Гурван жил гаруйн дараа Туркийн Истанбул хотод болсон Украин, Оросын төлөөлөгчдийн нүүр тулсан уулзалт өчигдөр буюу Баасан гарагт 90 минут орчим үргэлжлээд өндөрлөжээ.
Дэлхийн Хоёрдугаар дайн дууссан 1945 оноос хойш Европ тивд дэгдсэн хамгийн том дайн тэдний хооронд дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа билээ.
Оттоманы эзэнт гүрний үеийн ордонд болсон уулзалтыг Турк улсын засгийн газар зохион байгуулсан юм.
Талуудын төлөөлөгчид хоорондоо гар барилцаагүй, Украины төлөөлөгчдийн хагас нь цэргийн хээрийн дүрэмт хувцастай байсан зэрэг нь дайн үргэлжилж буйг сануулж байв.
Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан уулзалтын эхэнд тэдний өмнө энх тайван тогтоох, эсвэл үхэл, сүйрлийг үргэлжлүүлэх хоёр зам байгааг анхааруулжээ.
Уулзалт эрт дууссан нь талуудын хооронд байр суурийн ихээхэн ялгаа байсныг харуулж байна.
Украины эх сурвалжийн мэдээлснээр Оросын тал “шинэ, хүлээж авах боломжгүй шаардлага” тавьсан гэнэ. Тухайлбал гал зогсоосны хариуд Украины газар нутгийн томоохон хэсгээс цэргээ татахыг Киевийн эрх баригчдаас шаарджээ.
Уулзалтаас гарсан ганц үр дүн нь талууд олзны цэргүүдээ харилцан солилцох тохиролцоо байсан байна.
Талууд тус бүр 1,000 олзны цэрэг солилцохоор болжээ.
“Маш хүнд өдрийн маш сайн төгсгөл байлаа” гэж Украины гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица энэ талаар мэдэгдсэн байна.
Украины төлөөлөгчдийн ахлагч, батлан хамгаалахын сайд Рустем Умеров солилцоог ойрын үед зохион байгуулахаар болсныг мэдээлжээ.
Мөн талууд харилцаагаа үргэлжлүүлж, дараагийн шатны уулзалтад Зеленский, Путин нарыг оролцуулах талаар ярилцсаныг тэр хэлсэн байна.
Ямартай ч Оросын тал Путинийг уулзалтад оруулах Украины хүсэлтийг сонсож, цааш уламжлахаар болсон гэнэ.
Оросын төлөөлөгчдийн ахлагч Владимир Мединский уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдээд цаашид харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгааг илэрхийлжээ.
Гэхдээ нөгөө талаар Оросын тал ийм дипломат харилцаа үүсгэх замаар цаг хугацаа авах, олон улсын дарамт шахалтыг сулруулах, удахгүй хэрэгжихээр бэлтгэгдэж буй Европын Холбооны 18 дахь ээлжийн хориг арга хэмжээг саатуулах санаатай байж магадгүй гэсэн болгоомжлол Украин болон түүний холбоотнуудад төрөөд байгаа.
Пүрэв гарагт Ойрх Дорнодод айлчилж байхдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Путин бид хоёр уулзахаас наана ямар ч асуудал шийдэгдэхгүй” гэж хэлснээс үзвэл Цагаан ордон Истанбулын уулзалтаас төдийлөн их зүйл хүлээхгүй байгааг харуулсан юм.
Гэхдээ тэдний уулзалт хэзээ болох талаар мэдээлэл алга байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээд түвшний уулзалт шаардлагатай нь тодорхой байгааг хүлээн зөвшөөрсөн боловч үүнд бэлдэхэд чамгүй цаг хугацаа орохыг мэдэгдсэн юм.
Ийм уулзалт болсон ч үүнд Украины ерөнхийлөгч Зеленский уригдах магадлал бага байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!