Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Та нар ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг шүүн хэлэлцэх гэж байгаа бол тэрийгээ хэлчих

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. 
Өнөөдөр шүүх хуралд гэрчээр оролцож буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлэг өгсөн юм. Түүний гэрчийн мэдүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Шүүх хурлыг даргалагч шүүгч Х.Идэр: 

Мөрдөн байцаалтын явцад таныг гэрчээр тогтоогоор таны эрх үүргийг танилцуулсан байгаа. Би дахин сануулъя.  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар гэрч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй. Гэрч нь санаатайгаар худалд мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзсан тохиолдолд эрүүгийн хуульд зааснаар хариуцлага тооцно. 
Та үнэн зөв мэдүүлэг өгч чадах уу?

Н.Алтанхуяг:  Чадна

Шүүгч: Энэ шүүх хурлын танхимд байгаа хүмүүс дунд тантай гэр бүл, садан төрлийн холбоотой хүн байна уу?

Н.Алтанхуяг:  Байхгүй. Би юм хэлж болох уу. Эхлээд мэндээ мэндмээр байна. Хоёрдугаарт өмгөөлөгч нартаа баярын мэнд хүргэе. Гуравдугаарт би гэрч гээд буруу харж яримааргүй байна. 

Шүүгч: Болно

Өмгөөлөгч: Монгол Улсын Засгийн газар 2012 оны арваннэгдүгээр сараас 2014 оны гуравдугаар сарын хооронд Багануурын нүүрсний уурхай, Эрчим хүчний яам, Төмөр зам хамтран Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн үү? 

Н.Алтанхуяг: Шинэчлэлийн Засгийн газар маань 2012 оны наймдугаар сард байгуулагдсан. Манай мөрийн хөтөлбөрт 3 гол зүйл тусгагдсан. 

•    Бүтээн байгуулалт
•    Ард иргэдийн ахуй амьжиргаанд нэмэр болохуйц, үнийн өсөлтийг хазаарлах зохицуулалт хийе.
•    Хүнд суртал хээл хахуулийн багасгая  гэсэн зүйлүүд багтсан. 

Хоёр дахь буюу ард иргэдийн орлогыг нэмж чадахгүй юм гэхэд зарлагыг нь багасгах зорилгоор олон зүйл хийсэн

Шүүгч: Уучлаарай таны үгийн таслах гэж байна хэрэгт холбогдолтой зүйл ярина уу. Нүүрс хөтөлбөрийн талаар.

Н.Алтанхуяг: Та нар чинь Ерөнхий сайдаар ажилласан хүнээс юм асууж байна. Би бүтнээр нь ярихгүй бол өм цөм юм болоод байна. Нүүрс гэдэг чинь Засгийн газрын хоёр жил хийсэн ажлын нэг жижиг хэсэг нь. 

Өмгөөлөгч: Нүүрс хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч ээ.

Н.Алтанхуяг: Нүүр хөтөлбөрийн хэрэгжүүлэхдээ хэн нэгэн мөнгө идэх зорилго тавиагүй. Ард иргэдийн ахуй амьжиргаанд нэмэр болох л зорилго л тавьсан. Нэг тонн нүүрс 200,000 гаруй төгрөг болчхоод байсан. Ард түмнээс 11-11 төвд нүүрсний үнийн талаар гомдол, мэдээлэл их ирж байсан. Үүнийг Засгийн газар зүгээр хараад суух боломжгүй байсан. Тиймээс би Засгийн газрын хуралдааны үеэр М.Сономпил сайдад үүрэг өгч, салбарын сайдын хувьд энэ асуудлаар судалгаа хийж, надад танилцуулахыг үүрэг болгосон. 
Энэ ажлыг хийх гол үндэслэл нь ард иргэдийн хүсэл байсан. Яагаад заавал Засгийн газар энэ ажилд оролцож, Л.Гансүх гэдэг хүн хариуцаж ажиллав гэх асуудал үүсдэг юм. Тэгэхээр энэ нийслэлийн анхаарал хандуулж хийх ёстой ажил байсан. Гэхдээ та бүхэнд би одоо нөхцөл байдлын сануулъя. 2012 оны наймдугаар сарын 20-доор Засгийн газар байгуулагдаж байсан. 2012 оны зургаадугаар сарын сүүлээр нийслэлийн сонгууль болж, Ардчилсан нам ялалт байгуулаад байсан. Гэхдээ дүүргүүдийн сонгууль болоогүй байсан. Тэр үед би 200,000 хүрчхээд байгаа нүүрсний үнийг 80,000 болгох боломж байна гэдийг судалж мэдлээ. Энэ ажлыг зохион байгуулаач гэдэг хүсэлтийг Э.Бат-Үүлд тавьсан. Тухайн үед дүүргүүдийн сонгууль болоогүй байсан учраас Э.Бат-Үүл дарга одоогийн нөхцөлд хийх боломжгүй байна гэж хариулсан. 

 Ард иргэдийн орлогыг нэмж чадахгүй юм гэхэд зарлагыг нь багасгах зорилгоор олон зүйл хийсэн. 

Тэгээд би Л.Гансүх зөвлөхөд хэлсэн "Нүүрс" гэдэг хөтөлбөр хэрэгжүүлмээр байна. Та хотын хүнтэй хамт яваад бүх хороодын хэсгийн ахлагч нарыг цуглуулаад нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зөвшилц гэсэн. Ингээд бүх хороо, хэсгийн ахлагчдыг цуглуулаад томоохон уулзалт хийсэн. Тэр уулзалтаас энэ ажлыг хийж чадахгүй гэсэн. Яагаад вэ гэхээр намайг орон нутгийн сонгуульд оролцох шоу хийж байна гэж хараад ажил болгоогүй. Тиймээс Засгийн газар энэ ажлыг хэрэгжүүлэхээр болж, Л.Гансүх зөвлөх ахалж ажиллахаар болсон. 

Өмгөөлөгч: "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол гаргасан уу?

Н.Алтанхуяг: "Нүүрс" хөтөлбөр их онцлогтой болсон. Манай шинэчлэлийн Засгийн газар олон юмыг шинэчилсний нэг нь олон хуудас цааснаас татгалзах байсан. Бид болж өгвөл нэг хуудас цааснаас хэтрэхгүй үйл ажиллагаануудаа явуулж байсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар манай өрөөнд маш олон удаа зөвлөлдөж, байж шийдсэн. Хөтөлбөр буюу нүүрс хямдруулах үйл ажиллагааг бид "Нүүрс" хөтөлбөр гэж нэрлэж байгаа. Хүмүүс хуучны сэтгэхүйгээрээ цаас нэхээд байгаа. Хэдэн хуудас цаасаар хийх нь биш үр дүн нь гол.

Шүүгч: Нүүрс гэдэг нь хөтөлбөр биш ажиллагаа байсан гэж хэлэх гээд байна уу?

Н.Алтанхуяг: Тийм ээ. Нүүрсийг хямдруулах ажиллагааг хэлж байгаа.

Өмгөөлөгч: Яллагч тал Засгийн газар "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй Л.Гансүх гэдэг хүн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэж яллаж байгаа. Танд "Нүүрс" хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлсэн гэх баримт байна уу?

Н.Алтанхуяг: М.Сономпил сайдын тушаалын дагуу нүүрсийг шуудайлан борлуулах тухай тайлан гарсан байдаг. Энэ тайланг ЭХЯ Багануурын уурхайтай хамтарч хийсэн. Өнгөрсөн хоёр өдөр шүүх хурлын явцыг хараад байхад Н.Алтанхуяг гэдэг хүн шавдуулаад, шахаад хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм шиг яриад байгаа юм. 

Энд Л.Гансүх гэдэг хүн ямар ч буруугүй гэдгийг би хэлмээр байна. Тэр нүүрсний үнийг бууруулаад, ард түмний аж амьдралд дэм болох ажлыг зохион байгуулсан. Би энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэндээ одоог хүртэл баяртай байдаг. 

Нүүрсний тонн бүрээс 120,000 төгрөг хэмнэж өгсөн. Ард түмэн нүүрсний мөнгөнөөсөө хэмнээд бусад хэрэглээгээ нэмэгдүүлсэн. Тийм байхад энэ ажлыг ахалж ажилласан Л.Гансүх, нягтлан шоронд орж хуруугаа тайруулахын оронд шагнагдах ёстой гэж ойлгож байна. Монголын төлөө, хүмүүсийн төлөө сэтгэл гаргаад ажиллахад яахаараа ингэдэг байна аа.

Н.Алтанхуяг: Цаг хугацааны хувьд эхлээд хэдүүлээ 2008 оны аравдугаар сарын 23-нд уурхай дээр очоод яригдсан зүйлийг харах хэрэгтэй. Дараа нь арваннэгдүгээр сарын 2-ны өдрийнхийг харах ёстой.

Л.Гансүх гэдэг хүн ямар ч буруугүй

М.Сономпил сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад, дүгнэлтээ гаргаад, Л.Гансүх зөвлөх тус ажлын хэсэгтэй хамтарч ажиллаад намайг бэлтгэл ажил дээр очоод танилцаач гэсэн болохоор би өөрөө очиж Багануурын удирдлага болоод ажлын хэсгийнхэнтэй уулзсан бичлэг байна. Энэ процесс бол хөтөлбөр яаж босож, үргэлжилж байгааг харуулж байгаа юм. 

/Шүүх хуралдааны танхимд бичлэг үзүүлэв./

/Шүүгч бичлэгийг зогсоох шаардлага тавьж бичлэгийг зогсоов./

Шүүгч: 37 минутын бичлэгийг бүгдийг нь үзэх юм уу?

Н.Алтанхуяг: Бичлэгээ үзүүлээд тайлбарлаад явчхаж болох уу?

Шүүгч: Болно.

Н.Алтанхуяг: Надаас асуугаад байгаа хөтөлбөр энэ. Газар дээр нь очиж ярилцана, өрөөндөө ярилцана, ажлын хэсэг ажиллана. Тэр ажлын хэсэг, Л.Гансүх зөвлөх ямар сайн идэвхтэй ажилласан гээч. 

Би хоёр өдөр та бүхний яриаг сонслоо. Энэ дээр ченжи маягийн хүмүүсээр яриулаад буруутгаад байгаа юм. ЗГ нэг бодлого байгаа. 200,000 гаруй мянган тонн нүүрсийг бид гэр хороололд нийлүүлбэл. Гэр хорооллын хэрэгцээ хангагдаж байгаа юм. Багануурын уурхай жилд 60-аадхан мянган тонн нүүрс олборлоод, шигшиж ангилахгүйгээр нийлүүлж байсан.Тийм учраас Багануурын уурхайд олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлт тавьсан. Гэтэл манайх цахилгаан станцуудаа яая гэж байна. Тийм олон ажил хийж чадахгүй гэсэн. Тиймээс бид зөвхөн олборлоод гаргаад л өгчих шигших ангилах, тээвэрлэх ажлыг өөр компаниар хийлгэе гэсэн юм. Уурхай дээр ийм л ажил хэрэгжсэн. 
Анхнаасаа бүх судалгаан дээр уурхайн зүгээс хамтарч ажилласан бөгөөд 27,500 төгрөгийг боломжийн ашигтай нөхцөл гэж Багануурын уурхай хүлээж авсан. Одоо тэгж хэлсэн хэсгийн бичлэгийг үзүүлье

/Бичлэг үзүүлэв./

Н.Алтанхуяг: Би бичлэгийн төгсгөлд уурхайн хамт олноос асуусан. Тухайн үед уурхайн удирдлага н.Мэргэнбаатар бид хамтраад судалсан болохоор бололгүй яах вэ гээд хүлээж авсан. 

Одоо ингээд хоёр дахь хуурцаг дээр бичигдсэн бичлэгийг үзье.

Шүүгч: Энэ бичлэгийг үзэх үү? Эхний бичлэгийг бид өчигдөр бүгдийг нь үзсэн юм байна.

Н.Алтанхуяг: Эндээс би та бүхнийг ойлголтоо нэгтгээч гэж хэлж байгаа юм. ЗГ мөрийн хөтөлбөртөө байсны дагуу ажлаа хийсэн. Энэ хөтөлбөрт маш их хөдөлмөр шингэсэн, Ерөнхий сайд ч оролцсон. Уурхайд бид ашиггүй ажил хийгээгүй гэдгийг эхний хуурцаг дээр бичигдсэн үйл явдлаас харж болно. Одоо дараагийн бичлэгийг үзье.

Өчигдрөөс хойш хараад байхад Багануурын уурхай хохирсон юм шиг яриад байна. Багануурын уурхайн нөөц 300 орчим сая тонн байгаа. Эднийх жилд 3.4-3.5 сая тонн нүүрс олборлож байгаа. Үүнээсээ 200 мянга орчмыг гэр хороололд нийлүүлдэг. Тэр арван хувь ч хүрэхгүй нүүрсний үнэ өртөг компанийн алдагдалд нөлөөлдөггүй юм. 

Өмгөөлөгч: "Нүүрс" хөтөлбөрөөс Багануур компани хохирсон гээд байгаа. Та энэ талаар тодруулж өгөөч?

Н.Алтанхуяг: Энд би дөрвөн зүйлийг хэлье.

Нэгдүгээрт, 27,500 гэдэг үнэ бол Багануурын уурхайн удирдлагуудын тогтоогоод өгсөн үнэ. Ийм үнээр өгөхөд ашигтай юу гэхэд ашигтай гэсэн. 

Тэр үед Багануурын нүүрсний уурхай гэр хороололд нийлүүлдэг 60 мянган тонн нүүрсээ 300 мянган тонн болгож нэмэгдүүлэхэд жилдээ нэг тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой гэж уурхайн удирдлага хэлж байсан. Энэ бол ЗГ Багануурын нүүрсний уурхайд ашигтай ажил санал болгосны баталгаа.

Шинэчлэлийн Засгийн газар Багануурын уурхайг 800 гаруй сая тонн нүүрсний нөөцтэй болгосон   

Хоёрдугаарт, Багануурын нүүрсний уурхай тоног төхөөрөмжөө шинэчлэх хүсэлт тавьсан. Уурхайн 75 хувь төрийн өмч учраас бид уг асуудлыг хүлээн авч, Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд төлөгдөж дуусах нөхцөлтэйгөөр гаргаж өгсөн. Зургаан жилийн хугацаатай 9.6 хувийн хүүтэй зээл гаргасан. 

Гуравдугаарт, Би түрүүн хэлсэн 3.6 сая тонн нүүрс олборлодог компанийн ашиг алдагдлыг  тодорхойлдог үзүүлэлт нь цахилгаан станцуудад нийлүүлж байгаа 3.4-3.5 сая тонн нүүрс болохоос биш гэр хороололд өгч байгаа 100, 200 мянган тонн нүүрс нөлөөлөхгүй.

Бидний хийсэн гуравдах зүйл бол станцуудад алдагдалтай өгөөд байгаа үнийг нэмэгдүүлэх арга байсан. Энэ нь улс орон, ард иргэдийн хувьд эмзэг асуудал болоод байна. Уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлэхээр станц цахилгаан, дулааны үнээ нэмнэ гэдэг. Гэхдээ бид нар зохицуулалт хийгээд цахилгаан, дулааны үнэд бага зэрэг өөрчлөлт хийгээд эдний уурхайн станцуудад өгдөг байсан нүүрсний үнийг нэмэгдүүлсэн. Ингэснээр тодорхой хэмжээний ашиг гарч эхэлсэн. 

Дөрөв дэх нь өнөөдрийн байдлаар эдний уурхайн нөөц нь 380 сая байгаа. Ер нь 480 сая тонны нөөцтэй байснаас 100-г нь олборлосон. 
Л.Гансүх нэг зүйл дээр үнэхээр сэтгэл гаргаж хөөцөлдсөн. Юу гэхээр Багануурын уурхайг тойруулаад хувийн компаниуд газрыг нь авчихсан байна. Тэр хууль бус шийдвэрийг хүчингүй болгоод энэ төрийн өмчийн компанийн алдагдсан өмчийг эргүүлэн өгөөч гэсэн. Үүнийг нь бид Ашигт малтмалын газрынхантай ярьсан чинь нээрээ тэр хууль зөрчиж олгосон байдаг юм гээд буцааж өгсөн

Ямар хэмжээний нүүрсний нөөцийг эднийд буцааж өгсөн гэхээр 400 гаруй сая тонн нүүрсний нэмэлт нөөцийг эднийд өгсөн. Ингээд бодохоор 800 гаруй сая тонн нүүрсний нөөцтэй болчихсон айл шүү дээ.  

Ченж гэдэг чинь нэг газраас хямд аваад нөгөө газар үнэ нэмж зардаг. Тэгэхээр ченжүүдийн сонирхол бол уулаасаа зөрчигдөнө. Нөгөө талаас уурхайн 25 хувь нь хувьд байгаа. Тэр хүмүүс л манай уурхайг хохироосон, намайг хохироосон гээд байгаа юм билээ.  Уучлаарай 480 сая тонн нүүрсний чинь нөөцийг манай Шинэчлэлийн Засгийн газар хууль бус шийдвэрийг хүчингүй болгосноор 800 гаруй сая тонны нөөцтэй болгосон. 

Тэгэхээр Багануурын нүүрсний уурхайд алдагдал учруулсан гэдэг нь үндсэндээ буруу юм. 

Эхний жилийн ажил маш сайхан явсан. Хугацаа бол бага байсан. Есдүгээр сарын 26-нд сайдын тушаал гарлаа, аравдугаар сарын 23-нд тэнд очлоо, арваннэгдүгээр сарын 2-нд түрүүчийн нүүрсийг айлуудад түгээх болсон. Бид төрийн өмчийн компани байгуулъя гэж ярьж үзсэн. Энэ бол асар их тоо, хугацаа шаардсан бүтэл муутай ажил байсан. 

39,000 бол гэр хорооллын Нүүрс хөтөлбөрт хамаарахгүй. 

Хоёр дах жилийн хувьд яриа үүсээд байгаа. Та нар яагаад 39,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг 27,500 төгрөгөөр авчихсан юм гэсэн яриа гараад байна. Энэ Засгийн газрын Нүүрс гээд ажиллагаа чинь нэг жил явна гэж төлөвлөөгүй. Тийм учраас 27,500 төгрөгөөрөө үргэлжлүүлээд явах учиртай. Дараа жил нь Р.Жигжид сайд болсон. Тэр хүн ТУЗ-ийн хурал хийгээд үнээ нэмэх шийдвэр гаргачихсан.

Гэхдээ тэр 39,000 бол гэр хорооллын Нүүрс хөтөлбөрт хамаарахгүй. Энэ үнэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Нүүрс хөтөлбөрт хамаарахгүй юм гэсэн ТУЗ-ийн тогтоол байгаа. Үүнийг нотолсон цаас байгаа тэр нь энэ байна. 

Нэг үгээр хэлбэл ТУЗ хоёр янзын шийдвэр гаргасан. Нэг нь жижиг хэрэглэгч энэ тэрд зориулсан. Харин гэр хорооллынхонд бол 27,500-гаараа. 

Үнэхээр эд нар алдагдалд ороод байна үнээ нэмье гэвэл бид үгүй гэхгүй шүү дээ. Тийм асуудал үүсээгүй. 
Хоёр дахь жил дээр гараад байгаа маргааныг нэг мөр болгомоор байна. ТУЗ-ийн дарга Жигжид хоёр янзын тогтоол гаргасан. Гэр хороололд өгч байгаа нүүрс нь 27,500 байна гэдгээ дахин нотолсон тогтоол гаргасан. 

Өмгөөлөгч: -Улсын яллагч Л.Гансүхийг ингэж буруутгаад байгаа юм л даа. Л.Гансүх дарамталж байгаад 27,500-р гэрээ үйлдсэн гээд байгаа. Ийм учраас Л.Гансүх өнөөдөр шүүгдэгчээр сууж байна. 

Улсын яллагч: -Дарамталсан гэдэг үг, өгүүлбэр байхгүй. Албан тушаалаа ашиглаж гэж байгаа. 

Өмгөөлөгч: -За, албан тушаалаа ашигласан. 

Н.Алтанхуяг: -Би их ойлгомжтой хэллээ шүү дээ. ТУЗ-ийн даргын гарын үсэгтэй хоёр цаас байна. Уурхайн гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-ийн шийдвэрээ дагах ёстой. Тэр дотроо гэр хорооллынх нь 27,500 гээд биччихсэн байгаа. Үүнийгээ л барих ёстой. 

Өмгөөлөгч: -Багануурын уурхай ХК-ийн 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн тогтоол байна. Энэ тогтоолд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх ажлын хүрээнд нэг тонн нүүрсний үнийг гэрээнд тохиолцсон ёсоор 27,500 төгрөгөөр бодож борлуулахыг зөвшөөрсүгэй гэсэн ТУЗ-ийн  тогтоол байна. Энэ нь "Эм Жи Эл Эс Би” компанид хамаарна.  "Эм Жи Эл Эс Би Ди" буюу хоёр дах жил нь нүүрс тараасан компанил хамаарахгүй гээд шинжээч, үндэсний аудитын газар, улсын яллагч, АТГ үзээд байгаа. Та энэн дээр бодит тайлбар өгөөч. 

Н.Алтанхуяг: -Засгийн газрын гол зорилт бол 210 мянгын үнэтэй болчихсон юмыг 80 мянга болгох буюу хамгийн бага ямар хэмээнд хүртэл аваачиж болох уу, тэнд нь авааья гэсэн. Тиймээс судалгааны ажлынхан болон уурхайнхан хамтарч суугаад 80 мянга гэдэг дээр очсон. Тэгээд 80 мянгаар борлуулж болох юм байна гэж үзсэн. 

Л.Гансүх зөвлөхийг нүүрстэй холбоод олон нийтэд цацсан гүтгэлэг дотор юу байдаг вэ гэхээр уурхай дээрээ 27,500, энд 80 мянга. Хооронд нь хасаад тэгээд авсан нүүрсээр нь үржүүлээд тийм хэмжээний ашиг олчихсон байна гэдэг. Амьдралдаа гурван төгрөг эргүүлж үзээгүй хүний л үг. 

Ард түмний төлөө юм хийсэн хүмүүс шүүгчдэгчийн ширээний ард сууж хуруугаа тайруулдаг тогтолцоо байж болохгүй

Өмгөөлөгч: -Арваннэгдүгээр сарын 1-ний тогтоолыг хөтөлбөр хэрэгжүүлэх компанид зориулж гаргасан юм уу эсвэл зөвхөн “Эм Жи Эл Эс Би” компанид зориулсан юм уу. 

Н.Алтанхуяг: -27,500 төгрөгөөр нүүрсээ өгөх юм байна энэ ажлын аль нэг компанитай гэрээ байгуулж хийх юм байна гэсэн. Бид нар тийм, ийм нэртэй компанитай гэрээ байгуулна гэсэн заалт байгаагүй. Тийм учраас аль ч компанитай гэрээ байгуулж болно гэж бодож байна. 

Улсын яллагч: Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэдэг албан тушаал улс төрийн албан тушаал уу?

Н.Алтанхуяг:  Тийм. 

Улсын яллагч: Харьяалагдах нэгж нь хаанах вэ?

Н.Алтанхуяг:  Мэдэхгүй юм аа.

Улсын яллагч: Би Танд нэг мэдүүлэг уншиж өгье.

Н.Алтанхуяг:  Чи ер нь яах гээд байгаа юм. тэр хүний ажлыг мэдэх ямар ач холбогдолтой юм?

Улсын яллагч: За мэдүүлэг уншиж өгье. ЗГХЭГ-ын дарга Ш.Солонго гэж хүний мэдүүлэг байгаа. 

"Зөвлөх, ахлах зөвлөх гэдэг албан тушаал нь орон тооны албан тушаал.Тиймээс төрийн албаны тухай хуулийн дагуу нэгэн эрдэм шинжилгээ, сургалтын ажлаас өөрөөр ажил эрхлэхийг хориглодог. Иймд ЗГ-аас хэрэгжүүлж буй аливаа ажилд ЗГ-ыг төлөөлж ажиллаж болохгүй гэсэн үг юм. Харин Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу үйл ажиллагаанд нь оролцохгүйгээр хяналт тавьж ажиллахыг үгүйсгэхгүй. Аливаа нэг албан тушаалтан ЗГ-ын ажилд оролцож, хэрэгжүүлэх эрхгүй. Энэ бол орон тооны ЗГХЭГ-ын ажилтан бүгдэд хамаарна. Өөрөөр  хэлбэл ЗГ-ын хэрэгжүүлж буй аливаа нэг ажилд оролцож болохгүй" гэж байна.

Би Танаас Л.Гансүх таны аман шийдвэрээр энэ ажилд оролцсон юм уу, энэ ажилд оролцох эрхтэй юу гэж асуух гээд байна?

Н.Алтанхуяг:  Эрхтэй. 

Улсын яллагч: Яг ямар эрхтэй вэ?

Н.Алтанхуяг:  Хяналт тавих эрхтэй. 

Улсын яллагч: Л.Гансүх хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох компаниудыг сонгож, удирдлагаар хангаад яваад байгаа нь хяналт тавьж байгаа үйлдэл үү?

Н.Алтанхуяг:  Шийдвэр гаргаагүй. Хяналт тавьж байгаа үйлдэл. Шаардлагатай тохиолдолд албан бичгүүд өгөх боломжтой. Та Солонго гэдэг хүнээс хэзээ мэдүүлэг авсан бэ? Наад хүн чинь манай ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаад халагдсан хүн байгаа. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилтэй хүнээс...

Шүүгч: Уучлаарай та асуулт асуух эрхгүй. Асуултад л хариулах ёстой.

Н.Алтанхуяг:  Тийм үү? Сонирхлын зөрчилтэй хүнээс мэдүүлэг авчхаад ингэж болохгүй...

Шүүгч: Өөр асуулт байна уу? Улсын яллагч аа

Улсын Яллагч: Байгаа. /Н.Алтанхуягт хандан/ Та  "Эм Жи Эл Эс Би”,  "Эм Жи Эл Эс Би Ди” хоёр компанитай танилцсан гэсэн. Эдгээр компаниудын талаар ямар мэдээлэлтэй байна?

Н.Алтанхуяг: Цаг хугацаа тулгамдуу байна. 200 мянган төгрөгийн үнэтэй нүүрсийг 80 мянгаар хийе гэхээр тооцоолж үзээд компаниуд татгалзаж байсан. Тэгэхээр нь Л.Гансүх зөвлөхөд та ямар нэгэн аргаар хуулийн хүрээнд энэ ажлыг хийж өгөхийг бодооч ээ гэж хүссэн.

Улсын яллагч: Эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан, ажлын хэсгийн танилцуулгатай танилцсан уу?

Н.Алтанхуяг: Би танилцсан.

Улсын яллагч: Туршилтын дүнгээс үзэхэд Багануурын уурхай дээр нүүрсийг шуудайлан тээвэрлэж, Улаанбаатар хотын өртөөн дээр авчрах явцад нүүрсний бүхэллэг чанар алдагдаж, нүүрсний 30 хувь бутарч нунтаг болсон байна. Гар аргаар вагон буулгах боломжгүй.Түүнчлэн техник хөдөлмөр хамгааллын ажил алдагдаж, осол гарах магадлал ихтэй. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврынх дагуу долоо хоногт 1,700 тонн нийт хугацаанд 306 мянган тонн нүүрсийг тээвэрлэх боломжгүй байна гэсэн байдаг. 

Нунтаг нүүрс үүсэх юм байна гэдэг асуудал танилцуулга дээр харагдаж байна?

Н.Алтанхуяг: Шинэчлэл гэдгийг сэтгэл гаргаж л хийдэг. Хийх гэсэн хүн арга олдог. Хийхгүй гэсэн хүн шалтаг тоочдог. Яах вэ аргаа олоод л хийсэн ш дээ. Айл өрхүүд бүгдээрээ үр ашгийг хүртээд хоёр жил хэрэгжсэн ш дээ. 

Улсын яллагч: Ажлын хэсгээс дээр танилцуулга гарсан, шуудайлсан нүүрсний жингээр Баганууртай тооцоо хийхээр тогтсон байгаа. Яагаад нунтаг нүүрс үүсэхээр байна гэсэн танилцуулга байхад гэрээг шуудайлсан нүүрсний жингээр хийхээр тогтсон юм бэ? Энэ нь Багануурт алдагдалтай байсан юм биш үү?

Гэр хороололд амьдардаг хүмүүсийн төлөө сэтгэл гаргаж, ажил хийсэн хүн хүн шоронгийн хаалга татаж байна.

Н.Алтанхуяг: Би та нараас нэг юм хүсмээр байна. Хоёр компанийн хооронд хийсэн гэрээ рүү гүйж ороол, аудит оруулаад л, ингээд үсчээд байгаа чинь үнэхээр буруу байна. ЗГ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ард иргэд сэтгэл хангалуун үлдсэн. 

Улсын яллагч: ҮСХ-оос Улаанбаатар хотод худалдаалагдаж байгаа нүүрсний үнийн талаар 2011, 2012, 2013, 2014 оны статистик мэдээг авсан. Энд нүүрсний үнэ 200 мянга байсан 80 мянга болтлоо буурсан гэж яриад байгаа. Тэгэхээр Статистик мэдээн дээр 200 мянга гэсэн юм байхгүй байгаа. Энэ тоог хаанаас гаргаад ирэв?

Н.Алтанхуяг: Нэгдүгээрт 2013 онд М.Сономпил сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг "Нүүрсийг шуудайлж борлуулах судалгааны ажлын тайлан" гэдэг дээр аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нэг портер нүүрс 200-350 мянга, таван тоннын даацтай машинтай нүүрс 700 мянган төгрөгийн үнэтэй байна гэсэн судалгааг хийсэн.

Улсын яллагч: Портер нүүрс 2-2.5 тонны даацтай байдаг. Ингэхээр нэг тонн нүүрс 100 мянган төгрөгийн үнэтэй байна?

Н.Алтанхуяг: Та өөрөө нүүрс түлж үзсэн юм уу?

Шүүгч: Уучлаарай та асуулт асуух эрхгүй. Асуултад л хариулах ёстой.

Н.Алтанхуяг: Та нар харин амьдралаас тасарчхаад байна ш дээ. Би өөрөө 18 нас хүртлээ гэр хороололд амьдарч ус түлээ зөөж өссөн. Өнөөдөр гэр хороололд 170 мянган өрх амьдарч байна. Тэр хүмүүсийн төлөө ЗГ сэтгэл гаргаж хийсэн ажлыг зохион байгуулсан хүн шоронгийн хаалга татаж байна.

Шүүгч: Хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй зүйл ярихгүй ээ. Дараагийн асуулт

Улсын яллагч: Шинжээчийн дүгнэлтээр "Эм Жи Эл Эс Би” "Эм Жи Эл Эс Би Ди” хоёр компани хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд 4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Та үүнийг юу гэж дүгнэж байна?

Н.Алтанхуяг: Мэдэхгүй. Шинжээч тэгж дүгнэсэн л юм байгаа биз. Зах зээлийн нийгэмд хэн нэгэн ашигтай ажиллах...

Шүүгч:  Уучлаарай хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй зүйл ярихгүй ээ. Асуулт байна уу?

Улсын яллагч: Багануур ХК ажиллагааны хүрээнд ямар үүрэгтэй оролцсон юм бэ? Энд хэрэгжүүлэх гэж байгаа компани нь яах юм. Энийг ер нь юун дээрээ тусгаж энэ компаниуд чинь ажиллаад байгаа юм бэ?

Н.Алтанхуяг: Ойлгосонгүй. Дахиад асуудаа.

Улсын яллагч: Та Багануур дээр очоод үйл ажиллагааг эхлүүлж байсан. Багануур ХК-тай "Эм Жи Эл Эс Би” "Эм Жи Эл Эс Би Ди” компаниуд хамтарч ажиллаад байна. Энэ хоёр компани юу гэж ойлгоод хэрэгжүүлээд яваад байгаа юм. Тэр нь ямар баримтаар нотлогдох юм.

Н.Алтанхуяг: Гэр хороололд нэг тонн нь 200 мянга болчхоод байсан нүүрсний үнийг буулгахын тулд уурхайнхантай хамтраад судалгаа тооцоо хийгээд 80 мянга дээр аваачаад амжилттай хоёр жил хэрэгжүүлсэн.

Улсын яллагч: Хоёр хувийн компани ЗГ-аас хэрэгжүүлж байгаа Нүүрс хөтөлбөр гэх үйл ажиллагаагаа явуулаад байж болох юм уу?

Н.Алтанхуяг: Болно ш дээ. Зах зээлд орсон гэдгийг ойлго. Аж ахуйн нэгж чинь ашгийн төлөө ажиллаж байгаа. 

Шүүгч: Хохирогчийн өмгөөлөгчөөс асуулт байна уу?

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Алтанхуяг гуай Шинэчлэлийн ЗГ-ын зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хариуцах эзэн, компаниудыг сонгож олох ажлыг албан ёсоор шийдсэн ЗГ-ын шийдвэр байдаг юм уу?

Н.Алтанхуяг: Яамнаас хийсэн тооцоо судалгааг үндэслэл Нийслэл хийчих гэсэн юм аа. Тэгэхээр нөхцөл байдлыг түрүүн хэлсэн. 
ЗГ-аас мөнгө гаргаж хөтөлбөр хэрэгжүүлээгүй учраас албан ёсны тогтоол шийдвэр байхгүй. Бид нар хүндэрсэн үед нь хөтөлбөрийг үргэлжлүүлэх ажиллах зорилгоор түр зуур зээллэг олгосон.

Хохирогчийн өмгөөлөгч: Хөтөлбөрийг хэн хариуцаж ажиллаж байсан юм?

Н.Алтанхуяг: М.Сономпил сайд нар ерөнхийдөө хөтөлбөрийн төрхийг гаргаад Багануурынхан хамтраад хийсэн.

Хохирогчийн өмгөөлөгч: Яг хариуцаж байгаа хүн нь хэн юм бэ?

Н.Алтанхуяг: Олон хүний оролцоотой шийдэж байгаа. Портерийн жолооч шийднэ. Нүүрс ачиж буулгаж байгаа хүн хариуцаж байгаа. Би шат дамжлагыг тайлбарлая

Хохирогчийн өмгөөлөгч: ЗГ-г төлөөлж хэн хариуцаж байгаа юм бэ?

Н.Алтанхуяг: ЗГ-ыг төлөөлж хяналт тавих үүрэгтэй хүн бол Л.Гансүх байсан. Бүх хүн хариуцсан ажлаа хийж чадаж байсан. Л.Гансүх хяналт удирдлагаар хангаж байсан. Түүнээс биш шийдвэр бол гаргаагүй. 

Хохирогчийн өмгөөлөгч: Л.Гансүх зөвлөх компаниудыг олсон уу?

Н.Алтанхуяг: Түүнийг ол гэдэг үүрэг даалгаврыг би өгсөн. Хэрвээ та нар ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг шүүн хэлэлцэх гэж байгаа бол тэрийгээ хэлчих. Түүнээс биш энэ хүмүүст хамааралгүй юм аа. 

Шүүгч: За өөр асуулт байхгүй бол Та явж болно оо.