З.Нарантуяа: Хууль эрх зүйн орчноор Хөгжлийн Банкаа буцааж байр суурин дээр нь аваачих хэрэгтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Хөгжлийн Банкнаас “Хөгжил ба шинэчлэл” форумыг өнөөдөр зохион байгуулж, хуулийн шинэчилсэн найруулгын төслөө олон нийтэд танилцууллаа. 

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 46 зүйлтэй бөгөөд банкны үүрэг, хариуцлагын зохион байгуулалтад зарчмын томоохон өөрчлөлт оруулжээ. 

Уг шинэчлэл нь олон улсын сайн туршлага, стандарттай нийцэх, нээлттэй, хараат бус, хариуцлагатай Хөгжлийн Банкны эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготойг онцолж байлаа. 

Хуулийн төсөлд:

  • Төслийн санхүүжилтийг эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, байгаль орчин, бүс нутгийн хөгжилд үзүүлэх үр нөлөө, өгөөжөөр нь үнэлэх зохицуулалтыг тусгажээ. 
  • Ил тод байдал, хараат бус хяналт, хөндлөнгийн үнэлгээний механизмыг нэвтрүүлэхийг чухалчилсан байна. 
  • Экспорт, импортын санхүүжилт, хөрөнгө татах олон улсын сувгуудыг өргөжүүлэх суурь тавигдсанаар ач холбогдолтой аж. 

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяагаас тодруулснаа хүргэе. 

"Үндэсний компаниудыг чадавхтай болгох чиглэлд санхүүжилтийн бодлогоо барина"



Тэрбээр "Хөгжлийн Банк чухам ямар үүрэг оролцоотой байх вэ гэдэг эрх зүйн статусаа нэн тэргүүнд тодорхойлох нь чухал. 

Монгол Улсын хөгжлийг урагшлуулах томоохон ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гадаад, дотоодын зах зээлээс босгож, санхүүжүүлэх хөгжлийн чиг баримжаатай институц байна гэж 2011 онд анх байгуулагдаж байсан. 

Харамсалтай нь өнөөдөр арилжааны банкууд ч санхүүжүүлж болох жижиг байгууллагын зээлүүдийг санхүүжүүлдэг болчихсон байна. 

Төв банкнаас хүртэл төрөлжсөн экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны зөвшөөрөл өгсөн байгаа.

Гэтэл олон улсын Хөгжлийн Банкны чиг хандлага улсынхаа

  • Эдийн засаг
  • Нийгмийн хөгжлийг дэмжих гол зорилт болсон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татдаг.

Улмаар тухайн эх үүсвэрээрээ санхүүжүүлдэг ийм хөгжлийн институц юм. Иймд хууль эрх зүйн орчноор Хөгжлийн Банкаа буцааж байр суурин дээр нь аваачих хэрэгтэй.

Хоёрдугаарт Хөгжлийн Банк нь улсынхаа эдийн засгийг төрөлжүүлэхэд маш чухал үүрэгтэй оролцох ёстой. Өнөөдөр Монгол Улсын экспортын 92 хувь нь зөвхөн уул уурхайн олборлох салбарын орлогоос бүрдэж байна. 

Иймд Монгол Улсын Засгийн газрын нэг номерт анхаарах асуудал бол уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдээ дэмжиж хөгжүүлээд гадаад экспортынхоо өрсөлдөх чадварыг нэмэх явдал. 

Хөгжлийн Банкны зорилтот зах зээл нь үндэсний компаниуд бөгөөд тэдгээрийг чадавхтай болгох чиглэлд санхүүжилтийн бодлогоо барина гэж тодорхойлж байна" хэмээн хэллээ. 

"Хөгжлийн Банкны үйл ажиллагаа ил тод, засаглалын орчин эрүүл байх ёстой"

Үргэлжлүүлэн "Хөгжлийн Банк олон улсын байгууллагатай адилхан томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхдээ хүлээн зөвшөөрсөн арга аргачлал, стандартаар төслөө сонгож, хөгжүүлж санхүүжүүлэх ёстой.

Харамсалтай нь өнөөдөр манай бүх зээл ийм стандартаар яваагүй. Улмаар ихэнх зээл чанаргүй болчихсон. Тиймээс ч олон улсын байгууллагуудтай хамтраад төслийн санхүүжилт хийнэ гэж хуульд тодорхойлж байгаа.

Манай форумд өнөөдөр Азийн Хөгжлийн Банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг бүс нутгийн олон улсын хөгжлийн институцийн төлөөлөл ирсэн. Тэдэнтэй хамтарч томоохон төслүүдээ санхүүжүүлнэ.

Үүний зэрэгцээ жижиг төслүүдийг санхүүжүүлэхгүй гэсэн зарчмын өөрчлөлтийг оруулахаар зорьж байна. 

Хөгжлийн Банкны үйл ажиллагаа ил тод байх ёстой. Ялангуяа засаглалын орчин эрүүл байх учиртай. Улс төрөөс хараат бус, санхүүгийн шийдвэр гаргалт нь зөвхөн төслийн судалгаа, үнэлгээ, эрсдэлийн тооцоонд үндэслэж гардаг болох шаардлагатай.

Хуульд санхүүгийн бие даасан шийдвэр гаргалтыг Хөгжлийн Банк өөрөө гаргана гэдгийг ч тусгасан" гэдгийг хэллээ. 

"Экспортыг дэмжсэн үйл ажиллагаатай байвал оновчтой"

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд захирал, ахлах банкир С.Баасансүрэн "Монгол Улсын Хөгжлийн Банк хуулиа шинэчлэн найруулж байгаад баяртай байгаа.

Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлууд болон суралцах зүйлсээ харж илүү давуу талтай шинэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна.

Аливаа улсын Хөгжлийн Банк нь өөрийн алсын хараатай байдаг. Үүндээ үндэслээд стратегиа боловсруулж, тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бий болгох хэрэгтэй.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тухайд хувийн салбарыг илүү дэмждэг. Бидний хувьд

  • эдийн засгийн хөгжил
  • эдийн засгийн солонгоруулсан байдал
  • шинэ ажлын байр бий болгох нь чухал.

Тийм учраас Хөгжлийн Банк экспортыг дэмжсэн үйл ажиллагаатай байвал оновчтой санагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид хамтарч ажиллах боломжтой.

Гэхдээ олон улсын байгууллагын хувьд тухайн улсын Хөгжлийн Банктай ажиллахад тодорхой шалгуурыг тавьдаг. Хамгийн чухал нь засаглал. Бид хамтран ажиллагсдаа сонгохдоо энэ шаардлагыг голчлон хардаг.

Итгэл төрөхүйц байвал цааш хамтарч ажиллах боломжтой. Зарим улсын хөгжлийн банктай хамтарч ажилладаг туршлага бидэнд бий" гэж ярилаа. 

₮430 орчим тэрбумын зээл эзэнтэй болж, ₮500 тэрбумын баталгаанаас чөлөөлөгджээ

зураг
 

“Хөгжил ба шинэчлэл” форумын үеэр Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяагийн танилцуулсан илтгэлээс тоймлон хүргэж байна. 



Хөгжлийн Банк санхүүгээ сайжруулахаар Засгийн газраар хоёр том шийдвэр гаргуулсан. Чанаргүй зээлд томоохон хувь эзэлж байсан төрийн өмчтэй холбоотой зээлүүдийг эзэнжүүлж, тодорхой болгосон.

Үүрч болзошгүй үүргээс Хөгжлийн Банкийг чөлөөлөх зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд 430 орчим тэрбум төгрөгийн зээл эзэнтэй болж, 500 тэрбум төгрөгийн баталгаанаас чөлөөлөгдсөн.

Өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх арга хэмжээ  авсны үр дүнд хувьцаа эзэмшигч үүргээ гүйцэтгэж, дүрмийн сангаа нэмэгдүүлсэн.

500 сая ам.долларын ногоон бонд гаргах хэлэлцээ амжилттай явж байгаа.

Ямар ч төслийг Хөгжлийн Банк 100% санхүүжүүлэхгүй, тодорхой дүнг өөрсдөө санхүүжүүлдэг байх замаар хариуцлагыг нэмэгдүүлье гэж байгаа.

Нийт багцын 10 хүртэл хувийг ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийг бий болгох салбарт олгох бодлого барина. Нийгмийн зорилтот салбаруудыг санхүүжүүлж дэмжих, технологид суурилсан, ногоон бизнесийг дэмжихэд санхүүжилт олгоно.

Хөгжлийн банк дотоодын банкуудтай өрсөлдөхгүй, төсвөөс санхүүждэг банкуудтай өөрсдийгөө холихгүй. Иймд бид судлаад экспортыг дэмжих үйлдвэр, төсөл хөтөлбөр, дэд бүтцэд төвлөрч анхааръя гэж зорилтот зах зээлээ тодорхойлоод байна.

Хуулийн шинэчлэлээр бий болох өөрчлөлтүүд:

зураг
 

Эрүүл засаглалтай, санхүүгийн үзүүлж байгаа үйлчилгээ цогц, хариуцлагатай байдлаа сайжруулах шаардлагад нийцүүлэн хуулийн төслөө боловсруулсан.

ЭКСИМ банк Хөгжлийн банк хоёр бол институтийн хувьд өөр. Нэг нь хөгжлийн зорилтот төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг, нөгөө нь худалдааны санхүүжилт олгодог. Тиймээс боломжтой хувилбараар хослуулаад явна.