Ираны эсрэг агаарын довтолгоогоо зогсоосны дараа Трамп гэрээ байгуулагдах ойрхон болсныг мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн агаарын довтолгоогоо зогсоосны дараа Иран улстай дайныг зогсоох тохиролцоонд хүрэхэд ойрхон болсныг мэдэгджээ.

“Бид дайныг зогсоох асуудлаар Ирантай гайхалтай сайн тохиролцоонд хүрлээ” гэж тэр өчигдөр Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.

Гэвч Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаей өөрийн төв телевизээр ярихдаа Трампын мэдэгдлийн талаар “таамаг төдий зүйл”, “юу ч эцэслэн шийдэгдээгүй байна” гэж хэлжээ.

Трамп хэд хоногийн өмнө бас хоёр улс тохиролцоонд хүрэхэд тун ойрхон болсныг мэдэгдэж байсан юм. Энэ удаа тэр сүүлийн мэдэгдлээ хийхээс хэдхэн цагийн өмнө Ираныг “маш хүчтэй бөмбөгдөнө” хэмээн сүрдүүлж байлаа.

Талууд дөрөвдүгээр сарын дундуур дайны галыг зогсоох тохиролцоонд хүрсэн ч өнгөрсөн хугацаанд аль аль нь харилцан нэгэн рүүгээ гал нээсээр байгаа.

Хамгийн сүүлд АНУ-ын зэвсэгт хүчин энэ долоо хоногт хоёр ч удаа Ираны нутаг дэвсгэр дэх байгууламжуудад агаарын цохилт өгөөд байна.

Өчигдрийн Трампын мэдэгдлийн дараа дэлхийн зах зээл дээр Брент ангиллын газрын тосны баррель тутмын үнэ 4.4 хувиар буурч, $89 орчимд хүрсэн юм.

Сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Трамп “Ираныг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүй байх гэрээг бид байгуулах гэж байна. Энэ бол манай гол зорилго байсан. Энэ бол маш том зүйл” гэж хэлжээ.

Гэрээний баримт бичгүүдийг боловсруулж дууссаны дараа “Магадгүй Европт газрын үсэг зурах байх” гэж Трамп хэлсэн байна.

Тэр бас уг гэрээ байгуулагдсаны дараа Ормузын хоолой нээгдэхийг амлажээ.

Трамп энэ талаар Персийн булангийн холбоотнууд болон Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай ярилцсанаа мэдээлээд “Ойрх Дорнод бүхэлдээ маш их баяртай байна” гэж дүгнэсэн юм.

Лхагва гарагт АНУ-ын цэргийн төв командлал Ираны өмнөд нутагт оршдог цэрэг, тагнуул, радарын байгууламжуудад агаарын цохилт өгч дууссанаа зарласан.

Үүний хариуд Ираны Хувьсгалт Гвард бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазууд байрладаг Бахрейн, Кувейт, Йордан улсуудад агаараас довтолсноо мэдээлжээ.

Бахрейн улсад Ираны дроны халдлагын улмаас орон сууц, автомашинууд гэмтэж, 11 настай нэг охин шархадсан тухай тус улсын эрх баригчид Пүрэв гарагт мэдээлсэн байна.

Йордан улс Ираны зүгээс ирсэн 20 орчим дроныг устгаснаа, Кувейт улсын зэвсэгт хүчин “дайсагнагч агаарын бай”-нуудад цохилт өгснөө мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC