Гурван дээд амжилт эвдсэн Хятадын 13 настай усанд сэлэлтийн тамирчин Азийн наадмын MVP боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Японы Нагоя хот, Айчи мужид зохион байгуулагдсан Азийн наадмын үеэр гурван ч төрөлд дээд амжилт тогтоосон Хятадын 13 настай усан сэлэлтийн тамирчин Юү Зиди тус наадмын  эмэгтэй “Шилдэг тамирчин” (MVP) болжээ.

2028 оны Лос-Анжелесын Зуны Олимпын наадамд гялалзах ирээдүйтэй харагдаж буй энэхүү сурагч охин 200 метрийн эрвээхэй сэлэлт, 200 болон 400 метрийн холимог сэлэлтийн төрлүүдэд наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, өөрийн ховор авьяасаа батлан харуулсан юм.

Тэрбээр өнгөрсөн онд 12 настайдаа буухиа сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн залуу медальтан болж байв.

Гэсэн хэдий ч тэрбээр Ням гарагт уг өргөмжлөлийг хүртсэнийхээ дараа сэтгүүлчидтэй уулзахдаа "Хүмүүсийн ярьдаг шиг гоц авьяастан гэж би өөрийгөө бодохгүй байна" гэж хэлжээ.

Юү Зиди цааш нь "Би шаргуу бэлтгэлээ үргэлжлүүлж, өөрийгөө сорьж, Азийн залуу тамирчидтай хамтран ажиллахын зэрэгцээ илүү олон залуучуудыг спорт, ялангуяа усанд сэлэлтэд дурлаж, хичээллэхэд нь урам зориг өгөх болно" гэж ярьсан байна.

Эрэгтэйчүүдийн ангилалд 100 болон 200 метрийн гүйлтийн төрөлд хос ялалт байгуулсан Тайландын 20 настай тамирчин Бунсон Пурипол "Шилдэг тамирчин"-аар шалгарчээ.

$25,000-ын шагналын мөнгөө юунд зарцуулах тухай асуултад тэрбээр "Энэ мөнгийг гэр бүлдээ болон ирээдүйн зорилгодоо хүрэхэд чиглэсэн өөрийгөө хөгжүүлэх үйлсэд зарцуулна" гэж хариулсан байна.

100 болон 200 метрийн зайн гүйлтэд Азийн наадмын дээд амжилтыг шинэчилснийхээ дараа тэр Лос-Анжелесын олимпыг зорих зорилго тавиад байгаа юм.

"Энэ удаагийн тэмцээнд дэлхийн хэмжээний олон тамирчин оролцсон тул 'Шилдэг тамирчин'-аар шалгарсан нь Лос-Анжелест медалийн тавцанд гарах боломжтой гэх итгэлийг надад төрүүлж байна" гэж Пурипол хэлжээ.

 

Эх сурвалж: AFP