Уншиж байна ...
Зураг
Зураг

"Нүүрсэн яндан тавиагүй автомашины жолоочид сануулаад болохгүй бол албадлагын арга хэмжээ авна"

П.Сайнжаргал, IKON.MN
38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын утааны асуудлаар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр агаарын бохирдолд нүүрсэн яндангүй автомашинуудын нөлөө их байгааг тэрбээр хэлж байв. 

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авах талаар дараах мэдээллийг нэмж танилцуулав. 

"Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гэр хороололд 198,000 ширхэг яндан байна"



Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар байгуулахаар шийдлээ. 

Цаашид урт, богино, дунд хугацааны төлөвлөгөө, бодлого гаргаж ажиллах чиг үүрэгтэй. 

Тус үндэсний хороог Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахална. Миний бие нарийн бичгийн даргаар ажиллахаар болллоо. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гэр хороололд өнөөдөр 198,000 ширхэг яндан байгааг 2024 оны долдугаар сард нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгууллагууд хамт явж тоолжээ. 

Эдгээр янданд сүүлийн хоёр жилийн хугацаанд дунджаар 520,000-540,000 тонн сайжруулсан түлш түлж байна гэх мэдээлэл бий" гэлээ. 

Үргэлжлүүлэн агаарын бохирдолд нөлөөлөгч хүчин зүйл ба хариу арга хэмжээний талаар дараах мэдээллийг өгсөн юм. 



Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хоёр эх үүсвэрийн бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой ямар арга хэмжээ авах вэ? гэж Засгийн газрын тэргүүний асуусан асуултад нийслэлээс дараах хариултыг өгч байгаа.

Машины тоо жилээс жилд огцом нэмэгдэж байна. Улаанбаатар хотод 804,000 гаруй автомашин бүртгэлтэй байна. 2023 онд Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 325,000 байсан бол өнөөдөр ийнхүү өсжээ. 

Ухаалаг камерын системүүдээс харахад өдөрт дунджаар 350,000-400,000 машин хөдөлгөөнд оролцож байна. Захын дүүргүүдийн камер ухаалаг системд нэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл Баянхошуу, Толгойт, Баруунсалаа, Шархад, Эрдэнэтолгой хавийн зарим камер ухаалаг системд нэгдээгүй байх үеийн тоо.

Энэ сарын 25-наас 176 уулзвар ухаалаг камерын системд нэгдэнэ. Тиймээс хөдөлгөөнд оролцож буй машины тоо өсөх байх. Эдгээр машины агаарт үзүүлж байгаа хамгийн хүнд элемент нь азотын давхар исэл гэдэг химийн хортой бодис юм. 

Тэр дундаа сүүлийн үед манай агаарын алба, Тээврийн цагдаагийн албаныхны хяналт шалгалтаар хөдөлгөөнд оролцож буй автомашинууд, тэр дундаа приус загварын автомашины нэлээд хувь нь зориулалтын нүүрсэн яндангаа сольсныг хэлдэг. 

Энэ нь агаарт хорт бодис ялгаруулдаг шалтгаануудын нэг гэх дүгнэлтэд хүрсэн.

Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөнд оролцож буй машинуудад эхний удаад сануулж байгаа. Дараагийн удаа журамлаж, жинхэнэ нүүрсэн яндангаа тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах албадлагын арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Өнгөрсөн жил 40,000 нүүрсэн яндан гадагшаа зарагдсаныг Шадар сайд Засгийн газрын хуралдааны үеэр хэлж байна.Дотор нь байгаа цагаан алт зэрэг үнэтэй элементүүдийг ялгаж авахын тулд ийм байдлаар зардаг. Зах зээлд 1.5-2 сая төгрөгийн үнэтэй яндангуудыг зарж байна гэх мэдээлэл бий.

Агаарын бохирдолтой иргэд, хөдөлгөөнд оролцогчид, жолоочид, ААН, байгууллагууд бүгд хамтдаа тэмцэх ёстой.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх албанаас хийсэн судалгаа зөвлөмжөөр 60,000 айлд гэр, байшингаа дулаалах зөвлөмжийг өгчээ. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг илүү их өдөөж буй 60,000 айл байна. Гэр, байшингаа дулаалаагүй удаа дараа зөвлөмж дагаагүй.

Мөн 84,400 шулуун яндантай айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай болсон. Чанарын шаардлага хангахгүй болсон зуухнаас болж угаартах эрсдэл байгаа дүгнэлт бий. Айл өрхүүд өөрсдөө зуухаа шинэчлэх үүрэгтэй.

Харамсалтай нь 84,000 айлын зуухыг шинэчлэхгүй бол болохгүй байна.

Дэлхийн агаарын бохирдолтой бусад орнуудын шилжилтийн нэг хэсэг шахмал түлш. Энэ асуудлыг адил туулж яваа. Түүхий нүүрс түлдэг байх үед нүүрсний үнэр, агаарын бохирдлын хэмжээ илүү байсан гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлдэг. 

Бухимдсан иргэд "Түүхий нүүрсээ буцааж түлье, угаартаж байна" гэдэг шаардлагыг тавьж байгаа.

Бид өнөөдрийн хурлаар сайжруулсан түлшний чанар ийм тийм гэдэг нэг ч тоо баримт хэлэхгүй. Яагаад гэвэл энэ талын мэдээллийг зохих итгэмжлэгдсэн лабораториудаас авч байгаа тул өгөх шаардлагагүй гэж бодож байна.

PM 2.5, PM 10-ын хүхэрлэг, дэгдэмхий зэрэг үзүүлэлт манай вэб сайтад тавигдсан байгаа.

Агаарын бохирдлыг бууруулахад айл өрхүүд хамтдаа оролцож, гэрээ дулаалах, яндан зуухаа шинэчлэх ажлыг давхар гүйцэтгэх ёстой.

Сүүлийн үед зуухны шинэчлэлтэй холбоотой асуудалд зарим улс төрч нийгмийн сүлжээнд шүүмжлэл өрнүүлж байна.

Өнгөрсөн жил Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос миний нэр дээр албан бичиг ирүүлсэн. Зуух шинэчлэхэд нийслэлийн ЗДТГ оролцооч гэж. Мөн л нийгмийн шаардлагаас болж зогсоосон. Энэ жил төсөвт мөнгө тавьсан бөгөөд худалдан авах төлөвлөгөө батлагдсан байгаа.

Яндан пийшингээ шинэчилж чадаагүйгээс болж эцсийн золиос нь амь насаа алдсан хохирогчид болж байна гэдгийг дүгнэж ойлгох хэрэгтэйг Хотын дарга Х.Нямбаатар хэлж байна.