АНУ террорист халдлагын бай болох магадлалтай байсан Их Британийн баазаас бүх бөмбөгдөгч онгоцнуудаа нүүлгэжээ

Т.Давааням, ikon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын агаарын цэргийн хүчин Иранд довтлоход ашиглагдаж байсан Их Британи дахь цэргийн баазаасаа бөмбөгдөгч онгоцнуудаа нүүлгэн шилжүүлжээ. Энэхүү шийдвэр нь RAF Fairford баазыг чиглэсэн байж болзошгүй террорист халдлагыг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсний дараа гарсан байна.

Нэрээ нууцалсан Пентагоны албаны хүний ​​мэдээлснээр уг баазад байрлаж байсан бөмбөгдөгч онгоцнуудыг АНУ дахь үндсэн бааз руу нь буцаан шилжүүлжээ.

"Military Air Tracking Alliance" зэрэг нисэх хүчний шилжилт хөдөлгөөнийг ажиглагч байгууллагууд Ираны эсрэг дайн эхэлснээс хойш олон тооны B-52 болон B-1 бөмбөгдөгч онгоцнууд RAF Fairford баазаас үйл ажиллагаа явуулж байсныг бүртгэсэн байдаг. Тэгвэл ажиглагчид Ням гарагт тус баазаас олон тооны B-1 бөмбөгдөгч онгоц хөөрч буйг бүртгэжээ.

Энэхүү шилжилт хөдөлгөөн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп найм дахь сардаа үргэлжилж буй Ираны эсрэг дайны ажиллагааг цаашид хэрхэн үргэлжлүүлэхээ шийдэж буй цаг үетэй давхцаж байна. Тэрбээр уг ажиллагааг хэдхэн долоо хоног үргэлжилнэ гэж анх Америкчуудад амлаж байсан ч хугацаа сунжирснаар одоо өөр хувилбаруудыг авч үзэж байгаа юм.

"Би Ираны асуудлаар шийдвэр гаргах болно. Иран улс хүнд цохилтод өртөж, сүйрсэн байдалтай байна. Тиймээс одоо ганцхан асуулт үлдлээ: энэ нь хялбар замаар шийдэгдэх үү, эсвэл хүнд хэцүү замаар шийдэгдэх үү" гэж Бямба гарагт Охайо мужид болох цуглаанд оролцохоор Цагаан ордноос гарах үеэрээ Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.

Есдүгээр сард RAF Fairford баазын аюулгүй байдалтай холбоотой зөрчил гарсантай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Лондон хотын төвд Их Британи, Ираны давхар иргэншилтэй нэгэн этгээдийг террорист халдлага үйлдэхээр төлөвлөсөн хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт зургаан хүнийг саатуулсныг сүүлд батлан ​​даалтаар суллажээ.

Британийн эрх баригчид уг хэргийг Техрантай холбоотой гэж үзэж байна. Иран улсын эрх баригчид үүнд оролцоогүй гэдгээ мэдэгдсэн ч өмнө нь өөрийн нутаг дэвсгэрт довтлоход ашиглагдсан аливаа баазыг хууль ёсны бай гэж үзэн цохилт өгөх боломжтойгоо илэрхийлж байсан удаатай.

Британийн албаныхны мэдээлснээр Ирантай холбоотой бүлэглэлүүд Британи болон Европын бусад оронд галдан шатаах гэх мэт бусад хорлон сүйтгэх ажиллагааг явуулах болсон байна.

RAF Fairford нь Лондон хотоос баруун зүгт 160 км орчим зайд оршдог агаарын бааз бөгөөд АНУ уг баазыг сүүлийн хэдэн арван жилийн турш Ойрх Дорнодыг чиглэсэн байлдааны ажиллагаанд ашиглаж байгаа юм.

Пүрэв гарагт АНУ-ын албаны хүн "USS Theodore Roosevelt" нисэх онгоц тээвэрлэгч хөлөг болон 7,000 гаруй далайчин, 2,000 орчим тэнгисийн явган цэргийг тээвэрлэсэн байлдааны хөлгүүдээс бүрдсэн "USS Makin Island" цохилтын бүлэг Ойрх Дорнодыг чиглэн явж байгааг мэдээлжээ.

Ингэснээр аравдугаар сарын сүүлч гэхэд тус бүс нутагт АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч гурван хөлөг байрлах юм.

 

Эх сурвалж: Associated Press