Монголын хамгийн өргөн, хамгийн найдвартай дата сүлжээтэй оператор болох Юнител групп 5G сүлжээг албан ёсоор нэвтрүүллээ. Тодруулбал өнөөдөр Юнителийн 5G сүлжээний станц Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд асаж, хэрэглэгчид технологийн дараагийн үе рүү шилжиж, өндөр хурдны интернэтийг бодитоор мэдрэх боломжтой болов.
Дараа үеийн хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн системд радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох ёслолын ажиллагаа Төв шууданд боллоо.
Тодруулбал Unitel, Mobicom, Skytel, GMobile болон Ondo гэсэн таван оператор компани тусгай зөвшөөрлөө авсан юм.
4G сүлжээнээс ялгаатай нь 5G сүлжээ нь байршлаас хамааран 10-100 дахин хурдан. Түүнчлэн 5G сүлжээ маш бага хожимдолтой тул алсын зайн хагалгаа, автомат жолоодлого бүхий гэх мэт олон зүйлд давуу талтай. Олон төхөөрөмжийг нэгэн зэрэг дэмждэг юм.
Дэвшилтэд технологид шилжиж буй талаар Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Манай групп 2016 онд Монголд анхлан 4G LTE сүлжээг амжилттай нэвтрүүлж байлаа. Аливаа шинэ технологи хэрэглээнд нэвтрүүлэхээр шинэ боломжууд бий болдог. Тухайн үед 4G LTE сүлжээг нэвтрүүлэхэд гар утсаар интернэт хэрэглэгчдийн тоо огцом нэмэгдсэн. Тухайн үеийн хэрэглээг өнөөдрийнхтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн байна.
Манай инженер, техникийн баг сүүлийн хоёр жил 5G сүлжээний туршилт, техник технологийн шинэчлэлд анхаарч, бэлэн байдлаа хангаж ирсэн. Өнөөдөр эрхээ гардан авч буй нь бидний дараагийн шатанд шилжих албан ёсны эхлэл юм. 5G нь зөвхөн хурд биш. Энэ бол үйлдвэрлэл, ложистик, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарын байгууллагуудад шинэ үеийн автоматжуулалт, хиймэл оюун ухаан, алсын удирдлага, IoT шийдлийг хэрэгжүүлэх бодит суурь юм. Бид бизнес эрхлэгч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, 5G технологийн тусламжтайгаар бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах шийдлүүдийг санал болгоно. Өөрөөр хэлбэл бид төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон бизнес эрхлэгчидтэй нягт хамтран ажиллаж, 5G технологийн тусламжтайгаар хүн бүрд хүртээмжтэй, өндөр бүтээмжийг бий болгон ажиллахад анхаарах болно” гэлээ.
5G технологийг нэвтрүүлэх дэд бүтцийн бэлтгэл ажлын талаар Харилцаа, Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир "Компани тус бүрд 5G технологийн 100MHz радио давтамжийн зурвас татсан. Энэ зурвасаар өмнөх 4G тоон системийг 5G рүү шилжих ажлыг 2027 он хүртэл оператор компаниудад хийх юм. Сүлжээний хувьд Улаанбаатар хот, аймгийн төв, сумын төв гэсэн шатлалтайгаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ бид сонгон шалгаруулалтын нөхцөлд аль болох бага хугацаанд алслагдсан бүс нутаг, сууринуудад шинэ сүлжээг нэвтрүүлэхээр тусгаж өгсөн. Үйлчилгээ эрхлэгчид бол 2025 - 2029 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Оператор таван компанийн хувьд үндсэн сүлжээ, дэд бүтцэдээ ₮1.4 их наядыг таван жилийн хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн байна" гэж онцоллоо.
Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхийн давуу талыг Цахим Хөгжил, Инновац, Харилцаа, Холбооны Яам (ЦХИХХЯ)-ны сайд Ц.Баатархүү "Дэлхий даяар 2019 оноос хойш 5G технологийг нэвтрүүлж эхэлсэн. Үүнийг нэвтрүүлснээр аж үйлдвэрийн дараагийн үеийг бий болгох зорилготой. Бүтээмжийг бий болгох, хүний оролцоог бууруулах, 24 цаг тасралтгүй ажилладаг шинэ үеийн үйлдвэрийг бий болгоход чухал үүрэгтэй.
Хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийдэг ажлыг төрийн байгууллага зөвшөөрөл өгдөгт зарим хүмүүс гайхдаг. Гэхдээ бидний нүдэнд харагддаггүй агаарын орон зайд радио давтамжийн зурвас гэж маш том нөөц бий. Дэлхийн Цахилгаан Холбооны байгууллагын хурлаар улс болгонд энэ нөөцийг тогтоодог. Манай улс нөөцөө авахын тулд уг хуралд идэвхтэй оролцдог юм. Манай улсад хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх ажлыг ХХЗХ зохион байгуулж ажилласан. Уг нөөцийг хуулийн хүрээнд сонгон шалгаруулаад таван оператор компанид 5G сүлжээг нэвтрүүлэх эрхийн бичгээ авлаа. Урьдчилаад тус компаниуд техникийн бэлтгэл ажлаа хангачихсан байсан тул шууд улс орон даяар шинэ сүлжээг нэвтрүүлж байна.
Ингэснээр манай улсын эдийн засагт дотоодын нийт бүтээгдэхүүнд жил бүр ₮1 их наяд орчмоор өсөх боломж бүрдэнэ. Түүнчлэн хүний хөгжлийг тэгш хүртээмжтэй болгох боломжийг бүрдүүлнэ. Хөдөө орон нутгийн иргэд чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч чаддаггүй. Шинэ сүлжээ нэвтэрснээр сумандаа амьдарч байхдаа дэлхийн аль ч хотод байгаа иргэдтэй адил үйлчилгээ авах боломжтой.
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай байдаг. Энэ салбарын урсгал зардлыг бууруулах туршилтыг дэлхийн улс орнууд хэрэгжүүлээд эхэлсэн. Тиймээс 5G сүлжээний ачаар уул уурхай, хөдөө аж ахуй, хүний хөгжлийн салбарт үсрэнгүй хөгжил шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
|