Украины агаарын цохилт Крымийн хойгийг эзлэгдсэн Херсон мужтай холбодог хэд хэдэн гүүрийг гэмтээжээ
Украины шинэ агаарын цохилтын улмаас Крымийн хойгийг эзлэгдсэн Херсон мужтай холбодог хэд хэдэн гүүр гэмтсэн тухай тус бүс нутгийн Москвагаас томилогдсон албан тушаалтнууд Пүрэв гарагт мэдээлжээ.
Тухайлбал Херсон мужийн захирагч Владимир Сальдо нисгэгчгүй онгоцнуудын дайралтын дараа Преображенка, Мирно орчмын Хойд Крымийн сувгийг дамнасан гүүрнүүд, Перекоп-Армянскийн гүүр, Ставки тосгоны ойролцоох гүүр эвдэрч гэмтсэнийг мэдээлсэн байна.
“Хохирол учирсныг урьдчилсан мэдээлэл баталж байна. Мэргэжилтнүүд одоо байгууламжуудын нөхцөл байдлыг үнэлэх үзлэг явуулж байгаа” гэж Телеграм сувгаараа тэр хэлжээ.
Долоо хоногийн эхээр хойгийн зүүн хойд хэсэгт оршдог Чонгарын гүүр Украины цохилтын улмаас хаагдсаны дараа дээрх гүүрнүүд Крымд хүрэх гол замууд болоод байсан юм.
Чонгарын гүүр нь Оросын Донын Ростов хотыг Крымийн хойгийн хоёр дахь том хот Симферопольтой холбодог Р-218 хурдны замын нэг хэсэг байжээ.
Сүүлийн сар гаруй хугацаанд Украины тал дунд тусгалын дроны цохилтоор Оросын эх газраас Крымийн хойгт хүрэх цэргийн болон ачаа тээвэр, шатахууны автомашинуудыг амдан устгах болсон.
Үүний улмаас Крымийн хойг даяар бензин шатахууны ноцтой хомсдол үүсээд байгаа. Тус хойг Оросын эх газартай Керчийн гүүрээр шууд холбогддог ч Украины цохилтын улмаас түлш шатахуун зэрэг аюултай ачаа тээвэрлэх боломжгүй болсон.
Тиймээс хойд хэсгийн гүүрнүүд хангамжийн гол зам болоод байсан юм.
Энэ сарын эхээр Украины зэвсэгт хүчин агаарын цохилтын хүрээгээ өргөжүүлснээр тун удахгүй Керчийн гүүр цэргийн хангамж тээвэрлэх боломжгүй болж магадгүйг анхааруулж байв.
Лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын Жолоочгүй Системийн Зэвсэгт Хүчин үүсгэн байгуулагдсанаасаа хойш нэг жилийн хугацаанд Орос улсын нутаг дэвсгэр болон эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх янз бүрийн байнуудад нийтдээ $40 тэрбумын хохирол учруулсныг мэдэгджээ.
“Өмнө нь уламжлалт зэвсэг ашиглах ямар ч боломжгүй, эсвэл ашиглахад маш хэцүү байсан зорилтуудаа бид хэрэгжүүлж чаддаг боллоо” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

