Индэр    
2025 оны 4 сарын 16
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

АНУ-ын тарифын дайны үед БНХАУ хөрш зэргэлдээ орнуудтай харилцах дипломат бодлогын асуудлаарх төв хурлыг хуралдуулав

Редакцын бус нийтлэл
Зураг

Хятад-АНУ-ын худалдааны дайн хурцдаж буй үед Бээжин эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлаа хангах үүднээс хөрш зэргэлдээ бүс нутагт анхаарлаа хандуулж байна.

АНУ Хятадын эсрэг тарифын дайныг албан ёсоор эхлүүлсэнтэй холбогдуулан Хятад улс дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд хөрш зэргэлдээ орнуудтай харилцах ажлын намын төв хорооны хурлаа хуралдуулав. Тус хуралд Хятадын улс төрийн дээд байгууллага болох Хятадын Коммунист намын (ХКН) Улс төрийн товчооны Байнгын хорооны бүх долоон гишүүн хуралд оролцов.

Уулзалтаар ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “хөрш зэргэлдээ орнуудтай хувь заяаны хамтын цогц нийгэмлэгийг байгуулахад” анхаарлаа хандуулах хэрэгтэйг онцолжээ. Тэрээр мөн “Азийн аюулгүй байдлын загвар”-ыг анх удаа санал болгов.

Хятад улс тус хурлыг зарлан хуралдуулж байгаа нь Төв Ази, түүнчлэн Зүүн Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, улмаар “backyard”(нөлөөний бүс)-аа өөрийн талд хадгалж үлдэх зорилготой юм. Энэ нь Бээжин Хятад, АНУ-ын худалдааны дайнд хариу өгөхийн тулд хөрш орнуудтай харилцаагаа бэхжүүлнэ гэсэн дохио юм.

Дөрөвдүгээр сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп олон тооны оронд "харилцан гаалийн тариф" ногдуулах тухай, тэр дундаа Хятадын бараанд ногдуулах гаалийн татварыг 34 хувиар нэмэхээ зарлав. Бээжин хариуд нь ижил тарифын арга хэмжээ авсан. Хэд хэдэн удаа нэмэгдүүлсний дараа, Трамп бусад бүх улс орнуудад гаалийн татвар нэмэхэд 90 хоног "түр царцаасан" хэдий ч (10 хувийн татвар хэвээр байгаа) Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах АНУ-ын гаалийн татварын хувь хэмжээгээ 145 хувьд хүргэжээ. Үүний зэрэгцээ Хятад улс АНУ-аас импортолдог бараанд ногдуулах гаалийн татвараа 125 хувь хүртэл нэмэгдүүлэв.

БНХАУ-ын ГХЯ-ны төв хорооны тус хурлын талаарх танилцуулгад хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар, Ши Жиньпин "ирээдүйн хөрш зэргэлдээх орнуудтай харилцах ажлын зорилго, үүрэг даалгавар, стратеги төлөвлөгөө, арга хэмжээг тодорхойлж", "хөрш зэргэлдээ орнуудтай хувь заяаны хамтын цогц нийгэмлэгийг байгуулахад анхаарч, холбогдох ажил үүрэгт шинэ амжилт гаргахад хичээх хэрэгтэйг онцлон тэмдэглэв" гэжээ.

Хятад улс далай тэнгист хаяалан оршдог хөрш орнуудаа тооцохгүйгээр 14 улстай хуурай газраар хиллэдэг бөгөөд маш урт хилтэйг дурдаад эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлын үүднээс “хөрш зэргэлдээ орнуудын дипломат харилцаа” нэн чухал болохыг тус хурлаар онцоллоо. БНХАУ-ын ГХЯ хөрш зэргэлдээ бүс нутгийг "хөгжил цэцэглэлтэд хүргэх амин чухал үндэс суурь, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гол фронт, ерөнхий дипломат харилцааг удирдах тэргүүлэх чиглэл, хүн төрөлхтний хувь заяаны цогц нийгэмлэгийг байгуулахад түлхэц үзүүлэх чухал бүрэлдэхүүн" гэж тодорхойлсон байна.

БНХАУ-ын ГХЯ-ны мэдээлэлд дурдсанаар “Хөрш зэргэлдээ бүс нутаг орнуудыг глобал түвшинд харж ойлгож, хөрш зэргэлдээ орнуудтай холбоотой ажлыг илүү үр дүнтэй явуулах үүрэг хариуцлага, эрхэм зорилгын ухамсрыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.

БНХАУ-ын ГХЯ Хятад улс хөрш зэргэлдээ орнуудтай тогтоосон харилцааг "орчин үеийн түүхэн дэх хамгийн сайн цаг үе"-дээ байгаа гэж тодорхойлж, хөршийн дипломат бодлого нь "бүс нутгийн нөхцөл байдал болон дэлхийн өөрчлөлтүүдийн хоорондын гүнзгий уялдаа холбооны эгзэгтэй үе шатанд мөн орж байгааг" гэж тэмдэглэв. Мөн ийм нөхцөлд, "дотоодын болон олон улсын нөхцөл шаардлагуудыг хоёуланг нь харгалзан үзэж, хөгжил ба аюулгүй байдал гэсэн хоёр тэргүүлэх чиглэлтэй уялдуулах" шаардлагатай гэв.

Тус хурлаар гурван концепцыг онцолсон:

  • “Хятадын хөрш зэргэлдээ орнуудтай харилцах дипломат үйл ажиллагаа”,
  • "хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нийгэмлэг”-ийг байгуулах,
  • Ши Жиньпин "Азийн аюулгүй байдлын загвар"-ын талаар мөн анхлан дурдав.

Хятадын хөрш зэргэлдээ түнш орнууд эдгээр концепцыг хэрхэн ойлгож хүлээж авч байгаагаас их зүйл шалтгаална.

Хятад улс хөршдөө шинэ анхаарал хандуулж байна

Нэгдүгээрт, Хятадын “хөрш зэргэлдээ бүс нутаг/орнууд” гэдэг нь Хятадын газарзүйн ойр орчмын бүс нутаг, улс орнуудыг илэрхийлсэн геополитикийн ойлголт юм. Уламжлалт ойлголтоор бол Хятадтай хуурай газар болон далайгаар холбогдсон улс орнуудыг хамруулж үздэг. Хятадын ГХЯ-ны дэргэдэх Хятадын Олон Улсын Судлалын Хүрээлэн (CIIS) "Хятадын хөрш зэргэлдээ бүс нутаг/орнууд" нь 29 улс орноос бүрддэг гэж тодорхойлсон. Энэ бүлэгт Энэтхэг, Монгол, Хойд Солонгос, Филиппин, Япон зэрэг Хятадтай хуурай газар болон далайгаар хиллэдэг хорин улс орон төдийгүй өөр есөн орон багтдаг. Эдгээр есөн улс нь Шри Ланка, Бангладеш, Мальдив, Сингапур, Тайланд, Камбож, Зүүн Тимор, Туркменистан, Узбекистан зэрэг бөгөөд Хятадын ойролцоох бүс нутагт оршдог бөгөөд бүхий л нөхцөл байдлаар Хятадаас харьцангуй хамааралтай байдаг. Эдийн засаг, худалдаа, соёл болон бусад бүхий л чиглэлээр Хятадаас ойр хамаарал бүхий байгаа нь тэднийг Хятадын “хөрш зэргэлдээ орнууд” гэсэн ойлголтын салшгүй нэг хэсэг болгож байна.

Хятадтай “хөрш зэргэлдээ” 29 улс орноос Оросоос бусад нь Азийн орон юм. Хятадтай дипломат харилцаагүй Бутаныг эс тооцвол бусад 28 улс оронтой нь Хятад улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, стратегийн болон хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа, харилцан ашигтай харилцаа зэрэг олон төрөл ангиллын түншлэлийн харилцаа тогтоосон байна.

Албан ёсны эх сурвалж мэдээллээр, Хятад улс хөрш зэргэлдээ 17 улс оронтой "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нийгэмлэг" байгуулах талаар зөвшилцөлд хүрсэн, мөн хөрш зэргэлдээ 25 оронтой "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулсан. Хөрш зэргэлдээ 18 улс орны худалдааны хамгийн том түнш орон нь Хятад улс болсон байна. Хятадтай хөрш зэргэлдээ есөн улс оронтой “сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр” байгуулсан. Мөн хуурай газрын хиллэдэг 14 хөрш орнуудын 12 нь (Энэтхэг, Бутанаас бусад нь) Хятад улстай хил бүсийн газар нутгийн түүхэн асуудлаа яриа хэлэлцээрээр шийдвэрлэжээ.

“Хөрш зэргэлдээ орнуудтай харилцах дипломат үйл ажиллагаа” гэдэг ойлголт шинэ зүйл биш ч тус сэдвээр ийм өндөр түвшний хурал хийх нь ховор. Хамгийн сүүлд 2013 оны аравдугаар сард болсон Хөрш орнуудтай дипломат ажил хийх симпозиум нь хоёр өдөр үргэлжилж, ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны бүх гишүүд оролцож байжээ. Уг симпозиумаар Хятад улс хөрш зэргэлдээ орнуудтай хийх дипломат үйл ажиллагааны стратегийн зорилт, үндсэн зарчим, ерөнхий зураг схемийг дэвшүүлж, энэхүү дипломат үйл ажилд тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэх ажлын санаа, хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодорхой болгосон. Гэхдээ энэ удаагийнх шиг “Төв хорооны хурал” гэж албан ёсоор нэрлээгүй.

2013 онд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргааны зүгээс "Pivot to Asia" стратегийг гаргаж дэвшүүлсэн бөгөөд Хятад, Америкийн харилцаанд хүндрэл учирч тодорхой өөрчлөлт орохоор болжээ. Өнөөгийн нөхцөл байдал үүнээс бүр илүү хүндрэлтэй байгаа тул ХКН-ын төв хороо хуралдаж байна гэж харж болно.

2013-2025 оны хооронд “Хөрш зэргэлдээ орнуудын дипломат бодлого” чиглэлээр хийгдсэн өндөр түвшний улс төрийн хурал уулзалтууд “хангалтгүй” байгаа нь Хятад улс хөрш зэргэлдээ орнуудын дипломат үйл ажиллагаанд анхаарал хандуулаагүй гэсэн үг бас биш юм. 2017 болон 2022 онд БНХАУ-ын ХКН-ын 19 болон 20 дугаар Их Хурлын тайлангуудад “хөрш орнуудтай найрсаг харилцан итгэлцлийг бэхжүүлэх, нийлмэл ашиг сонирхлыг бий болгох” зэрэг санал санаачилгыг тус тус дэвшүүлсэн. 2023 оны аравдугаар сарын 24-нд Ши Жиньпин хөрш орнуудтай харилцах дипломат бодлогын хурал үйл ажиллагааны 10 жилийн ойд зориулагдсан олон улсын симпозиумд бичгээр мэндчилгээ дэвшүүлж, шинэ эринд бид "ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу хүртээмжтэй байх гэсэн ойлголтод шинэ утга агуулга өгч, энх тайван, хамтын ажиллагаа, уужуу хүртээмжтэй болон нэгдэлд суурилсан Азийн үнэт зүйлсийг дэмжиж, бүс нутгийн эв нэгдэл, нээлттэй байдал, хөгжилд шинэ түлхэц үзүүлнэ" гэдгийг онцолсон.

Хятадын дипломат үйл ажиллагаа нь ХКН-ын Төв хорооны хурлыг зохион байгуулахаас гадна мөн Бээжин Хятадын хөрш зэргэлдээ бүс нутаг, орнуудад анхаарал хандуулж айлчлалууд хийх, бэлтгэл ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлэгдэв. Тухайлбал, энэ долоо хоногт Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож зэрэг улсад айлчилж байна. Тав болон зургаадугаар сарын эхээр тэрээр дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан Москвагийн арга хэмжээ, Казахстанд болох Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад тус тус оролцох төлөвтэй байна. Улаанбаатар ч мөн Ши Жиньпинийг ойрын хугацаанд Монголд айлчлахыг урьж буйгаа удаа дараа илэрхийлж байсан. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Хятад улс аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр Өмнөд Солонгост болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин оролцоно гэж Өмнөд Солонгост мэдэгдсэн байна. Ши Жиньпингийн Японд айлчлуулахаар бэлтгэл ажлыг Токио идэвхтэй хангаж байгаа талаар мэдээлэгдсэн. Токио 2025 оны эхний хагаст Өмнөд Солонгос, Хятад, Япон гурван талт 10 дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өмнө нь гарч байсан.

Эдгээр хүчин чармайлтаар Хятад улс дипломат бодлогын нэгдмэл фронтоо бэхжүүлж, Хятад Америкийн худалдааны иж бүрэн дайныг эсэргүүцэхийн тулд АНУ-ын шахалтад орсон улс орнуудыг өөртөө татах, нэгтгэхийг эрмэлзэж байна. Зүүн өмнөд Азийн орнуудад Бээжингийн хувьд онцгой анхаарал хандуулж байгаа нь Ши Жиньпин 2025 онд хийсэн анхны айлчлал нь тус бүс нутгийг онцолж айлчилж байгаа явдал юм.

"Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нийгэмлэг"-ийн төлөөх Хятадын алсын хараа

Хоёрдугаарт, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нийгэмлэг” хэмээх ойлголт нь Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн дахинд тулгарч буй хүндрэл сорилтыг шийдвэрлэх, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжих тухай чухал санаачилга юм. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, уг ойлголт нь "Ямар дэлхий ертөнцийг, хэрхэн бүтээн байгуулах вэ" гэсэн асуултад Хятад улсын зүгээс өгч буй хариулт юм. Хятад улс зөвхөн ойр хөрш зэргэлдээ орнуудтай биш бусад олон улс орнуудтай холбогдох хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, энэхүү ойлголт санаачилгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлдэг.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас нийтэлсэн "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нийгэмлэгийг байгуулах нь: Хятадын санал санаачилга, үйл ажиллагаа" цагаан номд дурдсанаар 2023 оны долдугаар сарын байдлаар дэлхийн улс орнуудын дөрөвний гурав илүү хувь нь, олон улсын 30 гаруй байгууллага ямар нэг байдлаар хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан байна.

2025 оны нэгдүгээр сарын 2-нд Бээжин дэх Хятадын Гадаад харилцааны их сургуульд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нийгэмлэгийн судалгааны төв албан ёсоор нээлтээ хийв. Тус төв нь Хятад улсын дипломат зорилгод нийцүүлэн “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нийгэмлэг”-ийг байгуулахад онол, бодлого, яриа хэлэлцээрийн шинэ санал санаачилга судалгаа хийх, мэргэжилтнүүдийг бэлдэх дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Азийн аюулгүй байдлын загвар

Эцэст нь буюу гуравдугаарт, ХКН-ын Төв хорооны хурал нь Азийн үнэт зүйлс болон АНУ-аас ялгаатай байдлыг тодруулахын тулд “Азийн аюулгүй байдлын загвар”-ыг мөн онцлон тэмдэглэв. 2014 онд Хятад улс Ази дахь хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал/CICA/ зохион байгуулснаас хойш Ши Жиньпин шинэ бөгөөд зөвхөн Азийн аюулгүй байдлын тогтолцоог бий болгохыг хичээж ирсэн. Үүний гол санаа нь АНУ болон түүний холбоотон орнуудын "hubs and spokes" системд суурилсан одоогийн аюулгүй байдлын дэг журмыг өөрчлөх явдал юм. Гэсэн хэдий ч Хятад улс Азийн аюулгүй байдлын шинэ загварын алсын хараагаа хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байна.

Хятад, Америкийн хоёр талын харилцааны мухардмал байдал, дэлхий дахинд АНУ-ын найдвартай байдалд эргэлзэж буй энэ цаг үед “Азийн аюулгүй байдлын загвар” механизм тогтолцоог бий болгох сонирхол санал санаачилга улс орнуудад нэмэгдэж магадгүй юм.

2025 оны нэгдүгээр сард эрх баригч нам хоорондын Хятад, Японы хамтын ажиллагаа солилцооны механизм зургаан жил завсарласны дараа Японы Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Морияма Хироши, Комэйто намын ерөнхий нарийн бичгийн дарга Нишида Макото тэргүүтэй Японы эрх баригч эвслийн төлөөлөгчид “эргэж сэргэсэн” тус арга хэмжээнд оролцохоор Бээжинд айлчилсан. Тус механизмын хурал уулзалтын үеэр Хятадын талд Японы тал “ЕАБХАБ-ын Азийн хувилбар” (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага) байгуулах тухай Японы Комэйто намын саналыг албан ёсоор тавьсан.

Энэхүү санал санаачилга нь Азийн бүс нутагт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, хямралыг зохицуулахад чиглэсэн олон талт аюулгүй байдлын харилцан ярианы механизмыг бий болгохыг зорьж байна. Хүйтэн дайны үеийн Европ дахь яриа хэлэлцээний механизмын загварчилсан Азийг хамарсан бүс нутгийн аюулгүй байдлын зөвлөлдөх тогтолцоо платформыг бий болгох зорилготой юм. Азийн бүс нутагт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, хямралын менежмент зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ЕАБХАБ-ын загвартай адил “цэрэг зэвсгийн үүрэг хүлээдэггүй” гагцхүү олон талт яриа хэлэлцээний тогтолцоо механизмыг бий болгох зорилготой юм.

Комэйтогийн тодорхойлсон анхны үзэл баримтлалд "Япон, Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, АНУ, Орос болон бусад улс орнуудын оролцоотойгоор, боломжтой бол Токиод төв байртай байх байнгын байгууллагыг" байгуулахыг уриалж байна. Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба уг саналыг хүлээн авч, 2025 оны гуравдугаар сард Японы Парламентын Төсвийн хорооны хуралдаан дээр түүний засгийн газар ЕАБХАБ-тай дүйцэхүйц Ази тивд аюулгүй байдлын механизм байгуулахад анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэн.

Ш.Ишиба "Бид Азид олон талт аюулгүй байдлын механизмыг бий болгох ёстой" гэж мэдэгджээ. "Бид НАТО-гийн Азийн хувилбарыг шууд байгуулж чадахгүй, тиймээс бид гамшгаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, ЕАБХАБ-ын Азийн хувилбарыг байгуулах ёстой гэж бодож байна" гэв.

Японы Либерал Ардчилсан, LDP-ын тэргүүнээр сонгогдохын өмнөхөн, улмаар Японы Ерөнхий сайд Ш.Ишиба “НАТО-гийн Азийн хувилбар” гэсэн санааг дэвшүүлж байсан ч Хятад, Өмнөд Солонгос болон бусад улс орнууд уг төлөвлөгөөг эсэргүүцсэн юм. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд “ЕАБХАБ-ын Азийн хувилбар” байгуулах шинэ санааг стратегийн зохицуулалт гэж үзэж болох бөгөөд үүнийг Ш.Ишиба өөрөө ч хүлээн зөвшөөрсөн.

Токиогийн зүгээс бүс нутгийн энх тайван байдлыг дэмжих гол зорилго гэж байгаа боловч үнэн хэрэгтээ тус механизмаар дамжуулан Хятад, Америкийн сөргөлдөөнийг тэнцвэржүүлэх, ялангуяа Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис зэрэг бэрхшээлтэй асуудлыг зохицуулахад анхаарч, бүс нутагт өөрийн нэр хүнд, нөлөөгөө нэмэгдүүлэх зорилготой байж магадгүй юм. Нөгөөтэйгүүр Япон-АНУ-ын холбоотны харилцаа нь тус Азийн аюулгүй байдлын механизм байгууллага байгуулагдах бие даасан байдлыг хангахад бэрхшээл авчирч магадгүй юм.

Тэгвэл яагаад Японы тал уг санал санаачилгыг Бээжинд санал болгосон бэ? Уг бүс нутгийн хамтын ажиллагааны аюулгүй байдлын механизмыг бий болгох Хятадын сонирхлыг Японы эрх баригчид ”гадарласан” байх магадлалтай. Тун ойрхон цаг хугацаанд, тухайлбал нэгдүгээр сард, талууд Япон улсад Хятадын Ардын чөлөөлөх армийн зүүн театрын командлалын төлөөлөгчдийг Японд айлчлуулахаар тохиролцсон байжээ. Хятад-Японы батлан хамгаалах салбарын тус хамтын ажиллагаа солилцоо нь бүс нутгийн аюулгүй байдлын байдлын асуудлыг хэлэлцэх зорилготой бөгөөд ЕАБХАБ-ын Азийн хувилбарыг байгуулах Японы сонирхолтой цаг хугацааны хувьд давхцаж байгаа бололтой.

Монголын тухайд,

БНХАУ-ын ойрын хойд хөрш орны хувьд Монгол Улс Бээжингийн хөрш зэргэлдээ орнуудын дипломат харилцаанд чухал бөгөөд, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц гүнзгийрч байна. Улаанбаатар хот БНХАУ-ын “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нийгэмлэг” санаачилгад албан ёсоор нэгдээгүй байгаа ч Монгол Улс хоёр талын стратегийн харилцан итгэлцлийг хадгалах, стратегийн ойлголтын зөрүүгээс үүсэх шаардлагагүй үл ойлголцол зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хамтын ажиллагааны холбогдох хүрээ баримт бичгүүдийг идэвхтэй судлах бололтой.

Монгол Улсын Ардын нам, Ардчилсан нам (Монголын улс төрийн хоёр гол нам, одоо эвслийн хэлбэрээр эрх барьж байгаа) хоёулаа Хятадын Коммунист намтай нягт харилцаатай байдаг. Үүнтэй холбогдуулан Япон, Орос, Европ, Ойрх Дорнод, Африк, АСЕАН-ы орнууд болон бусад улс орнуудын улс төрийн намуудтай Бээжингийн хамтын ажиллагаа солилцооны механизмын туршлагад тулгуурлан нам хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байгаа үндсэн суурь дээр тулгуурлан эрх баригч нам хоорондын тусгайлсан солилцоо, хамтын ажиллагааны механизмыг бий болгох талаар Хятад, Монгол хоёр улс судалж магадгүй байна. Энэ нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүрэн дүүрэн ашиглах сайжруулах шаардлагад нийцэж байна.

Хэрэв Япон, Хятад болон Азийн бусад орнууд ЕАБХАБ-ын маягийн Азийн бүс нутгийн аюулгүй байдлын механизм тогтолцоог бий болговол Улаанбаатар оролцохдоо болгоомжтой хандах байх. Азийн бусад олон орны нэгэн адил Монгол Улс Хятад, АНУ-ын өнөөгийн сөргөлдөөнд аль нэг талд орчихвий зэрэг дарамт шахалтаас болгоомжилж байна.

Өнгөрсөн үеийг эргэн сөхвөл, 2012 оны арваннэгдүгээр сард Монгол Улс ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн орон болж албан ёсоор элссэн. ЕАБХАБ-ын Европын бус есөн гишүүний нэгийн хувьд Төв Азийн Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан зэрэг улсуудтай нэг ангилалд байдаг. Монгол Улс НАТО-гийн “Global Partner” түншлэл байгуулсан жилдээ ЕАБХАБ-д элссэн нь Хятад, Оросын Монгол дахь нөлөөг тэнцвэржүүлэх Улаанбаатар стратеги баримталж буйг харуулсан юм. Эдгээр хоёр байгууллагад “нэгдсэн” нь Монгол Улсын "Гуравдагч хөрш"-ийн бодлогод нийцэж байв.

ЕАБХАБ-ын гишүүнчлэл нь Улаанбаатарыг мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, зэвсгийн хяналтын талаар хэлэлцүүлэгт оролцох боломжийг олгодог хэдий ч Монгол Улсын Европын бус статус нь шийдвэр гаргахад ач холбогдлыг нь хязгаарладаг. Бүс нутгийн динамик өөрчлөлтийн дунд өсөн нэмэгдэж буй сорилт хүндрэлийн дунд энэхүү гишүүнчлэлийн практик ашиг тус эргэлзээтэй.

Монгол Улс барууны орнуудтай түншлэх бодлого хэрэгжүүлж байгаа хэдий ч эдийн засаг нь Хятад руу экспортлох ашигт малтмалын экспортоос (нийт экспортынхоо 80 гаруй хувийг бүрдүүлдэг) ихээхэн хамааралтай хэвээр байгаа мөн Улаанбаатар Хятад, Монголын хил дамнасан Гашуунсухайт - Ганцмод төмөр замын төслийг сонирхож байгаагаас нотлогдож байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Орос болон ЕАБХАБ-ын зарим гишүүн орнууд Монголын тунхагласан "Европ дахь ижилсэл"-д эргэлзээтэй хандсаар байгаа бол анх Төв Азид анхаарлаа төвлөрүүлж байсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ) нь гишүүн орнуудаа нэмж өргөжин тэлсэн хэдий ч Улаанбаатарыг геополитикийн хувьд илүү тодорхой байр суурьтай байхыг шаардаж байна. Энэхүү хурцадмал байдал нь Монгол Улсын олон талт эрмэлзэл болон зайлшгүй эдийн засгийн хамаарлуудын хоорондын нарийн тэнцвэрийг харуулж байна.

Бээжин дипломат стратегиа идэвхтэй тохируулж, хөрш зэргэлдээ орнуудтай харилцах харилцаандаа илүү анхаарч, Азийн бүс нутагт Хятад тэргүүтэй аюулгүй байдлын механизм тогтолцоог бий болгохыг оролдож байна. Энэхүү стратегийн зохицуулалт нь Хятад улс олон улсын өнөөгийн нөхцөл байдлыг гүн гүнзгий ойлгож, үндэсний эрх ашгаа хамгаалах тууштай байр сууриа илэрхийлж байгааг харуулав. Хятадтай хөрш зэргэлдээ Монгол, Вьетнам зэрэг орнууд эдгээр реакц, зохицуулалт, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг ажиглаж байна.

 

Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд "Amid US Tariff War, China Convenes Rare Central Conference on Neighborhood Diplomacy" нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг