Агаарын чанарын хуульд заасны дагуу дүүргүүдийн шар болон ногоон бүсчлэлийг тогтоосон. Ногоон бүсчлэлд 101 мянган айл багтаж байгаа бөгөөд энэ бүсэд цаашид хатуу түлш хэрэглэхгүйгээр үе шаттай хийн болон цахилгаан түлш рүү шилжүүлэх шийдвэр гарсан билээ.
Төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай өнөөдөр санал солилцох үеэрээ хотын дарга Х.Нямбаатар “Энэ жил 51 мянган айл өрхийн сууцыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэх ажлыг зургаадугаар сараас эхлүүлнэ.
Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 1-нээс ногоон бүсчлэлд хамрагдсан 51 мянган айл өрхийн гэр байшинг дулаалж эхэлнэ. Дулаалгын ажлыг хийж дууссаны дараа цахилгаан болон хийн халаагуурын системд шилжүүлэх ажлыг есдүгээр сарын 15-наас эхэлнэ. Ийнхүү дулаалсан, шаардлага хангасан айл өрхүүд хийн болон цахилгаан халаагуурт шилжих боломж бүрдэнэ” гэжээ.
Үлдсэн 100,000 орчим айл өрхөд хагас коксожсон нүүрсийг хэрэглүүлнэ. Боломжтой айл өрхүүдэд зуухны шинэчлэлийг хийнэ гэж тэрбээр өмнө нь мэдэгдсэн юм.
Энэ онд цахилгаан болон хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51,080 айл өрхөд есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл урамшуулал олгоход 45.9 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд "Тавантолгой түлш" компани үйлдвэрлэлээ бууруулах, орон тоогоо цомхотгох зэргээр 75 орчим тэрбум төгрөгийг хэмнэж, урамшууллын зардлыг гаргахаар болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!