Уншиж байна ...
Зураг
Зураг

С.Амарсайхан: Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийг зогсоохгүй. Хугацааг нь хойшлуулаад үргэлжлүүлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийн явцтай танилцжээ. Тус хэлэлцээр хийх хугацааг хойшлуулах шийдвэр гарсан талаар шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Олон нийтийн дунд тайлбар хэрэгтэй байгаа асуудал бол Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээр юм. Миний бие Эдийн Засаг, Хөгжлийн Яамны холбогдох албан тушаалтнуудтай хамтран түр хэлэлцээрийн асуудлаар аж ахуйн нэгж байгууллага, үндэсний үйлдвэрлэгч нартай өчигдөр уулзаж, мэдээлэл өгсөн. 

Эдийн Засаг, Хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд тус хэлэлцээрийн явцыг танилцуулсан. Засгийн газрын хуралдаанаас Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийн хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан. 

Цааш нь үргэлжлүүлэхдээ үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагын саналыг тусгах, нөгөө талаараа экспортлогч аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсох, хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хамгаалах, олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг чанартай хямд өртгөөр нийлүүлэх гэсэн агуулгаар хэлэлцээр хийх хугацааг хойшлуулах асуудал танилцуулагдаж, шийдвэрлэгдлээ.

Монгол Улс олон улсын харилцаанд идэвхтэй оролцож, улсынхаа эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлаа бэхжүүлэх ёстой. Нөгөө талаараа дэлхий нийттэй хамтран ажиллаж, хөл нийлүүлэн алхаж байж хөгжиж урагшилна. Дотоодын зах зээлээ хамгаалах ёстой. Гэхдээ гурван сая хүн амтай зах зээлдээ эргэлдэх үү. Эсвэл 200 сая хүн амтай зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ оруулах уу гэдэг ялгааг тооцно.

Энэ хэлэлцээрийг төр дагнасан байдлаар хийх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд байгуулсан ажлын хэсгүүд мэдээллээ дутуу солилцсон асуудал байгаа. Тиймээс хэлэлцээрийг зогсоох бус хугацааг нь сунгаад үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг бусад салбарын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж, хэлэлцээрийг үргэлжлүүлнэ" гэв.