Сурагчдын бослого тэмцлийн улмаас өнөөдөр Франц даяар 500 орчим сургууль хичээлээ хаана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн өдрүүдэд Франц улсад цагдаа нар болон сурагчдын хооронд мөргөлдөөн үргэлжилж байгаагийн улмаас Даваа гарагт 500 хүртэлх тооны сургууль хэсэгчлэн эсвэл бүрмөсөн ажиллахгүй болсныг тус улсын боловсролын сайд Ням гарагт мэдэгджээ.

Тухайлбал аюулгүй байдлын нөхцөл хангагдаагүй шалтгаанаар 400-500 орчим ахлах сургуулийн хичээлийг "бүрмөсөн эсвэл хэсэгчлэн зогсоох" болсныг сайд Эдуард Жеффрей мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш 24 сургууль “галдан шатаах болон тонон дээрэмдэх" халдлагад өртсөнийг мэдэгдэлдээ дурдсан байна.

Боловсролын тогтолцооны стандартын асуудлаар олон мянган сурагч оролцсон эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн долоо хоногт Парис хотод эхэлсэн бөгөөд уг хөдөлгөөн одоо Монпелье, Нант, Марсель зэрэг бусад хотуудад ч тархаад байгаа юм.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ахлах сургуулийн сурагчид болон бусад хүмүүс багшийн хүрэлцээ муу, анги дүүргэлт хэт их, сургуулийн барилга байгууламж хуучирч муудсан зэрэг асуудлыг шийдвэрлэхийг эрх баригчдаас шаардаж байна.

Баасан гарагт Францын хууль зүйн сайд Жеральд Дарманин тус улсын 3,700 сургуулийн 735 нь хүчирхийлэл дагуулсан эсэргүүцлийн ажиллагаанд "ямар нэгэн байдлаар" автсан болохыг мэдэгдэж байв.

Боловсролын сайд Даваа гарагт нөлөөнд өртөж болзошгүй сургуулиудын тоо Баасан гарагийн үзүүлэлттэй ойролцоо байж болзошгүйг анхааруулсан ч "хичээлийг хэсэгчлэн, шат дараатайгаар сэргээх”-ийг амлажээ.

"Ялангуяа хэт зүүний үзэлтэй идэвхтнүүд ахлах сургуулийн сурагчдын хөдөлгөөнд нэвтэрч, уг хөдөлгөөнийг сурагчдын гараас булаан авч, хэрээс хэтэрсэн хүчирхийлэлд турхирч байна" гэж Эдуард Жеффрей мэдэгдсэн юм.

Сайд мөн боловсролын салбарын 78 ажилтан гэмтэж бэртсэнийг дурдаад, үүнийг "урьд өмнө хэзээ ч байгаагүй үзэгдэл" гэж тодорхойлсон байна.

Францын дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн мэдээлснээр Баасан гарагт улс даяар 1,747 хүн баривчлагджээ.

Жагсаалыг зохион байгуулагчид засгийн газар "дорвитой арга хэмжээ" авахгүй байгаа тул Мягмар гарагт ч жагсаалаа үргэлжлүүлэхийг мэдэгдсэн байна.

Ням гарагт Францын ерөнхий сайд Себастьян Лекорню засгийн газар нь "ахлах сургуулийн сурагчид болон боловсролын салбарын ажилтнуудад тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх” алхмуудыг авч хэрэгжүүлэхээ амлажээ.

Мөн Лекорню нийтийг хамарсан үймээн самууны үеэр хохирол учруулсан этгээдүүд өөрсдийн үйлдлийнхээ төлөөсийг хариуцдаг болох механизмыг баталгаажуулах зорилгоор засгийн газар "вандализмын хохирлыг буруутан нь төлөх" тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эрчимжүүлж байгааг мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP