Өмнөд Солонгосын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Тоттенхэм Хотспур клубийн довтлогч Сон Хюн Мин өөрийг нь сүрдүүлж, мөнгө нэхсэн 20 гаруй насны эмэгтэй, 40 гаруй насны эрэгтэй хоёрын эсрэг шүүхэд гомдол гаргажээ.
А нэртэй эмэгтэй болон Б нэртэй эрэгтэйг энэ хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэлснээ Сөүл хотын Ганнам дүүргийн цагдаагийн газар Пүрэв гарагт мэдээлсэн юм.
Пүрэв гарагийн орой нь мөрдөгчид сэжигтнүүдийн гэрт нэгжлэг явуулж, тэднийг баривчлах хүсэлт гаргасан байна.
Зарим хэвлэлд мэдээлснээр Сон өмнө нь тэр эмэгтэйтэй дотно харилцаатай байжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард эмэгтэй өөрийгөө жирэмсэн болсныг хэлж, үүнийгээ батлах хэт авианы зургийг Сонд илгээсэн юм байна.
Мөрдөгчид энэ илгээсэн зураг нь хуурамч байх өндөр магадлалтай гэж дүгнэжээ.
Сэжигтэн эмэгтэй тухайн үед Соноос 300 сая вон ($219,000) нэхэж, өгөхгүй бол жирэмсэн болсноо нийтэд зарлахаар сүрдүүлсэн гэнэ.
Тухайн үед Соны баг нэр хүндээ хамгаалахын тулд нэхсэн мөнгийг нь төлж байжээ.
Ингэхдээ А-аас мэдээллийг задруулахгүй гэсэн амлалтыг бичгээр авч байсан байна. Сүүлд Сонтой харилцаагаа тасалсан эмэгтэй Б-тэй дотносох болжээ.
Найз эмэгтэйгээ өмнө нь алдартай хүнтэй холбоотой байсныг мэдсэн Б гуравдугаар сард Соны багтай холбоо барьж, дахин 70 сая вон нэхсэн байна.
Энэ асуудлыг мэдэгдэлгүйгээр зохицуулахыг хичээж байсан менежэр нь эцэстээ Сонд дуулгаснаар хуулийн байгууллагад хандахаар болжээ.
Б өмнө нь бас бусдыг сүрдүүлэх гэмт хэрэг үйлдэж байсан түүхтэй хүн юм байна. Сон Хюн Миний баг энэ удаа Б-тэй тохиролцохгүй, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|