Украины дайныг зогсоох асуудлаар Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихаар төлөвлөснөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдээлжээ.
Улаанбаатарын цагаар 22:00 цагт Путинтэй утсаар ярих бөгөөд дараа нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон НАТО-гийн гишүүн зарим орны удирдагчидтай үргэлжлүүлэн ярих тухай Трамп сошиал хуудсаараа мэдээлсэн байна.
Баасан гарагт Истанбул хотод Украин, Оросын төлөөлөгчид уулзаад гал зогсоох талаар ямар нэг ахиц дэвшил гаргаагүй юм.
Сүүлийн гурван жил гаруй хугацаанд дайтагч талууд анх удаа уулзсан нь энэ байлаа.
Хэрвээ Истанбулын уулзалтад Путинийг очвол Ойрх Дорнодын орнуудад айлчилж байсан Трамп түүнтэй уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн ч тийм зүйл болоогүй өнгөрсөн.
Хоёр ерөнхийлөгчийн ярианд бэлдэж эхэлснээ Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр орой баталжээ.
“Энэ өдөр үр дүнтэй өнгөрч, гал зогсож, цаашлаад хэзээ ч дэгдэх ёсгүй байсан дайн дуусна гэдэгт найдаж байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн юм.
Истанбулын уулзалт өндөрлөснөөс хойш хэдхэн цагийн дараа Украины Сумы мужийн нутаг дэвсгэрт Оросын нисгэгчгүй онгоц зорчигч тээврийн автобусанд халдсаны улмаас есөн хүний амь үрэгджээ.
Ерөнхийлөгч Зеленский үүнийг “энгийн номхон иргэдэд санаатай халдсан хэрэг” гэж дүгнээд Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг холбоотнууддаа уриалсан байна.
Оросын тал энэ халдлагын талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй юм. Харин тус улсын төв хэвлэл зэвсэгт хүчин нь Сумы мужийн нутагт “байлдааны бүсэд” довтолсон талаар мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
65 СЭТГЭГДЭЛТЭЙ
|