Автомашины дугуй үйлдвэрлэгч Kumho Tire компанийн Гванжу хотын үйлдвэрт өчигдөр томоохон түймэр гарсны улмаас Өмнөд Солонгосын эрх баригчид үндэсний хэмжээнд гал сөнөөх хүчийг дайчлах шийдвэр гаргажээ.
Нийслэл Сөүл хотоос зүүн өмнө зүгт 270 км зайд оршдог уг үйлдвэрт Бямба гарагийн өглөөний 7:11 цагийн үед гал гарсан нь маш хурдтай тархаж, дөл нь 100 метрийн өндөрт хүрснийг албаныхан мэдээлсэн байна.
Орой 17:00 цагийн үед үйлдвэрийн баруун жигүүрийн 70 орчим хувь буюу хөлбөмбөгийн таван талбайтай тэнцэх хэсэг шатаж байжээ.
Гал сөнөөгчид энэ үед үйлдвэрийн бусад хэсэгт гал тархахаас сэргийлэн ажиллаж байв.
Өмнөд Солонгосын Гал Түймэртэй Тэмцэх Үндэсний Агентлаг орон даяар дайчилгаа явуулах захирамж гаргаж, хөрш зэргэлдээ бүс нутгуудаас гал сөнөөгчид, машин техникийг Гванжуд татаж эхэлжээ.
Улсынхаа хоёр дахь том дугуй үйлдвэрлэгч Kumho Tire энэ үйлдвэрийн бүх үйл ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн байна.
Тухайн өдөр ээлжтэй байсан үйлдвэрийн 400 орчим ажилчныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн ч 20 гаруй насны нэг эрэгтэй ажилчин түлэгдэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. Түүний түлэгдлийн зэргийг амь наснаас хол гэж үзэж байна.
Мөн түймрийг унтраах ажиллагаанд оролцож буй хоёр гал сөнөөгч түлэгдсэн байна.
Үйлдвэрийн ойролцоо амьдардаг 75 хүнийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлжээ.
Түүхий резин халаах төхөөрөмжөөс гал анх гарсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм байна.
Үйлдвэрт 20 тонн орчим түүхий резин хадгалагдаж байсан нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байгаа ажээ.
Гал түймрийн улмаас үйлдвэрлэл зогссон нь Өмнөд Солонгосын Hyundai Motor, Kia Corp зэрэг томоохон автомашин үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй байна.
Тухайлбал Kumho Tire дугуйг ашигладаг Hyundai Motor компанийн Casper загварын автомашины үйлдвэрлэл тасалдах эрсдэлтэй болжээ.
Бас энэ гал түймэр Kumho Tire компанийн хоёрдугаар улирлын борлуулалтад сөрөг нөлөө үзүүлэхээр байна.
Тус компани өнгөрсөн онд 4.5 их наяд воны ($3.21 тэрбум) бүтээгдэхүүн борлуулж, 590.6 тэрбум воны татварын өмнөх ашиг олж байв.
2025 онд борлуулалтаа таван их наяд вонд хүргэх зорилт тавьж, эхний улиралд 1.2 их наяд воны бүтээгдэхүүн борлуулж байжээ.
“Түймэр одоо бүрэн хяналтад орсон тул бид ойрын хугацаанд хохирлын тооцооллоо зарлаж, үйлдвэрлэлийн шугамаа нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг танилцуулах болно” гэж тус компанийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
|