Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"БАЛДОРЖ" ШАГНАЛЫН ЭЗНЭЭР Э.ХҮРЭЛБААТАР ТОДОРЛОО

ikon.mn
2015 оны 9 сарын 17
iKon.MN

Сэтгүүлчдийг бүтэн жилийн турш уяа сойлгоо тааруулж, байнгын формтой байхыг “шаарддаг” их хурд өнөөдөр барианы зурхайд хурдан “хүлгүүдээ” тосож авлаа. Жил бүрийн есдүгээр сард болдог “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа бол Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хамгийн том баяр, хамгийн их хүсэн хүлээдэг наадам нь яах аргагүй мөн. Шударга шүүлтийн дор сэтгүүлчид мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөн, хэн нь хэн бэ гэдгээ таниулах бодит шалгаруулалт болдог учраас “Балдорж” шагналыг Монголын Пулитцер ч гэдэг.

 

“Балдорж” сангаас долоо дахь жилдээ зохион байгуулж буй сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Долоо дахь удаагийн тэргүүн шагналтныг тодруулах арга хэмжээнд уламжлал ёсоор Монголын үе үеийн Төрийн тэргүүн нар хүрэлцэн ирснээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын нэрт зүтгэлтнүүд хуран чуулсан юм.

Мэдээж салбарынхаа хамгийн нэр хүндтэй Их хурд наадамд сойсон “хүлгээ” түрүүлж, айрагдах болов уу хэмээн ногт ганзагалж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга, удирдлагууд болон эгэл жирийн сэтгүүлчид энэ үдшийн хүндтэй зочид мөнөөсөө мөн билээ. 2015 оны “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди үг хэлснээр энэ үдшийн арга хэмжээ өндөр үүдээ өргөв.

Ингээд бүтэн жилийн турш их сунгаанд оюуны бяд, сэтгэлгээний цараа, мэдрэмж, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөн сэтгүүлчдээс хэн нь шилдгийн шилдгээр шал­гарсныг зарлах мөч ирлээ. Долоо дахь удаагийн “Балдорж” шагналтнаар “Өдрийн сонин”-ы Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” бүтээлээрээ тодорч, болор цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн болов.

Дэд байрт “Гэрэгэ” сэтгүүлийн У.Бямбаням “Голомт сахих горьдлого”, “Г.Аюурзанын хүүрнэл: Долоо дахь нь Судасны чимээ”, “Үл хүсэх үнэн”, “Үндсэрхэг үзлийн үр дагавар” бүтээлээрээ шалгарлаа.

Шилдэг арав

1. Х.БОЛОРМАА “Өнөөдөр” “Халамж хамгийн буруутай”, ”Бодь мөрийн зэрэг үнэгүйдэж Библи үнэд орох цагаар”, “Адилхан монгол”

2. Д.МӨНХЧИМЭГ “Үндэсний шуудан” “Төр томорч бизнес хумигдах жил”, “Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв”

3. Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН “Засгийн газрын мэдээ” “Төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлахын учир”, “Би нинжа болмооргүй байна”

4. О.БАТ-УНДРАХ “Өнөөдөр” “Улаан тарианы үе эргэн ирлээ” цуврал нийтлэл

5. Б.ЦЭДЭВСҮРЭН ”Ардчилал” сонин “Амар амгалангийн оронг холоос хайх хэрэггүй”, “Хүүхэд ”бүтээдэг” ээж”

6. А.АРИУНБААТАР МҮОНТ “Чулуу”, “Аргал”, “Банхар” телевизийн нэвтрүүлэг

7. Б.ЕРЭНТЭЙ “Үндэсний шуудан” “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 000000001 “Чингис” гентэй”, “Үхсэн индиан хамгийн сайн индиан буюу хаалтын гэрээ”

8. Б.ГАНЧИМЭГ ”Open door” “Луйвар”, “Гүүгээ”

9. Ж.ТЭГШЖАРГАЛ “Гэрэг” сэтгүүл “Хадаас”

10. Г.БААТАРНУМ “Соёмбо” сонин “Амьдын тамд унасан долоон жил”, “731 дүгээр отряд хийгээд чөлөөлөх дайн”

Гэрэл зургийг MPA.mn