“АмЧам Монгол”-ын аравдугаар сарын хэлэлцүүлэг “Монгол Улсын чухал ашигт малтмалын ирээдүй” сэдвээр зохион байгуулагдав
УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2026 оны 10-р сарын 2-ны өдөр ээлжит хэлэлцүүлгээ Блью Скай зочид буудлын хурлын танхимд “Монгол Улсын чухал ашигт малтмалын ирээдүй” сэдвийн хүрээнд, эрдэс баялгийн салбарын төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллага, бодлогын шинжээч зэрэг мэргэжлийн хүмүүсийн оролцоотой зохион байгуулав.
10-р сарын хэлэлцүүлэгт “ЕСБХБ”-ны Суурин төлөөлөгч ноён Жахан Шамсиев, Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга ноён Эйбл Ломакс, “АмЧам Монгол” ГҮТББ-ийн Бодлогын шинжээч хатагтай Л. Бямбаханд нар панелистаар уригдан оролцож, “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Корали Прин модератораар хэлэлцүүлгийг удирдан явуулав.
Мөн өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Вашингтон хотод төвтэй “Хувийн хэвшлийг дэмжих олон улсын төв” (Center for International Private Enterprise)-ийн Хариуцлагатай хөрөнгө оруулалтын газрын дарга ноён Эрик Хонтз, Хөтөлбөрийн ажилтан хатагтай Жессика Пенн нар Улаанбаатар хотноо айлчилж, хурлын нээлтэд оролцон үг хэллээ.
Ноён Хонтз нээлтийн үгэндээ “Миний нүдээр Монгол Улсад асар их боломж, бололцоо харагдаж байна. Тэдгээрийг бодит ажил хэрэг болгох хууль, эрх зүйн дүрэм, зохицуулалтууд тод байна. Гагцхүү тэдгээрийн хэрэгжилт болон гүйцэтгэлийг урт хугацаанд, тогтвортой авч явах нөхцөл бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй” хэмээн хэлэв. Хурлын панелистууд мэргэжлийн зөвлөгөө, өөрсдийн саналыг илэрхийлж, Монгол Улсын чухал ашигт малтмал нь дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд хэрхэн байр сууриа олох талаар хэлэлцэв.
Арга хэмжээний төгсгөлд АмЧам Монгол шинээр элссэн дөрвөн гишүүн байгууллагаа хүлээн авч, гишүүнчлэлийн гэрчилгээг гардуулан өглөө.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
