Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хадаг модны мөчрийг боож, зулзаган модыг үхүүлдэг

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 12
iKon.MN

Сар шинийн өдрүүдэд иргэд Богдхан уулын Цэцээ гүн, Хийморийн овоонд гарч ирж буй жилийн хийморио сэргээж уул овоонд идээ будаагаа өргөдөг билээ.

Түүнчлэн Бурхан Халдун, Отгонтэнгэр уулыг ч бас зорьж очин буян заяагаа даатгадаг.

Тахилгын үеэр хийморийн дарцаг, хадаг модонд уяж, хог хаяж бохирдуулсаар сүсэглэдэг уул овоонууд маань хүний хөлд талхлагдан, байгалийн нөөц нь хомсдон, жилээс жилд Дархан цаазат газрын шинж байдлаа алдсаар байна. 

Тиймээс БОНХАЖ-наас “Богдхан уулын ДЦГ-аас Цэцээ гүн, Хийморийн овоо зэрэг хүндэтгэлт овоонуудад Цагаан сарын билэгт өдрүүдэд гарахдаа хадаг, хийморийн дарцгийг зүй зохистой хэрэглэцгээе” уриатай аяныг хэрэгжүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилтан Ц.Ширэндэв “Манайхан шинийн нэгний өглөө хийморийн овоонд гарч идээ будаагаа өргөн залбирч, хийморио сэргээдэг.

Нэг үеэ бодоход хүмүүс ухамсартай болж, хог хаях нь багасаж байгаа. Гэхдээ бас хоггүй болчихгүй л байна. 

Овоонд гарчихаад л баярлах гээд яараад бууцгаадаг ард нь хэдэн байгаль хамгаалагч хог цэвэрлээд, иргэдийн түлсэн галыг гүйцэт унтраагаад үлддэг.

Энэ жилийн хувьд хуурайшилт их байгаа учир онцгой анхаарч, болгоомжлох зүйл нь гал байгаа. Иргэд маань үүрээр очоод даараад гал түлээд түүнийгээ дутуу унтраадгаас болоод бараг жил бүр Хийморийн овоо шатдаг” хэмээн ярилаа.

Мөн хаа хамаагүй уяж орхисон дарцаг, хадаг нь байгальд шингэхгүй, бохирдуулагч гол хүчин зүйл болоод байгаа юм.

Сүүлийн үеийн хадгийг хүр хорхойн шүлсээр бус нефтийн хаягдлаар хийдэг болсныг судлаачид тогтоожээ. Нефтийн хаягдлаар хийсэн хадаг нь байгальд шингэхдээ удаан, бат бөх учир модны мөчрийг боож, зулзаган модыг үхэхэд хүргэж байгаа ажээ.

Тиймээс сүслэн биширдэг, буян заяагаа  даатгадаг уул, хад, мод шүтээндээ хадаг уяхгүй байхыг байгаль хамгаалагчдын зүгээс уриалж байгаа юм.

 

Хан хэнтийн улсын тусгай хамгаалалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Дүгэрсүрэн “Сүүлийн жилүүдэд Бурхан Халдуныг зорих иргэдийн тоо нэмэгдсээр байгаа.Энэ жилийн хувьд Бурхан Халдуны их тахилгын жил тохиож байна.

Бурхан Халдун уулыг олон зууны туршид байгаль экологийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахгүй тахиж ирсний учир нь зөвхөн цэргийн харчуул Бурхан Халдунд гарч ёслол үйлдэн, тахилгад оролцож буй бусад хүмүүс Цагаан аралд ёс үйлддэг байсантай холбоотой.

Тиймээс энэ уламжлалыг алдагдуулахгүй тахилга үйлдэж байхаар бид төлөвлөж байна” гэлээ.

Сүслэн биширдэг уул овоо, мод, дархан цаазат газрын үнэ цэнийг ухамсарлан тахилгын үед идээ будаа өргөх ёс заншлыг цэгцтэй үйлдэхийг уриалж байна.