Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийг түшиглэн байгуулж буй "Орос улстай хамтран ажиллах санаачилгын Монгол төв"-ийн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтэд ОХУ-аас манай улсад сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков тэргүүтэй төлөөлөгчид болон бизнесийн байгууллагуудын төлөөллүүд оролцож Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ.
Түүний мэндчилгээг товч хүргэвэл "Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжил, хот суурин, үйлдвэр, аж ахуйн газруудын бүтээн байгуулалт болон соёл, боловсрол, шинжлэх ухаан техникийн үе үеийн боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэхэд Орос улсын тусламж дэмжлэг үлэмж их байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан.
ОХУ-ын Засгийн Газар Монгол Улсад жил тутам 673 тэтгэлэг олгодог. 2023, 2024 Монгол Улсын 1,947 оюутан залуус ОХУ-ын их сургуульд суралцаж байгаагаас 83 нь тусгай мэргэжлийн сургалтад хамрагдаж байна.
Улс орны аж ахуйн шаардлагатай мэргэжлээр оюутнууд, судлаачид урт, богино хугацаагаар суралцах, хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, судалгаанд суурилсан санал, санаачилга дэвшүүлэхэд Эрдмийн Их Сургууль санаачилгатай ажиллана гэж итгэж байна" гэжээ.
Энэхүү төв нь зөвхөн Орос, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх төдийгүй бусад улстай ч харилцаа, хамтын ажиллагааны гүүр болох юм гэдгийг талууд онцолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!