Шэнь Миньжуань нь Малайз болон Индонез Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-нд ажиллаж байсан мэргэжлийн дипломатч.
2023 оны есдүгээр сард БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдохын өмнө БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирлаар ажиллаж, Зүүн өмнөд Азийн орнууд хариуцан ажиллаж байсан. Шэнь Миньжуань нь БНХАУ-аас Монгол Улсад сууж буй анхны эмэгтэй Элчин сайд юм. Түүнтэй Монгол, Хятадын уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний технологи, инновацын төвийн үүсгэн байгуулагч, Хятад судлаач, эдийн засагч Ч.Сумъяа ярилцсан юм. Тус ярилцлагыг хүргэж байна.
- Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд Хятад улс ямар ажил хийж, ямар арга хэмжээ авсан бэ? Хоёр улс эрт дээр үеэс хөрш зэргэлдээ амьдарч, түүхэн уламжлалтай. Монголчууд бид урд хөрштэй дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд энэ нь танд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?
- Энэ жил нь Хятад-Монголын харилцаанд чухал ач холбогдолтой жил болж байна: дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны байгуулсны 10 жилийн ой тус тус тохиож байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар дипломат харилцаа тогтоосны ой буюу 10-р сарын 16-нд харилцан баярын цахилгаан солилцсон. Энэхүү үйл явдлаас гадна БНХАУ-ын Дэд дарга Хань Жөн нь есдүгээр сард Монгол Улсад айлчлан ирсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь арваннэгдүгээр сард БНХАУ-д айлчилсан. Энэ бүхэн нь хоёр орны харилцаанд хоёр улс ихээхэн ач холбогдол өгч байгааг онцолж байна.
Энэхүү ойн жилийн хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэд хэдэн онцлох арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. "Хаврын баяр"-аар Монголын цаначид цасан дээр луун бүжиг бүжиглэн ойн баярын арга хэмжээг эхлүүлэв. Тавдугаар сард болсон “Дипломат харилцаа тогтоосны анхны зорилгыг эргэн дурсаж, Хятад Монгол зоригтой урагшилцгаая” сэдэвт семинарт Монголын улс төр, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцож, түүхэн сургамж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Энэ оны 9-р сард "Хятад-Монголын найрамдлын долоо хоног"-ийн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн, мод тарих ёслол зэрэг арга хэмжээнээс эхлээд эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, цөлжилттэй тэмцэх баримтат кино зэрэг үйл ажиллагаа амжилттай зохион байгуулсан.
Онцлох үйл явдлуудын нэг нь Төвд(Шизан)-ийн төлөөлөгчид айлчилж, Төвд(Шизан)-ийн ололт амжилт, Монгол улстай гүн гүнзгий холбоотой Төвд(Шизан) уламжлалт анагаах ухааныг хамруулсан арга хэмжээ байв. Дараагаар нь 10-р сард Хятадын ГХЯ-аас хоёр орны харилцааны 75 жилийн турш хадгалагдсан архивын баримт бичгүүдийн онлайн үзэсгэлэн гаргасан нь хоёр орны харилцаанд ихээхэн ахиц гарсныг онцолсон юм. Мөн Элчин сайдын яамнаас ойн хүрээнд сонин хэвлэл, зургийн цомог, хатгамал бүтээгдэхүүн зэргийг гаргасан болно. Сүүлд 11-р сард, Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулдаг "Хятад орныг таних мэдэх" сэдэвт цуврал арга хэмжээ нь хоёр талын харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлсэн арга хэмжээ боллоо.
Хоёр тал өндөр чанартай тогтвортой хөгжлийг хангах шинэ эрчим хүч, уул уурхай ашигт малтмалыг гүн боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой
Хоёр тал 75 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтыг Улаанбаатар болон Бээжин хотуудад тус тус зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх хүлээн авалтуудад оролцсоныг онцлох нь зүйтэй. Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэлийн хүлээн авалтын нээлтэд зориулж хэлсэн үгэндээ “Монгол - Хятадын харилцаа” хөрш орнуудын хувьд үлгэр жишээ болсныг өндрөөр үнэлж, Ши Жиньпин даргын 2014 онд Монголд хийсэн айлчлалынхаа үеэр хэлсэн үгсийг иш татаж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд хурдан моринд ташуур өгөх адил амжилт хүсье хэмээн илэрхийлэв. Түүний хэлсэн үг хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхийн төлөө зүтгэж буй хүмүүст урам зориг өгсөн гэж миний зүгээс бодож байна.
- Монгол, Хятадын харилцаа “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-нд хүрээд 10 жил боллоо. Та уг харилцааг хэрхэн үнэлж дүгнэдэг вэ, цаашид хоёр улсын харилцаанд юуг анхаарвал зохилтой вэ гэж үздэг вэ.
- Монгол Улс бол Хятадын “найрсаг, чин сэтгэл, харилцан ашигтай, хүртээмжтэй байх” хөрш орнуудтайгаа харилцах гадаад бодлогын чухал чиглэл бөгөөд "Бүс ба Зам" санаачилгыг өндөр чанартай хамтран бүтээх чухал түнш орон юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад, Монгол хоёр орон “хувь заяаны хамтын нийгэмлэг” байгуулах ерөнхий чиглэлийг тогтоож, улс төрийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийн уялдаа холбоо гайхалтай ахиц дэвшилд хүрсэн.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гаргасан тоо баримтаас үзвэл, Хятадын ДНБ 1%-иар өсөх тутам Монголын эдийн засаг 0.6%-иар өсдөг. Хятад, Монголын хоёр талын худалдааны хэмжээ 2013 онд 6 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 17 тэрбум орчим ам.долларт хүрсэн байна. Хятадын талын статистик мэдээллээс харвал, энэ оны 1-р сараас 10-р сар хүртэл худалдааны хэмжээ 15.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.8%-аар өсөж, хоёр улсын төрийн тэргүүний дэвшүүлсэн 20 тэрбум ам.доллар зорилтод хүрэхэд жижиг алхам л үлдэж байна.
цахилгаан автомашин, лити батарей, нарны эрчим хүчний хавтан зэрэг бүтээгдэхүүнүүд нь "Made in China" гэсэн шинэ нэрийн хуудас болон гарч ирж байна
Хятад-Монголын солилцоо хамтын ажиллагаа бол “эцэс төгсгөлгүй” үргэлжлэх аялал юм. Үүний хүрээнд бид "гурван zhi"-г чухалчилж авч үзэж байна.
Эхний “Zhi” нь засаглал (хятадаар “zhì lǐ 治理” гэх). “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номыг монголын олон анд нөхөд таашаан уншиж, Ши Жиньпин дарга түүний дэвшүүлсэн “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг”, “Бүс ба Зам” болон “Дэлхийн гурван санаачилга”-ыг талархан дэмжиж байна. 2019 оноос хойш таван жилийн дараа буюу саяхан бид “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” II боть болон “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номуудыг кирилл монгол хэлээр амжилттай гаргалаа. Энэхүү номууд нь засаглалын талаарх ойлголт солилцоог гүнзгийрүүлж, хөгжлийн үзэл санааг илүү уялдуулахад манай бүс нутаг болон бусад бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
Хоёр дахь “Zhi” нь чанар (хятадаар “zhì liàng 质量” гэх). Монгол Улс байгалийн баялаг ихтэй орны хувьд эрчим хүчний реформ хийж, ногоон эрчим хүчний салбараа хөгжүүлэхээр зорьж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс уул уурхай, ашигт малтмалын асар их нөөцтэй бөгөөд шинэ Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 томоохон төслийн бараг тал нь ашигт малтмалыг гүн боловсруулах төсөл юм. Хятад улс дээр дурдсан салбарт дэвшилтэт технологи, төлөвшсөн туршлагатай. Хоёр тал өндөр чанартай тогтвортой хөгжлийг хангах шинэ эрчим хүч, уул уурхай ашигт малтмалыг гүн боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
Гурав дахь “Zhi” нь хүний нөөц (хятадаар “zhì lì 智力” гэх). Хятад, Монгол хоёр хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухаан, технологи, боловсролыг ахиц дэвшлийн гол хөдөлгөгч хүч гэж эн тэргүүнд тавьдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчийн илгээлт - 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилсан. Хятад улс ч мөн шинжлэх ухаан, боловсролоор дамжуулан улс орноо хөгжүүлэх, эрдэм мэдлэг авьяас чадвараар дамжуулан улс орноо хүчирхэгжүүлэх стратегийг гүн гүнзгий хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын хөгжил, хоёр талын хамтын ажиллагааны нэн яаралтай хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн сургалтын төслүүдийг хэрэгжүүлэх замаар чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд нь Хятад улс дэмжин туслах боломж, хүсэл эрмэлзэл бий.
- Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойг 10 дугаар сарын 1-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн байх. БНХАУ байгуулагдсан энэ 75 жилийн хугацаан дахь ололт амжилт, алдаа дутагдал юу байна вэ?
- БНХАУ-ын Коммунист Намын (ХКН) хүчтэй удирдлагын дор БНХАУ өнгөрсөн 75 жилийн хугацаанд ядуурал доройтолд нэрвэгдсэн орноос дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж, үндэсний хүч чадал, дэлхийн нөлөөгөөр урьд өмнө хэзээ ч байгаагүй ахиц дэвшилд хүрсэн.
ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын онцлогтой социалист систем шинэ эринд орлоо. Тус улс нэн ядуурлыг устгаж, дундаж чинээлэг нийгмийг байгуулж, бүх нийтийн хөгжил цэцэглэлтэд хүрэх замыг засаж эхлэв. Инновац нь Хятадын өндөр чанарын өсөлтөд түлхэц үзүүлсээр байгаа бөгөөд цахилгаан автомашин, лити батарей, нарны эрчим хүчний хавтан зэрэг бүтээгдэхүүнүүд нь "Made in China" гэсэн шинэ нэрийн хуудас болон гарч ирж байна.
Мөн ногоон хөгжил, экологийн соёл иргэншлийн чиглэлээр ч мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч, Хятад улс ойжуулалт, цэвэр эрчим хүчний хангамжаараа дэлхийд тэргүүлж байна. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах, “Бүс ба Зам” санаачилга болон “Дэлхийн гурван санаачилга” зэрэг санаачилгуудаар дамжуулан Хятад улс дэлхийн засаглалыг сайжруулах, хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн сорилтуудыг шийдвэрлэх “Хятад арга ухаан”, “Хятад шийдлүүд”-ийг хуваалцаж ирсэн.
Ши Жиньпин даргын онцлон тэмдэглэснээр, цаашдын зам үргэлж дардан биш, саад хүндрэл бэрхшээлүүд зайлшгүй байх болно. Иймд бид ямар ч хүчтэй салхи, шуурганы сорилтыг тэсвэрлэн даван гарна. Өнөөгийн дэлхий дахинд өнгөрсөн зуунд байгаагүй хурдацтай өөрчлөлтүүд гарч байна. Ганц талт үзэл/Unilateralism/, худалдааг хамгаалах үзэл/Protectionism/ өсөн нэмэгдэж буй энэ зуунд Хятад улс хүчирхэг улс орон болж, “Хятад маягийн модернизаци”-аар үндэстнээ сэргээн босгох үйл явцыг идэвхжүүлэх эгзэгтэй үе шатанд орж байна.
Ирээдүйд тулгарч болзошгүй сорилт бэрхшээлүүд их бий ч Хятад улс шинэчлэлийг гүнзгийрүүлэх бодлого гуйвшгүй хэвээр байна. Энэ оны 7-р сард ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар 300 гаруй өөрчлөлт шинэчлэлийн арга хэмжээг танилцуулж, Хятад улс өндөр стандартад нийцсэн социалист зах зээлийн эдийн засгийг бүтээн байгуулж, өндөр чанартай хөгжил болон гадагшаа нээлттэй байдлаа сайжруулна гэж тодорхой илэрхийлсэн. Дараагийн "Хятад" бол Хятад хэвээрээ байх болно гэдэг дохиог өгсөн.
Ши Жиньпин дарга нэгэнтээ “Ганц цэцэг дэлгэрэх нь хаврыг авчирдаггүй, харин цэцэрлэгт дэлгэрсэн олон цэцэг хаврыг авчирдаг”, “Хятад улс хийж чадаж байхад бусад хөгжиж буй орнууд ч мөн хийж чадна” гэж тэмдэглэжээ. Хятадын шинэ хөгжил дэлхий дахинд шинэ боломж, ялангуяа Монгол багтаж буй хөгжиж буй орнуудын хувьд шинэ итгэл найдвар төрүүлэх нь дамжиггүй. Хөгжиж буй орнуудад аж үйлдвэржилтийг улам хүчирхэгжүүлж, ард иргэдийн амьжиргааг хангах асуудлыг шийдвэрлэх арга замыг ахиулж, тогтвортой хөгжилд аль болох хурдан хүрч, сайн сайхан маргаашийн төлөө хамтдаа зүтгэнэ.
- БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл тусламжаар манай улсад дэд бүтцийн бүтээн байгуулалт өргөн хүрээнд явагдсан. Жилээс жилд нийслэл хотын маань өнгө төрх сэргэж олон бүтээн байгуулалтууд өрнөж зам гүүр, байшин барилга сүндэрлэж байна. Таны хувьд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
- Хамгийн анх 1950,1960-аад оны үед Хятад улс Монголын үндэсний бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор 30 мянга шахам ажилчдаа Монгол руу илгээжээ. Тэд Энхтайваны гүүр, Улсын их дэлгүүр, Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг барилга байгууламж газруудыг барьж байгуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл эдгээр барилгууд нь Улаанбаатар хотын оршин суугчдын өдөр тутмын амьдралын нэг хэсэг хэвээр байна.
Энэ оны долдугаар сард анх удаа миний бие анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж Монгол Улсын их баяр наадмын нээлтэд оролцлоо. 15,000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэнг 66 жилийн өмнө барьсан гэж би төсөөлж ч чадахгүй байсан. Бээжингийн Ванфүжин их дэлгүүрээр орж үзсэн хүн Улаанбаатарын “Улсын их дэлгүүр”-ээр ороход их л дотно танил санагдана, учир нь энэ хоёр барилга тухайн үед нэг зураг төслөөр баригдсан.
Хятад Монголын "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд гайхалтай үр дүнд хүрч байна. Монгол Улс БНХАУ-ын тусламж дэмжлэгтэйгээр замын цагдаагийн газар орчим анхны төмөр бетон олон уулзвар бүхий гүүрэн байгууламж, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон анхны хурдны зам, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны сэргээн засах хөгжлийн төвтэй болсон. Мөн хамгийн дэвшилтэт бохир ус цэвэршүүлэх “Шинэ төв цэвэрлэх байгууламж” барих төсөл болон Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл нь удахгүй барьж дуусах гэж байна.
Монгол Улсын шинэ Засгийн газар гэр хороолол, тээврийн системийн нөхцөлийг сайжруулах зорилгоор бүсчилсэн хөгжлийн бодлого, “20 минутын хот” эрх зүйн цогц реформ бодлогыг хэрэгжүүлж, хотын замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах замаар иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байгааг бид анзаарч байна. Улаанбаатар хотод дэд бүтэц, зам тээврийн байгууламж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Бид Монгол Улстай "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааг өндөр түвшинд хөгжүүлж, Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг дэмжиж, ард иргэдээ илүү чинээлэг, ногоон орчинд сайхан амьдрах таатай нөхцөлийг бий болгохын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна.
- Манай улс аялал жуулчлалын хувьд маш олон жуулчдыг өөрийн эх орондоо хүлээж авах хүсэлтэй байдаг. Тэр дундаа урд хөрш орны жуулчдыг Монгол Улсдаа хүлээж авах хүсэлтэй байдаг гэдгийг онцолмоор байна. Учир нь Монгол Улс түүхэн дурсгалт газар, байгалийн дахин давтагдашгүй үзэсгэлэнт газар, Монгол өв соёлоо тээсэн ховор цогцолбор газруудтай. Аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Хятад улсын зүгээс баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар дурдана уу?
- Аялал жуулчлал нь улс орнуудын харилцан ойлголцол, соёлын солилцоог нэмэгдүүлэх амин чухал гүүр болдог. Хятадын үүд хаалга Монголын жуулчдад ч бүх орны жуулчдад нээлттэй хэвээр байна. Монгол Улсын иргэд БНХАУ-д 30 хоногийн хугацаатай визгүй зорчдог болоод удаж байна. Энэ онд Хятад улс визгүй зорчих бодлогоо өргөжүүлж, оршин суух хугацааг уртасгаж, жагсаалтад олон улсыг нэмсэн. Одоогоор дэлхийн 38 орны иргэдийг 30 хоногийн хугацаанд визгүй зорчих, 54 орны жуулчдад 72 цаг буюу 144 цагийн турш Хятад улсад визгүй зорчих боломжийг олгож байна. Энэ оны гуравдугаар улиралд л гэхэд 8 сая 186 мянган гадаадын иргэн Хятадад зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 48.8 хувиар өссөн. 4 сая 885 мянган хүн Хятадад визгүй зорчих бодлогын хүрээнд нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 78.6%-аар мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
Дэлхийн жуулчдын хамгийн том эх үүсвэр нь Хятадын жуулчид бөгөөд зорчсон улс орнуудын аялал жуулчлалын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж, орон нутгийн эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлдэг. Аялал жуулчлалыг татах үзэсгэлэнт байгальтай Монгол Улс гадаадын жуулчдыг, тэр дундаа хөрш зэргэлдээх Хятад жуулчдыг татах зорилгоор 2023-2025 онуудад “Years to Visit Mongolia”, “Go Mongolia” зэрэг санаачилгууд гаргажээ. Хятад улс ч иргэдээ Монголыг зорчих аялахыг уриалсан. Энэ онд хоёр тал олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээж, 8-аас доош суудалтай тээврийн хэрэгсэл зорчих автозамын хилийн боомтуудыг нээж, нэг өдрийн хил дамнасан аяллыг сэргээж, нислэгийн чиглэл, захиалгат нислэгийг нэмэгдүүлж, төлбөр тооцоог хөнгөвчлөх арга хэмжээг авахаар танилцуулав.
Эдгээр санаачилгуудыг авч хэрэгжүүлсээр ажиллаж байгаа боловч Монголд ирэх Хятад жуулчдын тоо бусад хөрш орнуудтай харьцуулахад харьцангуй бага хэвээр байгаа нь нэг талаасаа Хятад иргэд визгүй зорчих бодлого байхгүйгээс шалтгаалж байна. Бид Монгол Улсаас Хятадын жуулчдад зориулсан визний бодлогыг хөнгөвчлөхийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд ингэснээр Хятад жуулчид хүссэн үедээ аялах боломжийг олгож, Монголын санал болгож буй гайхалтай байгаль сэтгэл татам газар нутаг, нүүдэлчдийн өвөрмөц соёлыг улам олноороо мэдрэх боломжтой болно.
- Сүүлийн үед манай улсад Хятад орныг таниулсан уран сайхны олон ангит кинонууд ихээр гаргах болсон. Үүгээр дамжуулан Монголын үзэгчдэд урд хөршийн түүх өв соёл, онцлог, зан заншлыг илүү танин мэдэхүйн хүрээнд түгээн дэлгэрүүлж байна. Хоёр орны урлаг соёлын солилцоо, харилцан хамтын ажиллагааны талаар таны хувьд ямар бодол сэтгэгдэлтэй байна. Цаашид энэ тал дээр БНХАУ-ын Элчин сайдын яамнаас ямар ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
- Монголын үзэгчид Хятадын олон ангит кинонуудыг үзэж байгаа нь үнэхээр таатай байгаа бөгөөд энэ нь хоёр улсын ард иргэдийн сонирхолын сэдэв ижил төстэй байгааг харуулж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон эхэн үед соёлын солилцооны үйл ажиллагаа маш идэвхтэй өрнөж байсан бол өдгөө улам бүр олон талт, өнгөлөг болж байна. Зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд гэхэд БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчид Улаанбаатар хотод ирж тоглож, нэрт зохиолч Лю Жэньюний “Гурван намраас урт ганц өдөр” роман хэмээх гайхамшигт бүтээл монгол хэлнээ орчуулагдав. Мөн Юй Хуагийн "Амьдрахуй" романаас сэдэвлэсэн жүжиг Монголын үзэгчдийн хүртээл болсон байна. Монголд хятад хэлний сургалт түгээмэл болоод байна. Өнөөдрийн байдлаар Монголд 50 гаруй бүрэн дунд сургуульд Хятад хэл зааж байгаа бол цаашид 150 гаруй сургуулиудад Хятад хэлний хичээлтэй болохоор төлөвлөгдөж байна. Хятадын 60 гаруй олон ангит кино, хүүхэлдэйн кино болон баримтат кино, нийтдээ 2000 гаруй цуврал бүтээл Монгол хадмалтайгаар олон нийтэд хүрсэн байна. Хоёр тал кино, телевизийн бүтээлээс гадна Хятад, Монголын сонгодог бүтээлүүдийг орчуулан хэвлүүлэх төсөл хэрэгжүүлжээ. Ирэх жил Улаанбаатар дах Хятадын соёлын төв 15 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тус төв нь Монгол анд нөхдөд Хятадыг ойлгуулах чухал цонх бөгөөд манай улсын соёл, урлагийн салбарын солилцоо, хамтын ажиллагааны индэр болсоор ирсэн билээ.
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Залуусыг дэмжих жил” болгон зарласан хүрээнд Хятад - Монголын 100 залуучуудын харилцан айлчлалыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Залуучууд бидний соёлын солилцооны хөдөлгөгч гол хүч болж, шинэ эрин үед илүү их бүтээлч байдал, хүсэл тэмүүллийг авчирна гэдэгт миний зүгээс машид найдаж байгаа. Манай Элчин сайдын яам ирэх оны соёлын солилцооны төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд Монголын залуу анд нөхдийг үнэ цэнэтэй санал санаачилга гаргахыг урьж байна. Ялангуяа арга хэмжээнүүдэд шинэ залуу үеийг идэвхтэй татан оролцуулан санал бодлоо солилцож, хамтдаа хөгжилдөж байхыг чин сэтгэлээсээ хүсэж буйг минь хүлээн авна уу.
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Шанхайн олон улсын импортын экспо-д оролцсон, мөн айлчлалын талаар та мэдээлэл өгөхгүй юу?
- Хятадын Олон Улсын Импортын Экспо (CIIE) нь импортод төвлөрсөн дэлхийн цорын ганц үзэсгэлэн юм. Энэ нь Хятад улс дээд түвшинд нээлттэй харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй, бусад оронтой хамтын хөгжлийг эрэлхийлэх чин сэтгэлийн илэрхийлэл мөн. CIIE нь 2018 оноос хойш долоо дах жилдээ зохион байгуулагдаж, нийт 500 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдэж байсан бөгөөд энэ оных гэхэд 80.01 тэрбум ам.доллар буюу 2%-иар өссөн дүнтэй байна. Мөн дэлхийн 129 улс орон, бүс нутгаас 3,496 оролцогч оролцож, тэр дундаа Fortune Global 500 жагсаалтад багтсан 297 тэргүүлэгч компанийг оролцуулсан нь урьд өмнөхөөс илүү өргөн цар хүрээтэй болсны илрэл юм.
CIIE-ийн эртний анд Монгол Улс энэ жил анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцлоо. Энэ нь хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойших Монголын дээд түвшний анхны айлчлал бөгөөд уламжлалт салбар болох ноос ноолуур, хүнсний үйлдвэрлэлээс гадна Монголын уул уурхайн үндэсний ассоциац нэгдэн орсон анхны айлчлал гэдэг нь онцлог байлаа. Энэ боломжийг ашиглан “Хятад, Монголын Эрээнхот, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтыг дэмжих хурлыг амжилттай зохион байгуулсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийв. Мөн Жөжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, Шанхай хотын дарга нартай тус тус уулзалт хийв. Тэрээр мөн Шанхай хотын хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимыг үзэж, хотын шинэлэг 15 минутын хот төсөл хөтөлбөртэй танилцсан. Ханжөу хотод Монгол Улсын төлөөлөгчид Хятадын хотын хамгийн урт хонгил болох Зижи туннель болон Чяньтан гол дээрх гайхалтай шинэ Пэнбү гүүртэй үзэж танилцав. Тэд мөн технологийн аваргууд болох Huawei, Alibaba, Envision Group компаниудад зочилж, Монгол Улс, нэн ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц мэдээлүүдийг олж авсан.
Монгол Улсад CIIE нь Хятад улсын нээлттэй, итгэлтэй дүр төрхийг харуулсан төдийгүй хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх “схем зураг” боловсруулсан гэдэгт би найдаж байна. Бид Монгол Улстай хамтран ажиллаж, хоёр орны ард түмэнд илүү их хөгжил цэцэглэлтийг авчрахын тулд хамтран ажиллах боломжийг улам томруулж, хамтын ажиллагааны жагсаалтыг өргөжүүлж, харилцан өсөлтийн шинэ салбаруудыг тодорхойлохыг тэсэн ядан хүлээж байна.
- Энэ он гарснаас хойш Хятадын дипломат ажиллагаа маш идэвхтэй явагдаж байна. Танд гүн сэтгэгдэл үлдээсэн сэтгэл хөдөлгөм мөчүүд юу вэ? Дараагийн шатанд хийх гол ажлууд юу вэ?
- Энэ онд төрийн тэргүүн нь дипломат харилцааг удирдан чиглүүлж, Хятадын дипломат ажиллагаа эх орноосоо гадаад руу чиглэсэн гайхалтай аяллуудыг хийж, олон улсын харилцаанд "Хятадын чиг хандлага"-аар тэргүүлэв. Миний хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал бол “Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим” нийтлэгдсэний 70 жилийн ойд зориулсан бага хурал байлаа. Энэхүү үзэл баримтлал нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгтэй харилцан уялдаатай бөгөөд Хятад улс дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө тууштай зүтгэж, олон улсын шударга, үндэслэлтэй дэг журмыг тогтоохыг эрмэлздэг. Энэ оны 9-р сард болсон Хятад - Африкийн хамтын ажиллагааны форум нь “Global south” улс орнуудын орчин үеийн хөгжлийг хамтдаа ахиулах чиглэл, арга барилыг тодорхойлсон. Ши Жиньпин дарга мөн энэ онд ШХАБ, БРИКС, АПЕК, G20 зэрэг олон талт дээд хэмжээний уулзалтад оролцов. Тэрбээр олон талт үзлийг хамгаалж, дэлхийн засаглалд гялалзах “South Moment”-ийг бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох туршлагыг баяжуулах тодорхой мессэжийг дэлхий дахинд илгээсэн.
Ирэх онд Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулсан Хятадын онцлогтой улс орны томоохон дипломат бодлогоо үргэлжлүүлнэ. Хятад улс 2024-2025 онд ШХАБ-ыг даргалах болсон бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25 дугаар хурлыг Хятадад зохион байгуулахаар болсон нь анхаарал татаж байна. “ШХАБ-ын Тогтвортой хөгжлийн жил”, “Шанхайн үзэл санааг урагшлуулъя: SCO in Action” сэдэвт уриан дор бид хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчинд анхаарлаа хандуулж ядуурлаас ангижруулах, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, хөгжил, уур амьсгалын өөрчлөлт ба ногоон хөгжил, аж үйлдвэржилт, дижитал эдийн засаг ба хөгжлийн төлөө хөрөнгө санхүүг босгох зэрэг чухал салбаруудад цуврал хамтын үйл ажиллагааг эхлүүлж ШХАБ-ын хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулахын төлөө ажиллана. Бид Монгол Улсыг илүү их хувь нэмэр оруулахыг чин сэтгэлээсээ урьж байна.
- Таны цаашдын ажилд өндөр их амжилт хүсье.
Тус ярилцлага The Mongolian Economy сэтгүүлд 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд “Shen Minjuan: China-Mongolia collaboration is an ongoing journey with no endpoint” нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.