Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг итгэж болох лидер мөн үү?

Б.Энхцэцэг
2015 оны 4 сарын 3
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Нойрсож буй эдийн засаг сэрээрэй, босоорой... Унтаахай цаг дор чухал арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд эхлэв. Улс төрөөс шууд хамааралтай манай эдийн засагт мөнгөө оруулах эсэхээ шийдэж ядан суугаа гадаадын бизнесменүүд Монгол Улсын Ерөнхий сайд Эдийн Засгийн Форумыг ямар үгээр сэрээх бол гэдэгт чих тавьсан нь гарцаагүй.

Гэтэл Ч.Сайханбилэг өчигдөр Эдийн Засгийн Форумыг нээхдээ бүүвэй аялснаас хэтэрсэнгүй. Түүний бүүвэй гадаадын хөрөнгө оруулагчдад гэхээсээ дотоодын улстөрчдөд хаяглагджээ. Ерөнхий сайдын айдас хүйдэс ийнхүү дотоод гэлтгүй гадаадад тод илрэв. Харилцан итгэхийг ердөө л даруухнаар хүсэн ерөөснөөс бус зоримог уриалга, зорилготой дуудлага хэлсэнгүй ээ.

Итгэл, итгэлцлийн талаар ярихад яах аргагүй хэнд, юунд, яагаад гэх асуултууд дагалдана. Олон нийт, улстөрчид, хөрөнгө оруулагчид гээд аль нь ч лидерийг эхлээд сонсоно, лидер өөртөө итгүүлж чадвал дагана.

Итгэлцлийн нэг үзүүрээс Монголын Засгийн газар, нөгөөгөөс нь хөрөнгө оруулагчид бат атгах учиртай.

Гэтэл тэрхүү итгэлцлийн эхэнд амь бөх зогсох ёстой. 

Гэтэл тэрхүү итгэлцлийн эхэнд амь бөх зогсох ёстой. Засгийн газрын тэргүүнд манлайлагчийн малгай алга байгаад хэргийн учир оршиж байх шиг. Эрх баригч Ардчилсан намын дотоод дахь фракцуудын ил, далд хагарал, засагт хамтарсан нэртэй ч найдвартай баг болж чадахгүй байгаа. 

Ардын намынхны сөрөг байр суурь, УИХ дахь тэрс үзэлтнүүдийн популизм сайд нарын танхимын тэргүүний зүрхэнд орчхож. Бүр бэргэсэн туулай шиг болгож орхижээ. Их улс төрийг нэгдүгээр эгнээнээс шууд удирдаж чадахгүй байгаагаасаа болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаа ч мөн л том дуугарч чадсангүй.

“Гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжинэ гэхээр “Оюу Толгой” шийдэгдээгүй байхад сонин биш байна. Бидний итгэлцэл өнөөдөр ийм түвшинд байна” гэж Ч.Сайханбилэг дүгнэлээ.

“Бидний сайн мэдэх “Оюу Толгой” төсөлд энэ итгэлцэл гэх юмны үнэр ч байсангүй... Манайд хийсэн, хийх гэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт, хэдэн арван жилээр үргэлжлэх хамтрагчийн үйл ажиллагаанд ийм зүйл удаан хугацаанд үргэлжилсэн гэж бодохоор толгой сэгсэрмээр” хэмээн Ерөнхий сайд шогшров.

Бас болоогүй ээ, “Өчигдөр стратегийн хууль, “Урт нэртэй” хууль, 106 лиценз энэ тэр гээд л дэлхий даяар цан цохиод, цам харайгаад байсан хүмүүс энэ бүх асуудлыг шийдчихээд байхад бүлх залгисан юм шиг, эсвэл газрын гаваар орсон юм шиг таг чимээгүй байсаар байна” гэж цахим ертөнцийн хов живчдэд тунихаа ч мартсангүй.

“Дахиад өнөө итгэлцэл гээч нь үүсэхгүй байна. Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын алдарт хуулийг хүчингүй болгож цоо шинэ хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн хуулийг Монгол Улс баталсан ч таг чимээгүй" гэсэн гомдлын үгс Ч.Сайханбилэгийн илгээлтэд орсныг сонсоход бүхэл бүтэн улс орны Ерөнхий сайдын өмнөөс халаглан харуусмаар. Энэ бол түүнийг улс төрд лидер болж төлөвшөөгүй, манлайлагчийн дүрд жижиг хэвээр яваагийн илэрхийлэл юм.

Араасаа хөрөнгө оруулалтын цувааг соронздох хоёр толгойн хувь заяаг аанай л сонгуулийн өмнөх улстөржилт анаж буй. Тиймээс УИХ-ын чуулганы завсарлага Ерөнхий сайдын хувьд алдаж болохгүй цаг хугацаа байлаа. Энэ амралтаар Ч.Сайханбилэг Оюу Толгой, Таван Толгойг хөдөлгөх гэрийн даалгавраа хийсэн байх ёстой. “Засгийн газрын тэргүүн олон нийтэд хандан ням гаригт мэдээлэл хийнэ” гэсэн зарыг энэ долоо хоногийн эхээр эртлэн түгээсэн нь ч дээрхтэй холбоотой байж. Даалгавраа онц хийсэн байгаасай. Сайн мэдээ дуулгах биз ээ.

Монголын Ерөнхий сайдын амнаас улс төрийн нөхцөл байдлын тухайд хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг эвдэхэд чиглэсэн тоймтой зүйл унагаж дөнгөөгүй гадаадын бизнесийнхэн Ч.Сайханбилэгээс ч илүү айдастай байгаа нь тодорхой. Хамтарсан Засгийн газрын тэргүүнийхээ хувьд ойр, хэтийн ирээдүйг баримжаалсан улс төрийн амлалт бүхий уриалга мессежээр форумыг нээсэн бол хөрөнгө оруулагчдын идэвхийг сэргээх байсан. Гэвч манай Ерөнхий сайд хүмүүжилтэй хүн учраас худал онгирох нь зохимжгүй хэмээн үзсэн бололтой, нэг тиймэрхүү уйтгартай ерөөл талбиад л өнгөрөв.

“Таван Толгойн хэлэлцээ гацаанаас гарлаа” гэж М.Энхсайхан сайд мэдэгдээгүй бол Эдийн засгийн форум Ерөнхий сайдын бүүвэйн дуунд дугжраад л байх байсан биз. Форумын хоёр дахь өдөр буюу өнөөдөр үдээс хойш товлоод байсан Таван Толгойн хэлэлцээ өчигдөр шуурхай эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. “Чалко” компанийн гэрээтэй холбоотой асуудлаар Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагчдын байр суурь нэлээд ойртжээ. “Ойлголцоогүй үлдсэн зөрүүг талууд бүрэн шийднэ” гэж М.Энхсайхан мэдэгдсэн.

“Бид лидерийн хомсдолд ороогүй ээ, харин шийдвэр гаргах хомсдолд орчхоод байна” гэж Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа хэлснийг санаж байна. Түүний нэрийг анх Засгийн газрын тэргүүнд ярьж эхэлсэн тэр өдрүүдэд "Ч.Сайханбилэг лидер биш" гэсэн илт голонгуй шүүмжлэл улс төрийн хүрээнд явж байсны хариу болгож чуулганы индэр дээрээс өөрөө тийнхүү залруулан тайлбарласан хэрэг байх.

Түүнээс хойш 100 гаруй л хоног өнгөрч. Энэ бол лидер болж хувирахад хангалттай хугацаа биш. Ч.Сайханбилэг их улс төрөөр оролдсон 20 гаруй жилд сөрөг хүчний дуу хоолойнуудын нэг нь болж явсангүй, харин төлөв түвшин гэж хэлж болох буурьтай улстөрчийн төрхөөр өнөөдрийг хүртэл замнасан гэхэд болно.

АН дотор түүнээс илүү нөлөөтэй, түүнээс илүү нэр хүндтэй улстөрч байгаагүйдээ биш, ерөөс Ч.Сайханбилэгээс өөр сонголт олдоогүй учраас тэр Ерөнхий сайдын суудалд очсон билээ.

Ийм тохиолдлыг “азаар” гэдэг байх. Магадгүй, С.Баярцогтын нэр хүнд цэвэр, түүнтэй холбоотой элдэв мэдээлэл нийгэмд тараагүй байсан бол Ерөнхий сайдын суудалд Ч.Сайханбилэгээс илүү гялалзах улстөрч нь АН-аас ганц С.Баярцогт байв.

“Лидерийг цаг үе төрүүлдэг” гэлцдэг. 

“Лидерийг цаг үе төрүүлдэг” гэлцдэг. Тэгвэл одоо яг “хувьсгалын тохироо” бүрджээ. Нийгэм манлайлагчийг нэхээд эхэлж.

Ийм хүлээлт С.Баярыг Ерөнхий сайд болгосон 2006 онд байсан боловч тэр удалгүй улс төрөөс өөрөө явсан. Зарим нь зугтсан ч гэдэг. Хүлээлт одоо дахин даамжирч байна.

Монголын Улс төрд лидер үгүйлэгдсэн нэлгэр том орон зайд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байна. Түүнийг гаднаас нь харахад өөлөх зүйлгүй мэт. Лидерт байх шинж чанаруудаас итгүүлэх, уриалан дуудах, хүмүүсийг өөртөө татах, анхаарлын төвд байх зэрэг ур чадвараар дутуу байна. Энэ маягаар яваад л байвал тэр хүмүүсийн итгэлийг ололгүй буцах аюултай.

Ч.Сайханбилэг лидерийн хувьд Ерөнхий сайд асан Сү.Батболдын амжилтгүй жишээг давтаж магадгүй. Сү.Батболд МАН-ын дарга байх хугацаандаа нам дотроо өөрийн гэсэн манлайллыг бий болгож чадаагүйгээс болж олон нийтэд ч хүлээн зөвшөөрөгдөж амжилтгүй албан тушаалаа өгч байлаа. Энэ нь мөн л түүнд лидерийн зарим өгөгдөл дутсанаас болсон. Харин ч түүний үед намын генсекээр нь ажиллаж байсан У.Хүрэлсүхийн дүр улам тодорч, тэр эрчээрээ өнөөгийн Шадар сайдын албыг хашиж байгаа билээ.

“Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг” гэдэг шиг түүхэнд тэмдэглэх томоохон төслийг лидерийн нэр нөлөөгөөр хэрхэн яаж хөдөлгөж болдгийг Оюу Толгойн гэрээ батлагдах үед Ерөнхий сайд С.Баярын хийсэн мэдэгдлүүдээс харж болно. Энэ Засгийн газрын өмнө, Ч.Сайханбилэгийн ширээнээ Оюу Толгойн далд уурхайн асуудал, Таван Толгойн гэрээ гээд хэд хэдэн том төсөл “хэвтэж” байна.

Эдгээрийг Ч.Сайханбилэг улаан нүүрээрээ тахалж чадахгүй. Түүний зоримог бус, шийдмэг бус байдлаас харахад сайн үйлийн автор нь болъё гээд ч өнөөдрийн байдлаар хүмүүс түүнд итгэхээргүй, дагахааргүй харагдана. Хямрал гаараад ирэхээр хүмүүст хоолны мөнгө чухал болж, Засгийн газрыг аяндаа дагах цаг ирж магадгүй л юм. Гэхдээ тэр болтол дараагийн улстөрч Ч.Сайханбилэгтэй залуур хүлээлцэх биз.

Эдийн засгийн хямралын оргил цагт хариуцлагатай алба авсан учраас Ч.Сайханбилэг мэдээж чадлаараа хичээж байгаад эргэлзэх юун. Өндөр албаны залуур атгасан завшааныг ид насны улстөрчийнхөө хувьд хэрхэн ашиглах, улс төрд нөлөө бүхий лидер болж төлөвшиж амжих эсэх түүнээс, Ерөнхий сайдын багаас ихээхэн шалтгаалж байна даа.

Зураг