшаар очсон юм. Их хөөрүү сэтгэлтэй, сайхан хүн байсан. Сүүлд хөгжмийн мэргэжилтэй болоод, багшийнхаа тухай эргээд бодоход тийм ч өндөр боловсролтой хүн байгаа юм билээ. 

Чингис хаан Самаркандаас Алтай даваад орж ирэхэд нутаг нь цэнхэртээд харагддаг зураг байдаг юм. Тэр хэсгийн аялгууг олчихоод, симфони оркестр ингэж тоглонодоо гэж төсөөлөх үед нулимс унаж байлаа. Өмнө нь зургийг нь үзсэн байсан болохоор аялгуугаа бодоод, төсөөлөхөд үнэхээр сэтгэл хөдөлдөг юм билээ. 

Гэхдээ хөгжмийг сайхан гэдгийг хүмүүст ойлгуулж, мэдрүүлж чаддаг тийм хүн байсан. Би айрагтай газрын хүүхэд учраас багаасаа л уртын дуу дуулдаг байсан. 100-гаад уртын дуу мэддэг байсан шүү. Тэгээд л н.Очирбат багш ирж, бүлгэм байгуулахад би баян хуур хөгжим тоглодог болсон.

Үлээвэр хөгжим ч тоглоно. Хужирт тухайн үедээ соёл урлаг их өрнөсөн газар байлаа. Яагаад гэвэл улсын амралт байсан. Гадаадууд ирсэн ч Хужиртаар, Эрдэнэзуугаар орно. Социализмын үеийн юм яриад байна шүү би. 

Харин амралтад Улаанбаатар хотоос томчууд очиж амарна. Тиймээс хөдөөгийн бөглүү сум шиг биш газар байсан. Тийм болохоор бүлгэмд ороод, хөгжим тоглож, амрагчдад тоглолт хийж өгдөг байлаа. Ингээд л 10 дугаар анги төгссөн. Надад Механик инженерийн ангийн хуваарь байсан.

Гэтэл багш маань манайд мотоцикльтой очоод, аавтай уулзаж, өөрийнхөө төгссөн сургуульд оруулмаар байна гэж хэлсэн. Гэтэл аав маань “Би 10 жилийн өмнө энэ хүүхдийг засагт өгсөн. Тийм болохоор засаг л толгойг нь мэдэх ёстой. Та нар аваад яв” гэсэн. Тэгээд л багш дагуулж ирээд, Багшийн сургуульд шалгалт өгүүлсэн. Шалгалтын хугацаа дууссан хойно ирсэн болохоор тэтгэлэггүй орж байлаа. Харин хагас жилээс хойш хасагдсан хүүхдийн оронд орж, жинхэлж байсан юмдаг. Ингэж л Багшийн сургуулийн хөгжмийн ангид орж, хөгжмийн зохиолчийн замыг сонгосон доо.

-Та хэрвээ бухимдвал яаж тайлдаг вэ?

-Бухимдуулаад байгаа зүйлээсээ өөр юм боддог. 

-Хүмүүс таныг ямар зан чанартай гэдэг вэ?

-Тэднээс л асуусан зөв байх.
 
-Харин та өөрийгөө юу гэж боддог вэ?

-Би илэн далангүй маягийн л хүн. Тийм болохоор илэн далангүй хүн юмдаа гэж бодоосой гэж хүсдэг юм болов уудаа. Бусдаас л энэ талаар асуусан дээр байх. 

-Таны хамгийн дуртай спорт?

-Багийн спортуудад дуртай. Тулааны спортод бол дуртай биш. Бокс, сэлэм жадаар тулалддаг спортыг би спортоос арай өөрөөр ойлгодог. Харин багийн спорт бол агуу. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийг үзэх дуртай. Багийн спорт чинь их сайхан шүү дээ. Залуудаа би сагс их тоглож байлаа. 

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?

-Согтууруулах ундаа гэдэг нэр нь зөв болов уу. Ер нь бол архи, дарсны зүйлийг л хэлж байгаа хэрэг шүү дээ. Хүний цусны хөдөлгөөн, сэтгэцэд өөрчлөлт оруулдаг эд. Сайхан зүйл шүү дээ. Яагаад вэ гэвэл, аливаа зүйлд ухаалаг хязгаар гэж нэг юм бий. Ухаалаг хязгаар тавьчихсан цагт тэрийг болно, үүнийг болохгүй гэж хорино гэдэг өөрөө сайхан зүйл биш. Ухаалаг хязгаарын л асуудал байна. 

-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?

-Яг аль утгаар нь асууж байгааг би ухаж чадсангүй. Минийхээр итгэл, үнэмшил хоёр л байна. Эд материал, эцэг, эх, эх орон гэхээсээ илүүтэй итгэл, үнэмшил хоёр миний үнэт зүйл байх ёстой. Итгэж чадаад, түүндээ үнэмшиж чадвал тэр миний үнэт зүйл байх юм. Бурхан ч байна уу, буг ч байна уу хамаагүй. 

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

-Ёстой хэмжүүр тавьж үзээгүй юм байна. Харин өөрийгөө тоох үе байлгүй яахав. Би хөгжмийн зохиолч мэргэжилтэй. Нэг дуу юм уу хөгжим биччихээд, дуулах гэж байгаа дуучин, тоглох хөгжимчиндөө сонсгоно доо. Тэгэхэд дуучин, хөгжимчин хоёрт үнэхээр сэтгэлд нь хүрч байгаа юм шиг мэдрэгдвэл надад таатай сэтгэгдэл төрдөг. Ямар ч байсан би бодсоноо хийсэн юм байна гэж бодож, таатай санагддаг. Тэгэхээр аливаа зорьсон, санасандаа хүрсэн анхны мэдрэмж нь өөрийгөө тоох мэдрэхүй байж болох нь. 

-Албан тушаалыг алдар хүнд, мөнгө хөрөнгө ирэх үү?

-Тогтолцооны төвшинд авч үзэх юм бол арай өөр ойлголтууд гарч ирнэ. Хуучин социалист нийгэмд, мөнгө хураадаггүй үед албан тушаал нэр хүнд авчирдаг, хөрөнгө авчирч чаддаггүй байсан байх.

Албан тушаалыг өөрөөр ухаарах цаг холгүй байгаасай гэж бодож байна даа. 

Харин одоо бол нэр хүнд гэхээсээ илүүтэй мөнгө авчрах нь албан тушаал чухал юм шиг ойлголт бий болсон байна. Албан тушаалыг өөрөөр ухаарах цаг холгүй байгаасай гэж бодож байна даа. 

-Та хэр шүүмжлэлд өртдөг хүн бэ?

-Уран бүтээлчид үргэлж л шүүмжүүлж байдаг хүмүүс шүү дээ. Энэ гурван хүний хоёрт нь миний бүтээл хүрч магадгүй. Тэр гурван хүний нэгт нь хүрч магадгүй юм. Тийм учраас үргэлж шүүмжлэлийн дунд байгаа гэдгээ би ухаардаг. Харин нийгмийн талаас шүүмжлүүлдэг юм надад байдаг. Түүнийг өөртэй чинь уулзсан дээр хэлчихсэн нь зүйтэй гэж бодож байна.

Намайг манай сонгуулийн тогтолцоо ийм байна. Эсвэл манай засаглал тийм байна ч гэдэг юм уу. Үгүй бол манайд Сатай сайд шиг түшмэл алга аа гээд хэлчихээр “Жанцанноров оо, чи хөгжмөө цохио.

Битгий улс төр гэж яриад бай” гэж хүмүүс сэтгэгдэл бичдэг. Уран бүтээлч гэдэг тэнгэр харж байгаад сайхан бүтээл хийчихдэг юм биш. Тэр уран бүтээл өөрөөс нь төрдөг гэхээсээ илүүтэй тухайн цаг үе нь, нийгэм нь төрүүлдэг.  Хэрвээ тийм бүтээл сайн болдог бол тухай нийгмийг ухаарч ойлгохгүйгээр сайн бүтээл туурвих тухай асуудал байж болохгүй.  Моцарт ч, Бетховен ч, Достоевский ч тэгсэн. Толстойг тэгээгүй гэж үзэх үү, бид.

Дайн ба энхийг юу гэж үзэх юм. Тэгэхээр тухайн нийгмийнхээ үйл явцыг ухаарахын төлөө явж байгаа хүн чинь өөрийнхөө хэмжээгээр ойлгож, мэднэ биз дээ.

Ойлгож ухаарсан үед болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг нь өөрийнхөө санаагаар хэлж, илэрхийлж яагаад болохгүй гэж . Тэгэхээр би улстөр хийж байгаа юм биш. Ухаан санаагаа уралдуулж байгаа л гэж ойлгодог. Тийм болохоор би хэнээр ч амаа бариулахгүй. Яагаад гэвэл би зүгээр нэг баарны дуучин биш. 

-Хүмүүс баяртай, жаргалтай байх үедээ дуу аялдаг. Тэгвэл та баяртай, жаргалтай үедээ өөрийнхөө зохиосон дууг аялдаг уу?

-Үгүй. Өөрийнхөө зохисон дууг аялдаггүй. Тийм юм байхгүй. Би нэг дуу зохиогоод, хүмүүс түүнийг дуулаад эхэлбэл зохиогч нь би юм шиг мөртлөө харьяалал нь надаас гараад явчихдаг юм. Тийм болохоор миний зохиосон ч бай, хүний зохисон дуу ч бай энэ минийх, тэр чинийх гээд байх юм байхгүй. Яг дуу аялах үед бол ихэвчлэн бусад хүний зохисон аялгуунууд толгойд буудаг юм. Сайхан, гайхамшигтай дуунуудыг аялдаг гэхэд болно. 

-Хүний хэрхэн, яаж явах нь юунаас шалтгаалдаг гэж та боддог вэ?

-Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийг гараг гэж ярьдаг. Үүнд 100 хувь найдах хэрэггүй гэж би боддог. Мэдээж төрсөн өдрийн төөрөг хүний амьдрал, тавиланг шийдэх ёстой гэдэг нь ойлгомжтой. Үүнд мухар сүсгээр биш шинжлэх ухаан талаас нь хандах шаардлага байгаа байх. Ер нь хүн хувь тавилангаа өөрөө л авч явах ёстой.

Хүн өөрөө асар их боломжтой. Чи хэний ч хүүхэд байж болно. Эрүүл саруул, хоёр нүдтэй, дөрвөн мөчтэй, сэтгэж чадаж л байвал чамд асар их боломж байгаа. Тэр боломжийг алдахгүй бол хувь тавилан чамаас өөрөөс чинь шалтгаална. Хувь тавилангаа бусад руу битгий чих л гэж хэлмээр байна. 

-Та хөгжмийн зохиолч болоогүй байсан бол матемитакч болох байсан уу?

-Мэдээж шүү дээ. 

-Таныг хамгийн их аз жаргалтай байсан үеэ дурсаач гэвэл?

-Аливаа зүйлийн сайн, мууг ялгаж чадахгүй байсан балчир үе л хамгийн аз жаргалтай байх.  Түүнээс өөр аз жаргалын тухай хэлэхэд хэцүү юм. 

-Та өөртөө зориулаад сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-500-600 мянган төгрөг л зарцуулдаг байх аа. Нэг их нарийн тооцоод байдаггүй шүү дээ. 

-Мөнгө яаж олж байна?

-Тэтгэвэр гэж хэдэн төгрөг авна. Ардын жүжигчний урамшуулал гэж хэдэн төгрөг авдаг. СУИС-ийн профессорын багийн ахлагч гэж явдаг, би. Тэндээс хэдэн төгрөгийн цалин авдаг. Дээрээс нь гадна, дотны хүмүүстэй  хөгжмийн юм уу  эсвэл судалгааны бүтээлийн гэрээ хийгээд ажиллавал хэдхэн төгрөг олчихдог.  

-Хамгийн анх уулзсан хүнээ та хаанаас нь эхэлж хардаг вэ?

-Нүд шүү дээ. Өөр хаанаас нь харах юм. Өөр харах газар гэж байж болохгүй. Яагаад гэвэл нүд юугаа ч нууж чадахгүй. 

-Та сэтгэл хөөрлөө яаж илэрхийлдэг вэ?

-Тайвширахыг л бодох байх даа. Аливаа зүйлд ухаалаг хязгаар гэж байх ёстой гэж би яриад байгаа биз дээ. Түүнийгээ л давахгүй байх ёстой. 

-Та залуудаа дурлалдаа шаналаад уйлж байв уу?

-Үгүй байх аа, би тийм зүйл санахгүй байна шүү.

-Тэгвэл хөгжим зохиогоод уйлж байв уу?

-Байна аа, байлгүй яахав. Маш сайн шүлэг гарт орж ирээд, тэгээд тэр дуулна шүү дээ гэж төсөөлөх үеэр нулимс гарах тохиолдол байна. Би Чингис хаан киноны хөгжим хийж байх үедээ уйлж л байсан.

 Эрүүл саруул, хоёр нүдтэй, дөрвөн мөчтэй, сэтгэж чадаж л байвал чамд асар их боломж байгаа. 

Чингис хаан Самаркандаас Алтай даваад орж ирэхэд нутаг нь цэнхэртээд харагддаг зураг байдаг юм. Тэр хэсгийн аялгууг олчихоод, симфони оркестр ингэж тоглонодоо гэж төсөөлөх үед нулимс унаж байлаа. Өмнө нь зургийг нь үзсэн байсан болохоор аялгуугаа бодоод, төсөөлөхөд үнэхээр сэтгэл хөдөлдөг юм билээ. 

-Танд таагүй ханддаг хүмүүс хэр олон байдаг вэ?

-Олон байлгүй дээ, мэдээж.  

-Таны анхны цалин хэдэн төгрөг байсан бэ?

-470 төгрөг байсан байх. Багшийн сургуулийн багшийн цалин шүү дээ.

-Тэр мөнгөө яаж үрсэн бэ?

-Ээждээ нэг 45-ын гутал авсан санагдаж байна. 

-Улс төрийг та юу гэж хардаг вэ?

-Улс төр гэдэг чинь Политика гэдэг Грек үгнээс гаралтай үг. Политика гэдэг үгийн тайлбарыг харахад, гүрэн улсаа төвхнүүлэх урлагийг улс төр хэмээнэ гэж байгаа юм. Тэгэхээр улс төрийг би тэгж л ойлгож байна. 

-Та яг юунд зориулагдсан хүн бэ?

-Та нарт л зориулагдаа биз дээ.  Би өөртөө зориулж юм хийсэн гэж хэлэхэд хэцүү юм байна шүү дээ. Хоол ундаа бол яахав дээ, өөртөө зориулж байгаа байх. Харин оюун ухаанаас гарсан бүтээлүүдийг би та нарт зориулсан. Нэг нь ч надад зориулагдаагүй. Би хүнд л зориулагдсан. Ер нь хүн хүнд л зориулагддаг байх. 

-Таны үг хэр хүчтэй вэ?

-Сонссон хүмүүсээс нь асуусан дээр байх. Би санаагаа чадлынхаа хэрээр илэрхийлчихдэг гэж боддог. Харин тэр нь яаж тусдаг вэ гэдгийг сонссон хүмүүс нь мэднэ.

-Ижил хүйстнүүдийг хараад та боддог вэ?

-Хүн төрөлхтөн хүн гэдэг жам ёсныхоо горимоос ухарч байгаагийн илэрхийлэл. Цаашид энэ асар их хүчээ авбал хүн дуусах үйл явцын эхлэл гэж ойлгож болно. Гэхдээ тэр хүмүүсийг ойлгож болох учиртай. Тэр хүмүүс тэгж төрсөн гэхээсээ илүүтэй нийгэм тийм болгосон гэдгийг бодох ёстой. Тийм болохоор тэр хүмүүсийн биш нийгмийн тухай асуудал.

Хүн жамаараа аж төрж, үр удмаа үлдээж. Үр удмаараа бахархах жам ёсны зүйлийг алдагдуулахгүйн тулд нийгэм өөрөө зөв гольдиролоор явах хэрэгтэй. Тийм болохоор энэ хүний биш нийгмийн гажуудалтай холбоотой асуудал байх. Хэрвээ гажуудал гэж үзвэл шүү дээ. 

-Та хэдэн насандаа өөрийнхөө би гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ?

-Наадах чинь бол том асуудал байна. Би таван настай байхдаа төөрчихөөд, сүүлдээ гэрээ олоод ирснийгээ бие хүн болсон гэж мэдэрсэн гэж хэлнэ гэвэл хэцүү. Бие хүн гэдэг ойлголт бол хүний хувьд төлөвшсөн нэгний тухай асуудал байж магадгүй. Хэрвээ тэр утгаар нь ойлговол би их орой би гэдэг бие хүнээ мэдэрсэн. 

-Таны хамгийн их ичиж байсан тохиолдол?

-Үүнийг би тодорхой ярьж чадна. Телевизээр нэг удаа ярьсан санагдаж байна. Би Украины хөгжмийн их сургуульд очсон юм. Хөгжмийнхөн чинь ганц ганцаараа хичээллэнэ. Миний  хөгжмийн задаргаа, шинжилгээний багш нэг эмэгтэй байлаа. 14 хоногийн дараа хичээл эхэлнэ гэж надад хэлсэн юм. Тэгэхэд нь би “Долоо хоног галт тэргээр яваад ирж байхад 14 хоногийн дараа хичээл эхэлнэ гэж хэлж байдаг.

Энэ авгай ер нь яадаг хүн бол” гэж бодож байлаа. Тэгээд л хичээл эхэлсэн, сайхан байсан. Манай багш гайхалтай эмэгтэй байсан. Зургаан хэлээр ярьдаг.

1993 оны дэлхийн шилдэг эмэгтэйгээр тодорч байсан хүн. Одоо ч амьд байгаа. 1927 онд төрсөн хүн.  Тэр үед хагас жилээр хичээлдээ очихдоо багшдаа нэг бэлэг өгье гэж бодоод, Чүлтэм гуайн Японд хэвлүүлсэн  11 ширхэг бурхны зургийг аваад явсан. Бэлэглэхийн хажуугаар монголчууд бурханаа ингэж сайхан хэвлүүлж, шүтдэг гэдгийг мэдрүүлэх гэсэн хэрэг.

Тэгээд багшдаа бэлэглэсэн. Багш маань ч маш их баярласан. “Танай Монгол Улс гайхамшигтай юм. Бурхан шүтээнээ ингэж хэвлэдэг. Харин ядам хуруугаа дарчихсан байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асуухгүй юу. Би хэлж чадаагүй. “Энэ бурхан чинь дээрээ гурван хохимой толгойтой байх юм. Яагаад ийм байгаа юм бол” гэж асуусан. Бас л хариулж чадаагүй. Дахиад хэд хэдэн бурхны талаар асуухад хариулж чадаагүй.  Тэгэхэд би 20 гаруй настай байсан. Тэр үед л ичнэ гэдэг туйлдаа хүрсэн дээ. Гэтэл багш “Та 14 хоног хичээл хойшилно гэж хэлж байсныг санаж байна уу” гэж асууж байна.

Би ч хөлс нь гоожсон хүн “Санаж байна” л гэлээ. Гэтэл “Би бурхны шашны талаар мэдлэг муутай. Чи бол миний анхны бурхны шашинтай шавь. Тийм болохоор би Украины номын санд сууж, бурхны шашинтай холбоотой ном 14 хоног уншсан. Тантай харилцахын тулд. Танай шашныг би их сайхан шашин байна гэж бодсон. Харин та өөрийн соёлыг мэдэхгүй байж, хүний соёлоос суралцана гэж ирснийг чинь би ойлгохгүй байна” гэж хэлсэн.

Тэгээд л нам болсон доо. Тэгэхэд л ичнэ гэдгийн дээд туйлд хүрсэн байх. Тэгээд би хичээлээсээ гараад бодсон, “Би юу мэдэж байна” гэж. Гэтэл юу ч мэддэггүй юм билээ. Гандангаар нэг ороод гарсан, тэгэхдээ тагтаанд будаа өгсөн байх. Чингис хааныхаа мөн чанарыг ч мэдэхгүй байсан. Харин тэндээс л Монгол хүн болох эхлэлээ тавьсан гэж боддог. Түүнээс хойш хүмүүст Монголын соёл гэж элдэв юм яриад байгаа нь тэр багшийн ач шүү дээ. 

-Цаг алт гэдэг. Тэгвэл та цаг барьж чаддаг уу?

-Би сайн барьдаг. Цаг алт гэдгийг эрт мэдэрсэн, дуулсан. Харин алт гэдэг металтай зүйрлэх нь хэр оновчтой юм. Ер нь бол цаг алтнаас ч үнэтэй шүү дээ. 

-Амжилт гэж юу вэ. Та өөрийгөө хэр амжилттай яваа гэж боддог вэ?

-Гайгүй шүү. Би дэлхийн хөгжмийн зохиолч болъё гэж бодоогүй. Энэ буруудсан юм билээ. Би Монголын гайгүй хөгжмийн зохиолч болох юмсан гэж бодоод яваад байсан. Өөрийнхөө бодсон төвшинд бол хүрсэн. Тийм учраас гутраад байх юм байхгүй. Ер нь залуу байхдаа дэлхийн төвшинд гарах боломж байгаагүй.

Социалзмын үе байлаа шүү дээ. Харин амжилт гэдэг бол миний ойлгож байгаагаар ямар нэгэн асуудалтай тулгараад, түүнийгээ хэрхэн давах талаар төсөөлж, бодож байсан. Тэр төсөөлөл нь биелэх үед л амжилтын тухай ярьж болно гэж боддог.  Гутал хаддаг хүнд ч, хөгжим зохиодог хүнд ч амжилт гэж бий. 

-Та амласандаа хүрдэг үү?

-Хүрэхийг хичээдэг. Заримдаа бие хүрэхгүй байх, цагийг сайн ашиглаж чадаагүйгээс үүдэлтэй амлалтдаа хүрч чадахгүй байх тохиолдол байна. Би нэг сайн дуурь бичнэ гэж олон жилийн өмнө сонинд ярилцлага өгөхдөө амласан. Одоо болтол гараас гараагүй л байна. Дуурь бичнэ гэдэг их хэцүү л дээ. Дуурь бол хөгжимтэй, хэдэн хүн тайзан дээр гараад дуулчихдаг гэдэг ойлголтоос өөр юм. Би Өндөр гэгээний тухай нэг дуурь шиг юм оролдоод, овоо л яваад байгаа. 

-Таныг тодорхойлох ганц үг?

-Жанцанноров. 

-Хөгжмийн долоон нот байгаа. Тэгсэн мөртлөө аялгуунууд давтагддаггүй. Хязгаар байхгүй гэсэн үг үү?

-Хувь хүн давтагддаггүйтэй яг адилхан. Яагаад гэвэл аялгууг бичиж байгаа хүний хэрэглэж буй эгшгүүд нь тоотой боловч түүний холбож байгаа сэтгэлгээ нь өөр болохоор өөр гарна шүү дээ. Тэр долоо нотыг минийхээр та холбоно гэж байхгүй. Тэгэхээр хүн л давтагдаагүй бол хөгжим давтагдана гэж байхгүй шүү дээ. Яахав, хөгжмийн бүтээл хуулж болно. Энэ чинь бохир арга байхгүй юу. 

-Та нууц хэр сайн хадгалдаг вэ?

-Бас л миний найз, нөхдөөс асуухгүй бол би хариулахад хэцүү юм байна аа. Тэгээд ч надад нууцлаад байх юм байхгүй дээ. 

-Тантай уулзаж байсан хүмүүсээс хамгийн алдартай нь?

-14 дүгээр Далай лам. 

-Дэлхийн ирээдүйн хөгжил ямар байх бол?

-Энэ биднээс л хамаарна. Монгол Улс жижигхэн юм чинь хамаарахгүй гэж болохгүй. Хамаарна. Тааж бол чадахгүй, төсөөлж харин чадна. Ер нь хүн төрөлхтөн ногоон ирээдүй гэдгээ зөв бариад л явбал бүх зүйл сайхан болох болов уу гэж төсөөлж байна. 

-Та их уурлахаараа яадаг вэ?

-Өмхий үг хэлдэг юм. Би хүнтэй хэрэлдэж чадахгүй. Ялагдах нь илүү. Хэрвээ жаахан зөрөлдвөл би тэгсгээд “Энэ хүнтэй чинь зөрөлдөөд хэрэггүй юм байна” гэж бодож, тэр нөхрийн зөв байх тал руу оруулаад, дуусгадаг. 

-Таны дургүй үг?

-Харааланд их дургүй. Бараг хэлдэггүй. 

-Таны залуудаа мөрөөдөж байсан мөрөөдлөөс хэр биелсэн бэ?

-Нэг их мөрөөдөгч байгаагүй. Багадаа тэнгэрт хүрэх юмсан гэж боддог байсан. Би тэнгэрт хүрсэн. Сансарт бол гараагүй. Онгоцоор нисээд, тэнгэрт гарсан. Түүнээс биш тийм хөшөө босгуулчих юмсан гэж мөрөөдөж байгаагүй. Уран бүтээлийг бол хийх гэж бодсоноо л хийсэн. Харин шинжлэх ухааны ажлыг энэ үндэстэнд хийх ёстой гэж хийсэн юм. 

-Хамгийн сайн мэддэг гадаад хэл?

-Орос хэл. 

-Хамгийн сүүлд хэзээ сэтгэлээсээ инээсэн бэ?

-Саяхан Өвөрмонголд явж байгаад нэг болсон явдал сонсоод үнэхээр их инээсэн юм байна. 

Зураг