А.Амартүвшин: Цахилгаан болон хийн түлшний халаагуурт шилжсэн нэг айл 900,000 хүртэлх төгрөгийн урамшуулал авна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр болж буй НИТХ-ын III хуралдаанаар "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох" журмыг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Журмын төслийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг 2025-2028 онд шар, ногоон гэж хоёр хуваасан.

Агаарын чанарыг сайжруулах бүсийг шар гэж нэрлэсэн бөгөөд тус бүсэд хатуу түлш хэрэглэх ба бусад эх үүсвэр рүү үе шаттайгаар шилжүүлэхээр төлөвлөж байгаа. Тус бүсэд агаар бохирдуулж байгаа авто тээврийн хэрэгслийг ашиглах, тэдгээрийг өмчлөгч эздэд дизель, бензин худалдан борлуулах, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар газрын доорх усыг ашиглах, авто сэлбэгийн задгай худалдаа эрхлэх, хог хаягдал дахин боловсруулах устгах, шатаах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, дахивар авах цэг байгуулах, ШТС-ууд Евро 5-аас бусад төрлийн түлшийг худалдахыг хориглоно.

Харин ногоон бүсэд гэр, байшингаа дулаалсан, хатуу түлшийг халсан айлыг үнийн урамшуулал олгох журамд хамруулна.

Урамшууллыг аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал нийт долоон сарын хугацаанд олгоно.

Дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлшийг халсан өрхүүдэд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуур, тоног төхөөрөмжийг нэг удаа үнэгүй суурилуулж, хэрэглээний үнийн урамшуулалд хамрагдах эрх үүснэ.

Халаалтын улиралд 50,000-250,000 төгрөгийн урамшууллыг үе шаттайгаар олгоно. Өрхийн хэрэглээ нь төлбөр урамшууллын хэмжээнд хүрээгүй тохиолдолд дараагийн сард шилжүүлэн тооцно. Урамшууллыг зөвхөн тухайн жилийн халаалтын улиралд шилжүүлэн тооцно.

Журмын хамаарах бүсийн дүүрэг, хороо бүрд комисс байгуулагдана. Комиссын дүгнэлтийг үндэслэж дүүрэг, хорооны Засаг дарга, Тавантолгой түлш компани, тухайн өрхийг төлөөлөх иргэн гурвалсан гэрээ байгуулснаар журамд хамрагдах нөхцөл бүрдэнэ.

Өрхөд үнэгүй суурилуулсан цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуур, тоног төхөөрөмжийг бусдад зарах, дамжуулах, эвдсэн бол төлбөрийг тухайн үеийн ханшаар тооцож төлүүлнэ.

2025 онд нийслэлийн гэр хорооллын 51,080 өрхийн янданг буулгаснаар агаарын бохирдлыг 29.5%-аар бууруулах тооцоолол, судалгаа гарсан.

Энэ онд бүх цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51,080 айл өрхийн үнийн хөнгөлөлтийг аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал нийт долоон сарын хугацаанд дараах байдлаар олгоно.

  • Аравдугаар сард 50,000
  • Арваннэгдүгээр сард 100,000
  • Арванхоёрдугаар сард 200,000
  • Нэгдүгээр сард 250,000
  • Хоёрдугаар сард 200,000
  • Гуравдугаар сард 50,000
  • Дөрөвдүгээр сард 50,000 төгрөгийг олгох бөгөөд нэг айл галлагааны улиралд нийт 900,000 хүртэлх төгрөгийн урамшуулал авах боломжтой.

2025 онд

Цахилгаан халаагуурын хэрэглээнд:

  • Сонгинохайрхан дүүргийн 21, 23 дугаар хороо 
  • Баянгол дүүргийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хорооны нийт 10,858 өрх

Хийн халаагуурт /LPG/

  • Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 9, 11, 28, 30, 39, 43 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо
  • Баянгол  дүүргийн 16 дугаар хороо
  • Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо
  • Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр  хороо

Байгалийн хийн халаагуурт /LNG/

  • Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 30, 31 дүгээр хорооны нийт 40,234 өрхийг шилжүүлнэ" гэж танилцууллаа.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэлх, тавдугаар сарын 1-15-ныг хүртэлх өдрүүдийг урамшууллаас хассан. Эдгээр сард цаг агаар харьцангуй дулаан байдаг. Энэ саруудад олгох урамшууллыг ид хүйтний үед ахиухан олгохоор журамд тусгасан. 

Хийн хэрэглээний стандартыг батлах тогтоол гарсан. Эрдэмтэд болон хийн түлшний үйлчилгээ эрхэлдэг хувийн байгууллагуудтай уулзалтууд зохион байгуулж уг журмыг боловсруулсан. Олон улсын донор байгууллагуудаас дулаалга, тоног төхөөрөмжийг худалдаж авахад журмыг батлуулсан байх шаардлага үүсэж байна.

Халаалтын улиралд "Тавантолгой түлш" компаниас 51,080 айлын урамшуулалд нийт 45.9 тэрбум төгрөгийн зардал гарахаар тооцоологдсон. Харин аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд олгох урамшуулалд 17.9 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоолол гарсан.

Айл өрхийг дулаалах ажилд ЗХЖШ, Батлан хамгаалахын их сургууль, ДХИС, Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг оролцуулахаар төлөвлөсөн.

Цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуур, тоног төхөөрөмжийг суурилуулахдаа тендер зарлаж, тухайн ААН хариуцна. Төхөөрөмжийг олон улсын донор байгууллагын санхүүжилтээр худалдаж авна" гэж төлөөлөгчийн асуултад хариулав.

"Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр "Нийслэл хотод жилд 500 орчим мянган тонн сайжруулсан түлш хэрэглэдэг. Түлшийг хөдөө орон нутаг руу алддаг байсан нь компанийн алдагдал, үүнд хяналт тавина.

50,000 гаруй айлыг цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуурт шилжихтэй холбогдуулан энэ жил түлшний үйлдвэрлэлээ 350 мянган тонноор төлөвлөж, 150 мянган тонноор бууруулсан. Ингэснээр 50 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна. Мөн технологийн болон бүтцийн өөрчлөлт орсон. Намайг ажил хүлээж авахад 2,000 орчим ажилтантай байсан, зургаадугаар сарын 1-н гэхэд 1,089 ажилтантай болно. Бүтцийг цомхотгосноор 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, техник ашиглалтын зардлыг бууруулж, ашиглалтын коэффицентийг сайжруулснаар нийт 75 орчим тэрбум төгрөгийг хэмнэж, урамшууллын зардлыг гаргах юм" гэлээ.

Зарим төлөөлөгч уг журмыг батлахгүй байх санал ч гаргав. НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг