Живсэн хөлгөөс олсон алтаа хаана байгааг хэлэхээс татгалзсан эрдэнэсийн хайгуулч шоронгоос суллагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Живсэн хөлгөөс олсон алтаа хаана нуусныг хэлэхээс татгалзсан Америкийн эрдэнэсийн хайгуулч арван жилийн дараа шоронгоос суллагджээ.

Түүний далайн ёроолоос гаргаж авсан гэх 500 алтан зоос одоог хүртэл олдоогүй байгаа юм.

Одоо 73 настай Томми Томпсон 1988 онд Өмнөд Каролинагийн эрэг орчмоос 1857 онд живсэн “SS Central America” хөлгийн үлдэгдлийг илрүүлж, олон саяар үнэлэгдэх хэмжээний эрдэнэсийг далайн ёроолоос гаргаж байжээ.

Томпсон энэ төслийг хэрэгжүүлэхдээ олсон ашгаасаа хуваалцах нөхцөлтэй санхүүжилтийг хөрөнгө оруулагчдаас цуглуулж байсан юм.

Гэвч тэр энэ амлалтаа биелүүлэлгүй олон жил оргон зугтсаны эцэст 2015 онд баригдан шоронд хоригджээ.

1857 онд живсэн хөлөг Сан Франциско хотод цутгасан 13,600 кг орчим алтан зоос, гулдмайг тээвэрлэж явсан гэдэг.

Уг алтыг АНУ-ын зүүн эргийн банкуудад хадгалуулах зорилготой тээвэрлэж байсан хөлөг нийт 425 далайчин, зорчигчийн хамт 2,000 гаруй метрийн гүнд живсний улмаас тухайн үед санхүүгийн хямрал үүсэж байжээ.

Нийтдээ 161 хөрөнгө оруулагч Томпсоны төслийг $12.7 саяар санхүүжүүлсэн юм.

Тухайн үед Охайо мужийн Колумбус хотын Баттелийн Дурсгалын Хүрээлэнд далайн инженерээр ажиллаж байсан Томпсон болон түүний баг олон мянган алтан гулдмай, алтан зоосыг далайн ёроолоос гаргаж чадсан бөгөөд хожим 2000 онд тэдгээрийг нэгэн алтны компанид $50 саяар заржээ.

Хөрөнгө оруулагчид 2005 онд дээрх борлуулалтаас юу ч олж чадаагүй гэсэн шалтгаанаар Томпсоныг шүүхэд өгсөн байна.

Сүүлд мөрдөн байцаалтын явцад Томпсоны далайн ёроолоос гаргасан эрдэнэсийн үнэлгээ $400 сая хүрснийг тогтоож байжээ.

Улмаар 2012 онд шүүхэд дуудагдсаныхаа дараа Томпсон оргон зайлж, эцэст нь 2015 онд Флорида мужийн Бока Ратон хотоос нэг хамтрагчийн хамт баригдаж байв.

Тэд хоёр жил зочид буудалд хуурамч нэрээр амьдрахдаа төлбөрөө байнга бэлэн мөнгөөр гүйцэтгэж, мөр үлдээхгүйн тулд зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл ашиглаж байжээ.

Томпсон мөрдөн байцаалтын үеэр ор сураггүй алга болсон 500 алтан зоос хаана байгааг хэлэхээс татгалзаж, 2015 оны арванхоёрдугаар сард 24 сарын хугацаатай шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн байна.

Гэхдээ иргэний хэргийн энэ ял тухайн хүн шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл үргэлжилдэг. Тиймээс алтыг хаана нууснаа хэлээгүй тэр арван жил хоригджээ.

Өнгөрсөн онд шүүх Томпсон хэзээ ч шаардлагыг биелүүлэхгүй нь тодорхой болсон тул суллах шийдвэр гаргасан юм байна.

 

Эх сурвалж: BBC