ЗОХИОЛЧИД: Юу ч мэдэхгүй эрээчдэг хүмүүс их бий учир сайн сонгож уншаарай... Номын баяр нь зохиолчдын хувьд урам зориг, дэмжлэг юм

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 16
IKON.MN

Зохиолчид уншигчидтайгаа уулзан золгож, уншигчид дуртай номоо нэг дороос хямдралтай, урамшуулалтай үнээр худалдан авах боломжтой номын баяр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. 37 дахь удаагийн номын баяр нь өнөөдөр болон амралтын хоёр өдөр дуустал үргэлжлэх юм. 

Энэ жилийн номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Номын баярын үеэр ихэнх номын дэлгүүр, хэвлэлийн газар, зохиолчид номоо хямдруулдаг уламжлалаар Азхур номын дэлгүүрийн бүх ном 2+1 урамшуулалтай, Интерном номын дэлгүүрийн бүх ном 10-50%, Мир ном хэвлэлийн газрын номууд 20%-ийн болон өөр бусад олон хямдрал, урамшууллуудтай байна. 

Жил бүрийн уламжлал ёсоор хуучин номын худалдаа ч гарсан байна. Энэ жилийн тухайд тойрсон гурван эгнээгээр асруудаа засжээ. 

Түүнчлэн Монголын утга уран зохиолын нэрт төлөөлөгчдийн номууд номын баяр дээр шинэ хэвлэлүүдээрээ уншигчдад хүрч байна. Тухайлбал Ренчиний Чойномын "Гажуу улаан" "Сүмтэй бударын чулуу" зэрэг түүний бусад бүтээлүүд, Лодонгийн Түдэвийн "БНУ-ын анхдугаар он", "Малчин Ө-гийнд ноён ө зочлов" зэрэг олдохоо больсон ховор номуудыг нэгтгэж гаргасан 12 ном бүхий "Сонгомол бүтээлүүд" номын түүвэр болон бусад ном, Пунцагийн Бадарчийн "Эрээвэр хураавар", "Юм юмнаасаа"... зэрэг бүтээлүүд, Бавуугийн Лхагвасүрэнгийн "Морин зэрэглээ", "Зовсон сүү" зэрэг бусад бүтээлүүд худалдаалагдаж байна.  

Д.Цоодол: Номын баяр бол зохиолчдын хувьд урам зориг, дэмжлэг юм

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Д.Цоодол "Би залуу байхдаа хөдсөн дээлтэй ард түмнийхээ буянаар гадаад орон руу их явсан ч номын баяртай олон таарч байсангүй. Иймд манай улсад болдог энэ баярыг чамлаж болохгүй. Цаашид улам сайхан болно. Энэ бол зохиолчдын хувьд урам зориг, дэмжлэг юм. Юм мэдье гэвэл ном унш гэж залуучууддаа хэлье. Сошиалыг хөөгөөд ул суурьтай мэдлэг, мэдээлэл авах нь учир дутагдалтай. Ном бол чамтай сугадалцаад явах үнэнч сайн нөхөр юм. Миний таньдаг сайн сайхан зүйл бодож, хийж бүтээж явдаг ихэнх хүмүүсийн амьдрал номтой холбоотой байдаг" гэв. 

Т.Галсан: Өөрсдөө хөдөс өмсөж, үр хүүхдээ нэхийд ороон харин номыг торгоор баринтагладаг хэдэн мянганы бичиг соёлтой ард түмэн билээ 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Тангадын Галсан  "Монголын ард түмэн өөрсдөө хөдөс өмсдөг, үр хүүхдээ нэхийд өлгийддөг харин номыг торгоор баринтаглаж бурхныхаа зулай дээр залдаг хэдэн мянганы бичиг соёлтой билээ. Энэ жилийн номын баярт би есөн номтой ирснээс "Ертөнцийн гурвын А тэргүүт" боть, "Бэлгэ үгийн гурван боть" зэрэг номуудаа онцолж байна. Бэлэг үг гэдэг их учиртай. Жишээ нь сайхан эмээл сайн хүнээс авахдаа "Зээ! Наран саран мэт ах дүү хоёр бүүрэгтэй, навчис дэлгэрсэн мэт алаг хоёр гөрлөмтэй энэ сайхан эмээл эрдэнэт хүлэгтээ жигүүрт болтугай, эзэн хүндээ буян болтугай" гэж хэлдэг.  Түүнчлэн хүний харласан сэтгэлийг сүлэхээр хагацал үзсэн айлд ороод "Зээ! буянтай сайхан буурал бурхны дэргэд морилжээ", "Эрдэнэт хүний сайн төрлийг олоод эргэж удамдаа ирэх гэж байна" зэргээр хэлдэг үгс бий" гэв. 

До.Цэнджав: Юу ч мэдэхгүй цаасан дээр эрээчдэг хүмүүс их бий. Номыг маш сайн сонгож унших хэрэгтэй 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Долгорын Цэнджав "Ном болгон сайн гэсэн үг биш. Ямар ч номыг маш сайн сонгож унших хэрэгтэй. Жинхэнэ чанартай утга уран зохиол гэдэг шал өөр байдаг. Юу ч мэдэхгүй цаасан дээр эрээчдэг хүмүүс их бий. Иймд тухайн ном ямар асуудлыг гаргасан, Монгол хэлээр баян тансаг бичиж чадсан эсэхийг нь харж сонгох хэрэгтэй. Хүнд юм өгдөг өгөөжтэй ном л хамгийн чухал юм. Миний хувьд 1911 оны хувьсгал, утга зохиол судлалын ном зэргээ уншигчдадаа санал болгож байна" гэв. 

ФОТО: 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.187.121] 2025/5/18
Хэвлэлийн компаниуд зөвхөн шинжлэх ухааны, танин мэдэхүйн номнууд хэвлэж байгаач ээ! Хэний ч уншдаггүй хүмүүсийн намтар, амьдралын түүх хэнд хэрэгтэй юм бэ, хайран цаас ба хог нэмэгдэнэ шүү дээ.
0 | 0 Хариулах
зочин [77.133.249.128] 2025/5/17
Ном бол ертонцийг харах цонх юм Номын цагаан буян дэлгэрэх болтугай
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.43] 2025/5/17
Гайгүй нь тэгээд Сарантуяа гэнүү уран зохиол гэпэг арай өөр зүйл бхаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.151] 2025/5/17
Сүүлийн үед гайгүй зохиолчидын ном хүртэл үг үсгийн алдаа ихтэй хэвлэгдэх болж. Ж-нь саяхан гарсан зохиолч Б.Сарантуяагийн "Самсара" бараг хуудас болгонд алдаа.
2 | 0 Хариулах