Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Үнэнбат: ХЗЯ-тай холбоотой мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарсан

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Орхон голын бохирдлын асуудалд Хууль Зүйн Яам холбоотой гэсэн мэдээлэл өчигдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар нийтлэгдсэн билээ. Энэ асуудлаар тус яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.

Хууль Зүйн Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр:

“Нэгэн сайт дээр ХЗЯ-тай холбоотой мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан байна. “Орхон гол улаан шороогоор урсахад ХЗЯ хувь нэмрээ оруулдаг” гэсэн гарчигтай. Д.Дорлигжав сайд, миний нэр бас "Монгол Газар" ХХК-ны захирал Ц.Мянганбаярын зургийг тавьчихсан, мөн Архангай аймгийн Цагдаагийн газарт өгсөн миний гарын үсэгтэй бичиг байгаа.

 

Манай газрын хувьд ХЗЯ-ны харъя агентлагуудын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Үндсэндээ Цагдаагийн байгууллага, Тахарын алба, ШШГЕГ-тай холбоотой иргэд, байгууллагаас ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, чиглэл өгөх, алдаа дутагдлыг нь засуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлээр ажилладаг.

Тухайн үед "Монгол Газар" ХХК-ийн "Эм Жи Эйч" ХХК-иас бидэнд бичиг ирсэн байгаа. Архангай аймгийн Цэнхэр суманд орших таван лицензийн асуудал байсан. 2002 оноос эзэмшиж байгаа.

Энэ нь 2009 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа урт нэртэй хууль гараад зогссон. 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын 20 дугаар тогтоол гарснаар журам ёсоор тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт, нөхөн сэргээлт хийх эрх нь нээгдсэн.

Үүний дараа Засгийн газрын 2015 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 298 дугаар тогтоол гарснаар энэ тогтоолын дагуу Монгол газар компани хуулиар хориглосон бүсийн солбилцлоос 100 хувь чөлөөлөгдөж эзэмшиж байгаа ашиглалтын лицензийн тусгай зөвшөөрлүүд нь хуулийн дагуу хүчинтэй болсон.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нөхөн сэргээлт хийх эрх бүхий ААН-үүдтэй хамтарч хэрэгжүүлэхэд Архангай аймгийн Цагдаагийн газраас тусгай хэсэг томилогдож Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэсэн гомдол Монгол газар ХХК-ны зүгээс гаргасан.

Тухайн яаманд ирж байгаа өргөдөл гомдлыг бид хуулийн хүрээнд шийддэг. Тэгээд би мэргэжилтэн н.Одонбаярт Архангай аймгийн Цагдаагийн газраас энэ асуудлыг тодруулах даалгавар өгсөн. Асуухад Аймгийн Засаг дарга иргэд, ААН-ийн хооронд үл ойлголцол болж магадгүй гээд биднийг явуулсан гээд яах учраа олохгүй байдалтай байсан. Тэгээд миний хувьд энэ бичгийг өгсөн.

Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Цагдаагийн газрыг Цагдаагийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгснийг ХЗЯ, Хууль Зүйн сайд Орхон голыг бохирдуулахад хувь нэмрээ оруулсан гэж мушгин гуйвуулж, илтэд сайдын нэр төрд халдсан мэдээлэл өгсөн. Үүнд Хууль Зүйн сайд ямар ч холбоо байхгүй. Би эрх хэмжээнийхээ дагуу Цагдаагийн байгууллагад чиглэл өгсөн” гэв.

Тэрбээр мэдээллийг нийтэлсэн хэвлэл, мэдээллийн байгууллагад албан бичиг явуулсан бөгөөд мэдээллээ залруулж, уучлал гуйхыг шаардсан юм.