«Дулаан унтвал
Мянган лан– Мянган лан алттай байгаад хөлдөж үхсэнээс дулаан унтаад амьд байвал болно гэх хэллэг
- Нэгэн их баян хятад, монгол зарцын хамт явж байжээ. Өвөл цаг тул гэнэт цасан шуурга тавьж майханд хонохын аргагүй учир зарц нь: “- Ойролцоо байгаа айлд очиж амь гарахыг бодъё, эс тэгвэл хөлдөж үхэж магадгүй” гэжээ. Баян хятад нь айлд очвол мөнгийг минь хулгай хийгээд авчихна хэмээн муу санаж майхандаа туламтай мөнгөө дэрлээд унтжээ.
Зарц нь ойрхон байгаа айлд очиж хүндлүүлэн дулаан тавтай сайхан амарч хоноод өглөө майхандаа иртэл өнөө баян хятад нь туламтай мянган лан мөнгөө дэрлээд унтсан чигээрээ хөлдөөд үхчихсэн байжээ. Үүнийг хараад: “Дулаан унтвал мянган лан ч яах вэ дээ” гэжээ. Энэ явдлаас хойш “Дулаан унтвал мянган лан” гэдэг үг гарсан гэдэг.»
ЧӨДӨР – морь малын сул чөлөөтэй явахаас сэргийлж, гурван хөлийг нь торгож тогтоодог тоног хэрэгсэл; сур, хялгасаар дан давхар (хоймсон, гурамсан) зангидах бөгөөд хаа, сум гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
чөдрийн алга – чөдрийн чагттай хэсэг
чөдрийн гогцоо – чөдрийн чагт торгох нүх
чөдрийн сум – хойд хөлийг чөдөрлөх хэсэг
чөдрийн хаа – урд хоёр хөлийг чөдөрлөх хэсэг
чөдрийн хумс – чөдрийн чагт, тээг
чөдрийн шилбэ – чөдрийн сум
чөдөр алдуурах – чөдрийн чагт мултрах
чөдөр зангидах – чөдөр хийх
ЧӨДӨР ГАЛЗУУ – нохойд тусах нэг зүйл өвчин
ЧӨДӨР ОНЬС – а. дайн байлдаанд хэрэглэх, чулуу, сум харвах зөөврийн төхөөрөмж б. Нисэх онгоц, моторгүй онгоц бусад нисэх хэрэгслийн нисэлтийг хурдасгах төхөөрөмж
ЧӨДӨР ХОЛБОО – нэг зүйл гогцоолдсон хөвөрхий уяа
ЧӨДӨР ОРООМОГ – утас мэт нарийн, бусад ургамлыг ороож ургадаг, ороонгын төрөлд багтах нэг зүйл ургамал
ЧӨДӨР ӨВС – мод өвсийг ороож ургадаг ургамлуудын ерөнхий нэр
ЧӨДӨР СЭДЭРГЭНЭ – тариалангийн талбайд ихээр ургадаг, сэдэргэнийн төрөлд багтах хогийн ургамал
ЧӨДӨР БОЛОХ хэлц. саад болох
Авиа дуурайх үг
дуржигнах / дуржгинах - ДУРЖИГНАХ
нижигнэх / нижгэнэх - НИЖИГНЭХ
түжигнэх / түжгэнэх - ТҮЖИГНЭХ
- Авиа дуурайх үгийн дагавар нь “-жигна, -жигнэ” юм.
Дүрс дуурайх үг
бөндгөнөх / бөндөгнөх - БӨНДГӨНӨХ
бүлтгэнэх / бүлтэгнэх - БҮЛТГЭНЭХ
дэгдгэнэх / дэгдэгнэх - ДЭГДГЭНЭХ
жайжганах / жайжигнах - ЖАЙЖГАНАХ
сарваганах / саравганах - САРВАГАНАХ
- Дүрс дуурайх үгийн дагавар нь “-гана,-гэнэ” юм.
Төрх байдал заасан үг
нэлмэгэр / нэлэмгэр - НЭЛМЭГЭР
дарвагар / даравгар - ДАРВАГАР
дүрлэгэр / дүрэлгэр - ДҮРЛЭГЭР
сэрвэгэр / сэрэвгэр - СЭРВЭГЭР
ярвагар/ яравгар - ЯРВАГАР
JETRO – Japan External Trade Organization /Японы гадаад худалдааны байгууллага/
JICA – Japan International Cooperation Agency (1975) /Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг/
JUGAMO – Japanese University Graduated Assosiation /Японд их сургууль төгсөгчдийн Монголын нийгэмлэг/ (1995)
DANIDA – Danish International Development Agency /Данийн олон улсын хөгжлийн агентлаг/
KOIKA – Korean International Cooperation Agency /Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг/
SAD – Swiss Agency for Development /Швейцарын хөгжлийн агентлаг/
USAID –United States Agency for International Development /АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг/
WHO – World Health Organization /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/
WWF – World Wildlife Fund /Дэлхийн байгаль хамгаалах сан/
UNO – United Nations Organization /Нэгдсэн үндэстний байгууллага/
UNESCO – United Nations Educational, Scientific and Cultural Organization /Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага/
UNICEF - United NationsInternational Children’s Emergency Fund /Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдэд туслах онцгой фонд/
Эх сурвалж: МОНГОЛ ХЭЛНИЙ ТАЙЛБАР ТОЛЬ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!