Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Төр маш олон гэрээ хийж байгаа. Нэг ч гэрээний хойно арбитраар шүүлгэнэ гэсэн заалт байхгүй"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монголын Эдийн Засгийн Чуулган 2015-ын салбар хуралдаанууд үргэлжилж байна. Яг одоо төрийн ордны А танхимд Маргаан таслах мэргэжлийн байгууллага (Мэргэшсэн шүүх, мэргэшсэн арбитр) сэдвээр салбар хуралдаан болж байна.

Хуралдааны хөтлөгчөөр Ананд Адвокейтс ББХН-ийн ахлах партнер, өмгөөлөгч Б.Батзаяа ажиллаж байна. Харин панелистаар Хууль Зүйн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, УИХ-ын гишүүн асан, хуульч Ц.Мөнх-Оргил, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Gibson Dunn and Catcher хуулийн фирмийн партнер Syrus Penson, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол, Өмгөөлөгч Б.Баяр нар оролцож байна. Оролцогчдын онцлох байр суурийг товчлон хүргэж байна.

Арбитрын хуулийн шинэчилсэн төслийн талаар...

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Ж.Баярцэцэг: Манай бизнесменүүд арбитрт итгэж маргаанаа шийдвэрлүүлдэг болохын тулд ямар тогтолцооны өөрчлөлт хийх вэ гэдгийг бид нэлээн өргөн утгаар нь харж байгаа. Яаж процессын хувьд хурдан шуурхай болгох вэ, яаж процессын хувьд итгэлцэл төрүүлэхүйц шударга тогтолцоог бий болгох вэ гэдэг тал дээр хуулийн өөрчлөлтүүд хийгээд явж байна.

Ер нь Арбитрын хуулийн шинэчилсэн төсөлтэй холбоотойгоор яамнаас хэд хэдэн хэлэлцүүлэг хийж, мэдээлэл өгсөн байгаа. Гол нь тэр хүмүүст итгэлцэл төрүүлэхийн тулд арбитрчид маань чадвартай байх хэрэгтэй байна.

Тэднийг томилох процесс маань өөрөө шударга, итгэл төрүүлэхүйц байх хэрэгтэй байна. Арбитрын шийдвэр нь өөрөө заавал хэрэгждэг байх хэрэгтэй байна. Мөн арбитрын процессын үйл явц нь өөрөө хуулиар хамгаалагдсан байх хэрэгтэй байна. Ялангуяа нууцлал дээр. Гэх мэтчилэн энэ процессууд нь маш тодорхой, ил тод байх шаардлагатай. Бид энэ бүхнийг хуулиндаа тусгаад УИХ-д өргөн мэдүүлэхээр явж байна.

Шүүхийн талаар...

Т. Мэндсайхан: Жирийн иргэн болон бизнес эрхэлж байгаа хүмүүсийг эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэх, шалгахтай холбоотой мөрдөх байцаах үйл ажиллагаа, түүнд тавигдах прокурорын хяналтын үйл ажиллагаа бол үндсэндээ шүүхийн хяналт руу орж ирэхгүй байгаа.

Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуультай холбоотой гэж ойлгогдож байна. Өнөөдөр Прокурорын хяналттай холбоотой шүүхэд хандах ямар ч бололцоо байхгүй байна. Уг нь бол бид Үндсэн үндсэн хуулиараа эрх нь зөрчигдөх юм бол шүүхэд гомдол гаргах, шударгаар шүүлгэх эрхтэй боловч энэ өнөөдөр хангагдаагүй байгаа.

ХЗЯ-ны боловсруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөлд үндсэндээ эрүүгийн хэргийг шалгах шатан дахь гол хяналтууд шүүх рүү орж ирэхээр явж байсан. Бид дэмжиж байсан боловч үүнийг УИХ-аас татаад эргээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөлд орж ирэхдээ шүүхийн хяналт, шүүхэд гомдол гаргах гэх мэт асуудлууд байхгүй болчихоод байгаа юм.

Тийм учраас бид иргэд, бизнес эрхлэгчдийнхээ эрхийг хангая гэх юм бол шүүхийн хяналт, гомдол гаргах нөхцөлийг хангах ёстой. Энэ бол өнөөдөр дутагдаж байгаа зүйл.

Бизнес эрхлэгчдийн өнцөг...

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Б.Лхагважав: Би бизнес эрхлээд 25 жил болж байна. Яг нарийндаа арбитр гэдгийг мэддэг бизнес байхгүй байсан. Аргагүй бид 1990 онд өмчгүй байсан учраас. Одоо ч гэрээ хэлэлцээр, үүний цаана яаж хүний өмч нэг нь нөгөөдөө шилждэг вэ, бизнесийн ертөнц өөрийн гэсэн шүүхтэй байдаг гэдгийг таниулаагүй, мэдүүлээгүй хэвээрээ байна.

Бид аль социализмын үеийн шүүх арбитр гэсэн юмаа яриад л байна. Шүүх гэхээрээ л өмчгүй, өмчийн харилцаагүй байсан нийгмийн юм одоо хүртэл байна.

Арбитрыг таньж, мэдүүлэх нь хамгийн чухал. Ядаж энэ үгнээс нь авхуулаад. Энэ системийг нийгэмд таниулах нь чухал. Тийм учраас МҮХАҮТ-ын дэргэд байгаа олон улсын болон үндэсний арбитрууд бие даасан институт болох ёстой.

Нөгөө талаасаа манай бизнесменүүд аливаа гэрээ хэлэлцээрийн маргааныг арбитраар шийдүүлэх дадал суугаагүй байна. Мөн арбитр өөрийн гаргаж байгаа хэрэг нь шударга ёстой нийцсэн, төлсөн мөнгөндөө нийцсэн шийдвэр гаргаад тэр нь нийтэд түгж байсан бол арбитрыг хүн болгон мэддэг болсон байх ёстой.

Мөн манай төр маш олон гэрээ хийж байгаа. Нэг ч гэрээний хойно арбитраар шүүлгэнэ гэсэн заалт байхгүй. Аливаа том гэрээ хэлцэл хийхдээ яагаад Монголын үндэсний арбитраар шүүлгэх асуудлыг гэрээн дээрээ тодорхой хийлгэж болохгүй гэж.

Санал...

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Нэгдүгээрт социализмын үед бид процесст бус материаллаг эрх зүйд ач холбогдол өгдөг байсан. Сүүлийн арван жилд хуульчдын дунд хамгийн их ярилцдаг сэдэв процессын шударга ёс ямар байна вэ гэдэг асуудал болоод байгаа.

Процесст талууд оролцон хүсэл зоригоо илэрхийлээд, байр сууриа хамгаалах боломж, түүнийгээ шийдвэрлэх нөхцөл нь хэр зэрэг шударга вэ гэдгийг ярилцдаг болсон. Үнэхээр Монгол Улсын хувьд аливаа маргаанаа шийдүүлэхдээ процессын шударга ёс гэдэг зүйл орхигдсон.

Зорилго нь зөв бол арга барил нь ямар ч байсан хамаагүй гэсэн байдлаар төрийн байгууллагууд ханддаг. Энэ хандлагын золиос нь бизнес эрхлэгч, иргэдийн ашиг сонирхол. Тийм учраас эхний ээлжид бид процессын шударга ёсыг яаж бэхжүүлэх вэ гэдэг талаасаа нэлээн сайн маргаан өрнүүлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт шүүхийг яаж өрсөлдөөнд оруулах вэ гэдэг чухал. Шүүхийг өрсөлдөөнд оруулна гэдэг нь өөрөө маргагч талууд өөрийн шударга гэж итгэж байгаа тэр процессоор асуудлаа шийдвэрлүүлэх тийм эрх нь хангагдана гэсэн үг. Харамсалтай нь Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг манайхан институт талаас нь тайлбарладаг.

Уг нь үүнийг бид процесс талаас нь тайлбарлах юм бол маргаж байгаа талууд арбитраар, шүүхээс өөр арга замаар шударга ёсоо хангуулж болох юм байна гэдэг сонголт руу очно. Энэ хамгийн чухал.