“Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо” ТББ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон доноруудынхаа эрх ашгийн төлөө ажилладаг “Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо” ТББ-ын тэргүүн Батболд "Өнөөдөр ийм байдалд хүрчхээд байгаа шалтгаан нь эмч болон шүүж байгаа шүүгчдээ ч биш сайн боловсруулаагүй, цоорхой хууль юм.
Жил хагасын өмнө бэлэн болгоод өргөн барьчихсан байсан Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгуулах тухай хуулийг УИХ өнөөдрийг хүртэл батлаагүй, хэрэгжүүлээгүйгээс энэ асуудал үүссэн гэж харж байна. Иймд УИХ-ын 126 гишүүн үүнд маш яаралтай ажиллах хэрэгтэй байна.
Нас барсан хүн болгоноос л эрхтнийг нь аваад байдаг гэсэн дэгстүүлсэн мэдээлэл байна. Тодорхой шаардлага хангасан, ахиж сэргэхээргүй болсон тархины үхэлтэй донороос л эд эрхтнийг нь авдаг. Нэг амьгүй донор найман хүний амийг аварч байна. Нэг хүний амийг аврахад тэр хүний цаана нь дор хаяж гурван хүний амьдралын чанарыг сайжруулж байдаг" гэв.
Элэг шилжүүлэн суулгуулах хагалгаанд орсон иргэн н.Мөнхжаргал "Одоогоос 15 жилийн өмнө хэсэг мэс заслын эмч нар монголдоо элэг шилжүүлэн суулгаж чадна гэж сэтгэл шулуудан энэ ажлыг эхлүүлсэн байдаг. Миний хувьд Монголд элэг шилжүүлэн суулгах гурав дахь хагалгаанд орж байсан хүн юм. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр Батчулуун, Сэргэлэн эмч нарын ахалсан баг хамт олон 310 дахь хүнийхээ амийг аварчхаад зогсож байна. Хавдар судлалын үндэсний төв дээр 198 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Энэ олон хүний амийг авраад цаана нь хэчнээн гэр бүлд элэг бүтэн амьдралыг бэлэглэж байгаа билээ. Энэ их гавьяаг байгуулсан хүнээ шоронд хийчхээд сууж байна. Өнөөдөр эмчийн маань амь нас дээсэн дөрөөн дээр байна.
Анх Монголд эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлж байхад тэдэнд багаж ч байхгүй гаднаас авдаг байсан. Гэртээ ч харьдаггүй, бидний дэргэд эмнэлэг дээрээ хонодог байсан. Нойр, хоолгүй, ухаан алдаж унатлаа гүйсний эцэст энэ байдалд хүрчхээд байгаа нь харамсалтай" гэв.
Бөөр шилжүүлэн суулгуулах хагалгаанд орсон иргэн н.Билэгсайхан "Миний хувьд диалазын аппаратад гурван жил байсны эцэст бөөр шилжүүлэн суулгуулах хагалгаанд орсон. Амьд доноргүй амьгүй донор хүлээж байгаа хүмүүс маш олон байна. Тэдгээр хүмүүсийн хүлээлэг зогссон байдалтай байна. Надтай адил залуу хүмүүс ч бас элэг, бөөр шилжүүлэн суулгуулах хагалгаанд орох нөхцөл маш их үүсдэг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
|