Зураг
Индэр    
5 минутын өмнө
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Солонгосын хойгийн 2025 оны нөхцөл байдлын таамаглал

Зураг

Ким Ир Сений их сургуулийн төгсөгч Х.Гарьдбилэг, судлаач Ч.Сумъяа нар энэ онд Солонгосын хойгт ямар үйл явдлууд болох, нөхцөл байдал хэрхэх талаар олон талын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн дараах таамаглалыг дэвшүүлжээ.



1.Удиртгал

Умард Солонгос нь 1984 оноос хойш ойрын болон дунд тусгалын пуужин, нам өндрийн далавчит пуужин, шумбагч онгоцноос хөөргөх пуужин (SLBM) зэрэг олон төрлийн пуужин хөөргөсөөр ирсэн. 2017 онд цөмийн туршилт хийснээс хойш одоогоор хийгээгүй байна. Түүнчлэн Умард Солонгос нь дор хаяж хэдэн арван цөмийн цэнэгт хошуутай бөгөөд түүнээс ч илүү цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх материалтай байх магадлалтай. Энэ тухай АНУ-ын RAND, Шведийн Тинк танкуудын эх сурвалжид 150-200 орчим байгаа тухай дурдагдсан. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр нь тасралтгүй урагшилж байгаа нь Зүүн хойд Азийн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд Солонгосын хойгийн нөхцөл байдал тасралтгүй хурцадмал байсаар байна. 2025 онд Д.Трампын АНУ-ын ерөнхийлөгчөөр эргэн ирж буй нь Монгол орших Зүүн Ази, АНУ – Хятад харилцаа, Орос-Украины дайн, АНУ – Умард Солонгосын харилцаанд шинэ өөрчлөлт авчрах магадлалтай.

Оросын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны зургаадугаар сарын 18-19-ний өдөр Умард Солонгост төрийн айлчлал хийсэн. Энэ нь В.Путиний хувьд 24 жилийн дараа Умард Солонгост хийсэн анхны айлчлал болсон. Айлчлалын үеэр тэрээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийж, хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээ нь хоёр улсын хоорондын цэрэг, эдийн засаг, улс төрийн харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн юм. 2024 оны зургаадугаар сард Оросын Ерөнхийлөгч В.Путин дараа нь 2024 оны арваннэгдүгээр сард Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов Умард Солонгост айлчилсан нь хоёр улсын стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх чиглэлд чухал алхам болсон. Энэхүү айлчлал нь 2023-2024 онуудад Орос – Умард Солонгосын хооронд эрчимтэй хөгжиж буй цэрэг-техник, эдийн засгийн хамтын ажиллагааны үргэлжлэл юм.

Энэхүү судалгаа нь одоо мэдэгдэж байгаа нээлттэй баримт бичиг, эх сурвалжид үндэслэн 2025 оны Солонгосын хойгийн нөхцөл байдлыг таамаглаж, Умард Солонгосын стратегийн чадавх нөөц, гадаад худалдаа, хориг арга хэмжээний хүчин зүйлс, ирээдүйн нөхцөл байдлын хөгжлийн гол үзүүлэлтүүдийг шинжлэхийг зорилоо.

2. Умард Солонгосын гол пуужингийн систем

Пуужингийн нэр

Төрөл

Тусгал (км)

Техникийн онцлог

Хвасон-18

тив алгасах баллистик пуужин (ICBM)

15,000

Хатуу түлш, АНУ-ын эх газрын бүх нутаг дэвсгэрт хүрэх хүчин чадалтай.

Хвасон-17

тив алгасах баллистик пуужин (ICBM)

15,000

Шингэн түлш, олон цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай

Хвасон-15

тив алгасах баллистик пуужин (ICBM)

13,000

Шингэн түлш, АНУ-ын эх газрын ихэнх хэсэгт хүрэх хүчин чадалтай.

Хвасон-12

Дунд тусгалын баллистик пуужин (IRBM)

4,500-6,000

Шингэн түлш, АНУ-ын Гуамын арлуудад  хүрэх чадвартай

Пуккыксон-3

Шумбагч онгоцноос хөөргөх баллистик пуужин (SLBM)

1,900

Хатуу түлш, Өмнөд Солонгос, Япон орчмын байг онох чадвартай

KN-23

Ойрын тусгалын баллистик пуужин (SRBM)

450

Хатуу түлш, богино зайнд чиглэлээ өөрчлөх чадвартай

KN-24

Ойрын тусгалын баллистик пуужин (SRBM)

410

Хатуу түлш, АНУ-ын ATACMS пуужинтай төстэй

KN-25

Реактивт их буу

400

Хатуу түлш, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай

3. Өндөр магадлалтай үйл явдал (70%-аас дээш магадлалтай)

  • “Хвасон-18” тив алгасах баллистик пуужингийн туршилт дахин хийж, Америкийн Аляск муж зэрэг Америкийн эх газар орчимд хүргэж магадгүй.
зураг
 

Умард Солонгос 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд шинэ төрлийн “Хвасон-18” тив алгасах баллистик пуужинг анх удаа туршсан. Энэ нь Умард Солонгосын анхны хатуу түлшээр ажилладаг тив алгасах баллистик пуужин бөгөөд “Хвасон-18”-ыг өмнөх шингэн түлштэй тив алгасах баллистик пуужингуудтай харьцуулахад илүү аюулгүй, ажиллуулахад хялбар болгосон.

Хатуу түлшээр ажилладаг пуужинг хөөргөхөөс өмнө шууд түлшээр цэнэглэх шаардлагагүй бөгөөд логистикийн дэмжлэг бага шаарддаг тул нуух, хадгалахад хялбар байдаг. Энэ нь Умард Солонгосын цөмийн хүчний амьд үлдэх чадварыг нэмэгдүүлж, илрүүлэх, урьдчилан цохилт өгөхөд илүү хэцүү болгодог.

“Хвасон-18”-ын тусгал нь 15,000 км хүрдэг бөгөөд энэ нь АНУ-ын бүх нутаг дэвсгэрийг хамарч хүрэхүйц хүчин чадалтай юм. 2025 онд Умард Солонгос “Хвасон-18” пуужингийн туршилтыг олон удаа хийж, ялангуяа АНУ-ын Аляск муж зэрэг Америкийн эх газрын орчим байршилд хүргэх нь технологийн хувьд боломжтойг батлан харуулахын тулд бүрэн тусгалын туршилт хийх магадлалтай.

  • Орос руу ойрын тусгалын баллистик пуужин экспортлох

Олон улсын хориг арга хэмжээтэй тулгарсан Умард Солонгос гадаадад зэвсэг худалдаалах замаар эдийн засгийн ашиг, улс төрийн дэмжлэг авахыг эрмэлзсээр ирсэн. Харин Орос улс Украинтай холбоотой цэрэг дайны нөхцөл байдалд их бууны сумны хомсдолд ороод байгаа нь Умард Солонгос, Оросын хооронд цэрэг зэвсгийн наймаа хийх боломжийг олгож байна. 2023 оны наймдугаар сард Өмнөд Солонгосын БХ-ын сайд Шин Вон Шиг мэдээлснээр, Умард Солонгос 2023 оны есдүгээр сараас хойш Орос руу 6,700 орчим чингэлэг сум илгээсэн бөгөөд үүнд 3 сая гаруй 152 мм-ийн их бууны сум эсвэл 500,000 ширхэг 122 мм-ийн их бууны сум багтсан байж болзошгүй.

2025 онд Умард Солонгос Орос руу ойрын тусгалын баллистик пуужин зэрэг цэрэг зэвсэг, техник хэрэгслийг үргэлжлүүлэн экспортолж, оронд нь нэн шаардлагатай хүнс, эрчим хүч түлш, гадаад валют, техник технологийн бусад дэмжлэгийг хариуд нь авах төлөвтэй байна. Мөн Умард Солонгос, Оросын хоорондын цэргийн хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Оросын дэмжлэгийг авч, хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тусална.

Оросын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны зургаадугаар сарын 18-19-нд Умард Солонгост төрийн айлчлал хийсэн. Энэ нь сүүлийн 24 жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал байсан бөгөөд Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж, хоёр улсын харилцааг бэхжүүлэх "Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ"-нд гарын үсэг зурсан. Энэ гэрээ нь цэрэг, эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туслалцах (дайралтад өртвөл) зүйл заалттай. Айлчлал нь Орос, Украины цэрэг дайны нөхцөл байдал үргэлжилж, Умард Солонгос Орост зэвсэг нийлүүлж байж болзошгүй гэсэн таамаглалтай цаг хугацааны хувьд давхацсан.

Орос - Украины дайны хувьд, тус дайн эцэстээ Оросыг энгийн зэвсэглэлийн түвшинд сул дорой харагдуулах байдлыг нэмэгдүүлэх нөхцөл рүү чиглэж байна. Үүнээс шалтгаалан Орос, Умард Солонгосын цэргийн технологийн хамтын ажиллагаа хязгаарлагдмал байх бөгөөд АНУ Умард Солонгосын Америкийн эх газар орчмын байршилд цохилт өгөх чадварыг устгахыг шаардах тул тэдний хооронд хэлэлцээ хийх боломж хомс байна.

  • Умард, Өмнөд Солонгосын хилийн их бууны ангиудыг цөмийн цэнэгт хошуутай пуужингаар зэвсэглэх

Умард Солонгос сүүлийн жилүүдэд тактикийн цөмийн зэвсгийг идэвхтэй хөгжүүлж, үүнийг Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн давуу талд хариу үйлдэл үзүүлэх чухал хэрэгсэл гэж үзэж байна. Мэдээлэлд дурдсанаар, Умард Солонгос хилийн бүсэд байрлах их бууны ангиудад KN-25 төрлийн 600 мм-ийн пуужинг байрлуулж эхэлсэн байж магадгүй бөгөөд энэ пуужин нь 400 км-ийн тусгалтай, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай. Энэ нь Өмнөд Солонгосын бүх нутаг дэвсгэрт ноцтой аюул учруулж, хойгийн хурцадмал байдлыг улам хурцатгаж болзошгүй. Умард Солонгосын цөмийн цэнэгт хошуутай пуужин байрлуулах нь Өмнөд Солонгосын АНУ-ын өргөтгөсөн батлан хамгаалах амлалтад итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй. Юн Сог Ёль 2022 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болсон цагаас хойш Умард Солонгосын талаар хатуу бодлого баримтлах болсон нь нөхцөл байдлыг хүндрүүлэх олон шалтгааны нэг эхлэл болсон. Өмнөд Солонгос бүр өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болохыг оролдоход хүргэж, бүс нутгийн зэвсэглэлээр хөөцөлдөх, тогтворгүй байдлыг нэмэгдүүлж болзошгүй юм.

Юн Сог Ёль Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа ч импичментээр огцорсон тохиолдолд БНСУ-ын гадаад бодлого, тэр дундаа БНАСАУ-тай харилцах харилцаанд өөрчлөлт гарах магадлалтай. Юн Сог Ёль нь БНАСАУ-ын эсрэг хатуу байр суурь баримталж, Япон болон АНУ-тай батлан хамгаалах, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байсан. Түүний огцролтын дараа шинэ Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлээс хамааран БНАСАУ-тай харилцах харилцаа зөөлөрч, яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдвэрлэх оролдлого нэмэгдэх боломжтой.

  • Шинэ Хүйтэн дайн ба АНУ - Хятад харилцаа

2021 онд Ким Жон Ун анх удаа “Олон улсын харилцааны бүтэц шинэ хүйтэн дайны хэлбэр рүү шилжиж байна” гэж зарлаж байсан. Харин 2022 онд “шинэ хүйтэн дайн эхэлсэн” гэж нотолж, 2023 онд “дэлхий даяар шинэ хүйтэн дайн бодит болсон” гэж дахин зарласан. Гэсэн хэдий ч 2023 оноос хойш Ким Жон Ун энэ үгийг хэрэглэхээ больсон бөгөөд 2024 оны сүүлчээр олон улсын харилцааны тогтолцоо “шударга олон туйлт ертөнц рүү шилжиж байна” гэж мэдэгдсэн байдаг.

зураг
 

Үүний гол шалтгаан нь Хятад улс юм. Бээжингийн зүгээс АНУ-ын дэлхийг хоёр хуваах бодлогод шүүмжлэлтэй хандаж, шинэ хүйтэн дайныг эрс эсэргүүцэж буй. Тиймээс Умард Солонгосын хүссэн шиг эвсэл үүсэх эсэх нь АНУ – Хятад харилцаанаас шууд хамаарна. 2025 онд доорх хоёр боломжит хувилбар байх боломжтой:

  • Д.Трампын удирдлага дор АНУ – Хятадын харилцаа хурцадна. Хятадын Коммунист намыг “дарангуйлагч дэглэм” гэж зарлаж, эдийн засгийн салбарт бүрэн салангид бодлого барина. Хэрэв энэ хувилбар биелээ олбол Хятад АНУ-д сөргүүлэн эвсэл байгуулж, Умард Солонгос үүнд оролцоно. Ингэснээр Умард Солонгосын эсрэг тавигдсан хориг арга хэмжээ сулрах магадлалтай.
  • АНУ – Хятадын харилцаа тогтвортой зохицуулагдана. Хятадтай 60%+10% импортын татвар тавих ч худалдааны дайн хурц хэлбэрт хүрэхгүй. Хэрэв ийм тохиолдол үүсвэл, Умард Солонгосын боломж хязгаарлагдмал байна.

Умард Солонгос эхний хувилбарыг илүүд үзэх боловч, хоёр дахь хувилбар илүү бодитой байх магадлал өндөр байна.

4. Дунд зэргийн магадлалтай үйл явдал (30%-70% магадлалтай)

  • Долоо дахь цөмийн туршилт:

Умард Солонгос 2006 оноос хойш нийт зургаан удаа цөмийн туршилт хийсэн бөгөөд хамгийн сүүлд 2017 оны есдүгээр сарын 3-ны өдөр хийсэн. Умард Солонгос 2018 оны дөрөвдүгээр сард цөмийн туршилтаа зогсоосон гэж мэдэгдсэн боловч сүүлийн жилүүдэд Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадмал болсноор Пёньян цөмийн туршилтаа дахин эхлүүлэх магадлал өссөөр байна. 2025 онд Умард Солонгос долоо дахь цөмийн туршилтаа хийж, цөмийн айлган сүрдүүлэх чадвараа нэмэгдүүлэхийн тулд илүү өндөр хүчин чадалтай цөмийн зэвсэг турших магадлалтай.

Хэрэв Умард Солонгос шинэ цөмийн туршилт хийвэл хойгийн хурцадмал байдал улам нэмэгдэнэ. 7 дахь цөмийн туршилтын бэлтгэл ажлыг хангаж байх шинж тэмдэг ажиглагдаж байна хэмээн барууны голдуу олон улсын тинк танк байгууллагынхан сүүлийн 1-2 жилд эрчимтэй анхааруулж ирсэн.

  • Шумбагч онгоцноос хөөргөх пуужингийн туршилт амжилтгүй болсны дараа тэнгисийн цөмийн хүчний бүтээн байгуулалтыг зогсоох

Умард Солонгос найдвартай тэнгисийн цөмийн хүчийг бий болгохын тулд шумбагч онгоцноос хөөргөх баллистик пуужин (SLBM) хөгжүүлэхээр зорьж байна. Гэсэн хэдий ч Умард Солонгосын шумбагч онгоцноос хөөргөх пуужингийн технологи нь хараахан бүрэн боловсроогүй, шумбагч онгоцны чадавх нь хязгаарлагдмал хэвээр байна. Сүүлийн жилүүдэд Умард Солонгос шумбагч онгоцноос хөөргөх пуужингийн туршилтыг хэд хэдэн удаа хийсэн боловч бүрэн амжилтад хүрээгүй. 2025 онд Умард Солонгос шумбагч онгоцноос хөөргөх пуужингийн туршилтыг үргэлжлүүлэн хийх боловч дахин амжилтгүй болбол тэнгисийн цөмийн хүчний бүтээн байгуулалтыг түр зогсоож, нөөцөө бусад цөмийн болон пуужингийн төслүүдэд төвлөрүүлж магадгүй юм.

  • АНУ, Өмнөд Солонгос Умард Солонгост хүнсний тусламж үзүүлэх хэлэлцээг дахин эхлүүлэх

Умард Солонгос удаан хугацааны турш хүнсний хомсдолд нэрвэгдэж байгаа бөгөөд олон улсын хориг арга хэмжээ нь түүний эдийн засгийн хүндрэлийг улам хурцатгаж байна. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсоохын тулд АНУ, Өмнөд Солонгос нь Умард Солонгост хүнсний тусламж үзүүлэх хэлэлцээг дахин эхлүүлж магадгүй юм. Гэсэн хэдий ч цөмийн асуудлаар талуудын санал зөрөлдөөн их байгаа тул хэлэлцээ амжилтад хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн, Д.Трамп ерөнхийлөгч дахин сонгогдсон тул Д. Трамп Ким Жон Унтай дахин уулзалт хэлэлцээ хийж эхлэвэл АНУ, Өмнөд Солонгосын өргөтгөсөн батлан хамгаалах стратеги бодлогын ирээдүйд сүүдэр тусгаж болзошгүй бөгөөд энэ нь АНУ, Өмнөд Солонгосын Умард Солонгостой хүнсний тусламжийн хэлэлцээ хийх хүсэл, чадавхид нөлөөлж болзошгүй юм.

5. Бага магадлалтай үйл явдал (30%-аас бага магадлалтай)

  • Умард Солонгос Орост цэрэг тактикийн цөмийн зэвсэг нийлүүлснээ олон нийтэд хүлээн зөвшөөрөх

Умард Солонгос Орост зэвсэг, техник хэрэгсэл нийлүүлсэн байж болзошгүй гэсэн Америкийн тагнуулын байгууллагын мэдээлэл байгаа хэдий ч Умард Солонгосын албан ёсны эх сурвалжууд үүнийг үгүйсгэсээр байна. Орост цөмийн зэвсэг нийлүүлснээ олон нийтэд хүлээн зөвшөөрөх нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах тул Умард Солонгос 2025 онд үүнийг олон нийтэд хүлээн зөвшөөрөх магадлал бага байна.

Умард Солонгосын зүгээс Оростой “хэт ойр” батлан хамгаалах, улс төрийн харилцаанд орсноор Хятадыг өөрөөсөө холдуулж эхэлсэн. Улмаар Хятад Умард Солонгосын улс төрийн харилцаанд хүйтрэл явагдаж, Хятадын зүүн хойд мужуудад ажиллаж амьдарч буй Умард Солонгосын иргэдийн оршин суух зөвшөөрлийг олгохгүй, сунгалт хийхгүй байх нөхцөл байдлууд хэдийнээ асуудал болоод эхэлсэн.

  • Хятад, Орос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тогтоолд хамтран хориг тавих

Хятад, Орос хоёр Солонгосын хойгийн цөмийн асуудлаар яриа хэлэлцээний замаар маргааныг шийдвэрлэхийг дэмжиж, Умард Солонгост хэтэрхий хатуу хориг арга хэмжээ авахыг эсэргүүцсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд Хятад, Орос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тогтоолд хэд хэдэн удаа хамтран хориг тавьсан. 2025 онд Умард Солонгос шинэ цөмийн болон пуужингийн туршилт хийвэл АНУ, Өмнөд Солонгос зэрэг улсууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр шинэ хориг арга хэмжээ авах тогтоол батлуулахыг оролдож магадгүй ч, Хятад, Орос хоёр хамтран хориг тавих магадлалтай. Умард Солонгос нь АНУ, Хятадын хооронд Тайванийн асуудал гэх мэт бусад асуудлаар үүссэн санал зөрөлдөөнийг ашиглан олон улсын хамтын нийгэмлэгийн Умард Солонгосын эсрэг авч буй хориг арга хэмжээг сулруулахыг оролдож магадгүй юм.

  • Умард, Өмнөд Солонгос хязгаарлагдмал цэргийн мөргөлдөөнд орох

Сүүлийн жилүүдэд Умард, Өмнөд Солонгосын хоорондын цэргийн сөргөлдөөн улам бүр нэмэгдэж, хилийн бүсэд олон удаа мөргөлдөөн гарсан. Хэдийгээр бүрэн хэмжээний дайн гарах магадлал бага ч, талуудын буруу тооцоолол, гэнэтийн үйл явдлын улмаас их бууны буудлага, жижиг хэмжээний зэвсэгт мөргөлдөөн зэрэг хязгаарлагдмал цэргийн мөргөлдөөнд орох магадлалтай. Умард Солонгос, Оросын хоорондын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа нь бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворгүй болгож, Солонгосын хойгт дайн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн, хэрэв АНУ, Хятадын хооронд сөргөлдөөн нэмэгдвэл, хоёр Солонгос хоорондын улс төрийн тоглолт, цэргийн жижиг хэмжээний мөргөлдөөн, буудалцаан, үүсэх боломжтой ч Пёньяны зүгээс түрүүлж цохилт өгөх магадлал байхгүй гэж үзэж байна.

6. Умард Солонгосын эдийн засгийн хүндрэл ба гадаад худалдаа

Умард Солонгосын эдийн засаг удаан хугацааны турш олон улсын хориг арга хэмжээний дарамтад байдалтай байгаа бөгөөд уг байдлаас үүдэлтэй хүнсний болон эд материалын ноцтой хомсдол гэсэн давхар дарамтад оршсоор байна. Эдгээр сорилтуудыг даван туулахын тулд Умард Солонгос гадаад худалдааг идэвхтэй хөгжүүлж, үүнийг гадаад валют болон зайлшгүй шаардлагатай бараа, материал олж авах чухал хэрэгсэл болгон ашиглаж байна. Хятад улс бол Умард Солонгосын хамгийн чухал худалдааны түнш бөгөөд хоёр талын худалдааны эргэлт нь Умард Солонгосын нийт гадаад худалдааны 90 гаруй хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд цар тахал болон хориг арга хэмжээний нөлөөлөл байсан ч, Хятад, Умард Солонгосын худалдааны эргэлт тодорхой хэмжээнд хэвээр хадгалагдсаар байна. Гэсэн хэдий ч, Умард Солонгос, Оросын хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр Умард Солонгос худалдааны зарим хэсгийг Орос руу чиглүүлж, Оросоос эрчим хүч, түлш, хүнс, цэргийн зориулалттай бараа, материал импортлох магадлалтай.

7. АНУ-Умард Солонгосын харилцааны түүх ба хэлэлцээ

АНУ-Умард Солонгосын харилцаа нь үргэлж сөргөлдөөн, хэлэлцээрийн эргүүлэг дунд байсаар ирсэн. 1990-ээд оноос хойш АНУ, Умард Солонгос хоёр Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон удаа хэлэлцээр хийсэн. Эдгээр хэлэлцээрүүд нь дараах үе шатуудыг дамжсан:

  • 1993-1999 он: "АНУ-Умард Солонгосын Цөмийн Хэлэлцээр"-ээр тодорхойлогдох бөгөөд талууд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох тохиролцоонд хүрсэн. Энэ хугацаанд хэлэлцээр, өдөөн хатгалгын харьцаа 4.5:1 байсан нь хэлэлцээрийн тоо өдөөн хатгалгын тооноос хамаагүй илүү байсныг харуулж байна.
  • 2000-2008 он: Зургаан талт хэлэлцээ гол хэлбэр нь байсан бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой байв. Хэлэлцээр, өдөөн хатгалгын харьцаа 2.37:1 байсан нь хэлэлцээр давамгайлсан хэвээр байсныг харуулж байна.
  • 2009-2011 он: Хэлэлцээр зогсонги байдалд орж, өдөөн хатгасан үйл явдал нэмэгдэв. Хэлэлцээр, өдөөн хатгалгын харьцаа 1:5.67 болж буурсан.
  • 2012-2016 он: АНУ Умард Солонгосын эсрэг "стратегийн тэвчээр" бодлого баримталж, хэлэлцээр хийхээс татгалзав. Хэлэлцээр, өдөөн хатгалгын харьцаа 1:31.5 болж улам буурсан.
  • 2017 оноос өнөөг хүртэл: Умард Солонгосын цөмийн болон пуужингийн чадавх нэмэгдсэнээр АНУ-Умард Солонгосын харилцаа дахин хурцадмал байдалд орсон боловч талууд хэд хэдэн өндөр түвшний уулзалт хийсэн.

АНУ-Умард Солонгосын харилцааны түүхээс харахад хэлэлцээр, өдөөн хатгалгын харьцаа нь Солонгосын хойгийн нөхцөл байдлын “хурцадмал” байдалтай нягт холбоотой байдаг. Талууд идэвхтэй хэлэлцээр хийх үед нөхцөл байдал харьцангуй тайван байдаг бол, хэлэлцээр мухардалд орох үед өдөөн хатгасан үйл явдал нэмэгдэж, нөхцөл байдал ч хурцаддаг.

  • Трамп ба Ким Жон Ун
зураг
 

2025 онд Д.Трамп болон Ким Жон Уны хооронд хэлэлцээ эхлэх магадлал өндөр байна. Гэхдээ 2018-2019 оны уулзалтуудаас эрс ялгаатай нөхцөл байдал үүснэ.

  • Умард Солонгос АНУ-тай шууд харилцахын оронд, “Шинэ хүйтэн дайн” маягийн харилцааг бий болгохыг эрмэлзэж байна.
  • Д.Трамп хэлэлцээг сэргээхийг оролдож болох ч, АНУ-ын дотоод бодлогын хүрээнд өөрт ашигтай гэрээ байгуулахыг эрмэлзэх болно.
  • АНУ Умард Солонгосын Америкийн эх газарт хүрэх цөмийн хүчин чадлыг устгахыг шаардана.

Д.Трамп хэлэлцээр хийхдээ хатуу байр суурь баримталж, Умард Солонгосын зүгээс илүү их буулт хийлгэхийг шаардсан хэлэлцээг хийнэ.

АНУ-ын туршлагатай дипломатч, Солонгосын хойгийн асуудал болон Зүүн Азийн бүс нутгийн бодлогын чиглэлээр мэргэшсэн Жозеф Юн 2016-2018 онд Солонгосын хойгийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр ажиллаж, Умард Солонгостой холбоотой хэлэлцээрүүдийг удирдаж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 10-нд Ж.Байдены засаг захиргаа Жозеф Юныг Өмнөд Солонгост суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахаар томилсон. Одоогийн байдлаар Д.Трампын засаг захиргаанд Умард Солонгосын асуудлыг үргэлжлүүлэн хариуцан ажиллах нь тодорхойгүй байна.

8. Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээ

Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлахын тулд олон улсын хамтын нийгэмлэг Умард Солонгосын эсрэг хэд хэдэн удаагийн хориг арга хэмжээ авсан. Эдгээр хориг арга хэмжээ нь гол төлөв дараах зүйлсийг багтаана:

  • Худалдааны хориг: Умард Солонгосын импорт, экспортыг хязгаарлах улмаар нүүрс, төмрийн хүдэр, нэхмэлийн бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглох, нефт түлшний импортыг хязгаарлах.
  • Санхүүгийн хориг: Умард Солонгосын гадаад дахь хөрөнгийг царцаах, тус улсын санхүүгийн байгууллагуудын олон улсын гүйлгээг хязгаарлах, мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглох.
  • Хүний эрхийн хориг: Хүний эрхийг зөрчсөн Умард Солонгосын хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авах.

Эдгээр хориг арга хэмжээнүүд нь Умард Солонгосын эдийн засгийн хөгжилд тодорхой хэмжээний хязгаарлалт учруулсан боловч зарим маргаан дагуулсаар байна. Зарим хүмүүс хориг арга хэмжээ нь хэтэрхий хатуу, Умард Солонгосын ард түмний амьжиргаанд хохирол учруулж байна гэж үздэг бол, зарим нь хориг арга хэмжээний хүч хангалтгүй, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг үр дүнтэй хязгаарлаж чадахгүй байна гэж үздэг.

9. Дүгнэлт: Мэдээлэлд тулгуурласан стратегийн үнэлгээ

Умард Солонгосын стратегийн чадавх

  • Баталгаажсан: Ойрын тусгалын цөмийн цохилт өгөх систем (Өмнөд Солонгосын бүх нутгийг хамарна), Умард Солонгос ойролцоогоор 45 цөмийн цэнэгт хошуутай гэсэн мэдээлэл байдаг. /Стокхолмын Энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI) 2023 оны 6 дугаар сард нийтэлсэн тайланд Умард Солонгосын цөмийн зэвсгийн нөөцийн талаар тодорхой мэдээлэл нийтлэгдээгүй. Умард Солонгос нь 2006 оноос хойш нийтдээ 6 удаа цөмийн туршилт хийсэн бөгөөд эдгээр туршилтууд нь үндсэндээ газар доорх цөмийн дэлбэрэлтүүд байсан. Тиймээс тус улсын цөмийн цэнэгт хошууны тоо нь олон улсын шинжээчдийн дунд яг тодорхойгүй байдаг/
  • Баталгаажуулах шаардлагатай: АНУ-д үзүүлж болзошгүй Умард Солонгосын цөмийн айлган сүрдүүлэлт (тив алгасах пуужингийн технологи, цөмийн цэнэгт хошууны тээвэрлэх чадвар).

Умард Солонгос Өмнөд Солонгост цөмийн цохилт өгөх чадвартай бөгөөд цөмийн зэвсгийн тоо хэмжээ нь ч багагүй юм. Гэвч тив алгасах пуужингийн технологи болон цөмийн цэнэгт хошууг жижгэрүүлэх технологи нь цаашид хөгжүүлэлт шаардлагатай байгаа нь АНУ-д бодит цөмийн аюул учруулахад хангалтгүй юм.

Гадаад хязгаарлалтын дээд хэмжээ

  • Өнөөгийн олон улсын хориг арга хэмжээнүүд нь Умард Солонгосын цэрэг стратеги хүчний хөгжлийн хурдыг 30 - 40%-иар бууруулж байгаа ч, Орос-Умард Солонгосын хамтын ажиллагаа нь энэ алдагдлын 15 - 20%-ийг нөхөж чадна.
  • АНУ-Өмнөд Солонгосын “өргөтгөсөн батлан хамгаалах” стратеги бодлого нь Умард Солонгосын цөмийн аюулыг бүрэн арилгахгүй ч, цөмийн зэвсэг ашиглах босгыг засаг төрийн оршин тогтнох аюулын түвшин хүртэл өндөрсгөж чадна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ч мөн адил төстэй заналхийлэл хийж, хэрэв Умард Солонгосын бүрэн эрхт байдалд халдвал тив алгасах баллистик пуужин, цөмийн зэвсэг зэрэг бүх цохилтын хүчийг эргэлзэлгүй ашиглана гэдгээ мэдэгдсэн. Энэ нь болзошгүй дайсны түрэмгий үйлдлийг тодорхой болзолт заналхийллээр дамжуулан зогсоох сонгодог батлан хамгаалах онолтой нийцэж байна.
  • Умард Солонгос гадаад валютын орлого олох, хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд санхүүгийн болон бусад төрлийн кибер халдлага үргэлжүүлэн ашиглах магадлалтай.
  • Орос улс Умард Солонгост нисгэгчгүй онгоцны /дрон/ технологи гэх мэт ердийн цэргийн дэвшилтэт технологийг нийлүүлэх магадлалтай.

Олон улсын хамтын нийгэмлэгийн хориг арга хэмжээ нь Умард Солонгосын цэргийн хүчний хөгжилд тодорхой хэмжээний хязгаарлалт тавьж байгаа ч, Орос-Умард Солонгосын улс төр, цэрэг стратегийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа нь хориг арга хэмжээнээс үүдэлтэй дарамтыг тодорхой хэмжээгээр зөөлрүүлж байна. АНУ-Өмнөд Солонгосын “өргөтгөсөн батлан хамгаалах” стратеги нь Умард Солонгосын цөмийн зэвсэг ашиглах босгыг өндөрсгөж чадах ч, цөмийн аюулыг бүрэн арилгах боломжгүй. Умард Солонгос мөн кибер халдлага болон Оростой хийх хамтын ажиллагаагаараа дамжуулан хориг арга хэмжээний үр нөлөөг сулруулах магадлалтай.

2025 оны гол үзүүлэлтүүд

Үзүүлэлт

Тайлбар

Болзошгүй үр дагавар

Умард Солонгосын цөмийн туршилтын тоо

Шинэ цөмийн туршилт хийх эсэх

≥1 удаа бол хойгийн хямрал улам гүнзгийрнэ

Орос-Умард Солонгосын технологийн хамтын ажиллагааны ил тод байдал

Хамтарсан цэргийн сургуулилалт, зэвсгийн хамтарсан судалгаа гэх мэт

Орос-Умард Солонгосын цэргийн хамтын ажиллагааны гүнзгийрлийг харуулна

Хятад-Умард Солонгосын худалдааны эргэлтийн өөрчлөлт

Хятадын гаалийн ерөнхий газрын мэдээ

Хориг арга хэмжээний хэрэгжилт болон Умард Солонгосын эдийн засгийн байдлыг харуулна

10. Дүгнэлт ба хэтийн төлөв

Солонгосын хойгийн нөхцөл байдал 2025 онд сорилт, тодорхойгүй байдлаар дүүрэн байх болно. Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилтаа үргэлжлүүлж, Оростой цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цэргийн хүчээ нэмэгдүүлэх, гаднын дарамтад хариу үйлдэл үзүүлэх магадлалтай.

2025 онд Солонгосын хойгоор тогтохгүй дэлхий дахинд томоохон өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна. Умард Солонгос Д.Трампын эргэн ирэлтийг өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдож байгаа ч, бодит нөхцөл байдал тэдний хүссэн хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай. АНУ-Хятадын харилцаа бүрэн тасрахгүй, харин тогтвортой зохицуулагдах болов уу. Орос-Украины дайн Оросын байр суурийг сулруулах магадлалтай. АНУ-Умард Солонгосын хэлэлцээ хатуу ширүүн явагдаж, Умард Солонгосын эсрэг хориг үргэлжилнэ. Тиймээс 2025 он Умард Солонгосын хувьд хүндхэн жил болох төлөвтэй байна.

Олон улсын хамтын нийгэмлэгийн Умард Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээ улам чангарах магадлалтай ч, Хятад, Оросын эсэргүүцлээс болж үр дүнгээ өгөхөд хүндрэлтэй байж магадгүй юм. Умард, Өмнөд Солонгосын хооронд хязгаарлагдмал цэргийн мөргөлдөөн гарах эрсдэл хэвээр байгаа бөгөөд бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул заналхийлж байна.

Алсын хараатайгаар авч үзвэл, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдал нь бүх талуудын хамтын хүчин чармайлтаас шалтгаална. Яриа хэлэлцээний замаар маргааныг шийдвэрлэж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг урагшлуулах нь асуудлыг эцэслэн шийдвэрлэх үндсэн арга зам юм.

Монгол улсын харьцангуй төвийг сахисан статус нь Солонгосын хойгийн энх тайван, найрамдалт, тогтвортой байдлыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой. Монгол улс олон улсын харилцаанд харьцангуй төвийг сахисан байр суурьтай бөгөөд энэ нь хойгийн хэмжээнд зөрчилдөөнд оролцогч талуудтай шууд харилцаж хамтын ажиллагаа явуулахад туслах, тэднийг нэгтгэн уулзуулах суурь болдог. Монгол улс Солонгосын хойгт зөвхөн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих үүрэгтэйгээр зогсохгүй бүх талуудын хооронд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж боломжтой гэж үзэж байна.

 

Эх сурвалж:

1. September 2024 Japan Ministry of Defense Recent Missile & Nuclear Development of North Korea https://www.mod.go.jp/en/d_act/sec_env/pdf/dprk_d-act.pdf

2. Overview | North Korean Nuclear Issue Ministry of Foreign Affairs, Republic of Korea https://www.mofa.go.kr/eng/wpge/m_5474/contents.do

3. Hwasong-18 - Wikipedia https://en.wikipedia.org/wiki/Hwasong-18

4. What we know about North Korea's ICBM programme | News - Al Jazeera https://www.aljazeera.com/news/2024/10/31/what-we-know-about-north-koreas-icbm-programme

5. North Korea's Hwasong-18 test - The International Institute for Strategic Studies https://www.iiss.org/online-analysis/online-analysis/2023/07/north-koreas-hwasong-18-test/

6. North Korea and Russia's dangerous partnership | The revival of the North Korea–Russia relationship - Chatham House https://www.chathamhouse.org/2024/12/north-korea-and-russias-dangerous-partnership/revival-north-korea-russia-relationship

7. Austin Says North Korea Helped Russia 'Get Back Up on Its Feet' https://www.airandspaceforces.com/austin-north-korea-russia-ukraine/

8. North Korea sent Russia millions of munitions in exchange for food: Seoul - Al Jazeera https://www.aljazeera.com/news/2024/2/28/n-korea-sent-russia-millions-of-munitions-in-exchange-for-food-says-seoul

9. North Korea Demonstrates Extremely Long Range Rocket Artillery Capabilities With Large Salvo - Military Watch Magazine https://militarywatchmagazine.com/article/nkorea-long-range-rocket-artillery

10. A Threat Like No Other: Russia-North Korea Military Cooperation - CSIS https://www.csis.org/analysis/threat-no-other-russia-north-korea-military-cooperation

11. List of nuclear weapons tests of North Korea - Wikipedia https://en.wikipedia.org/wiki/List_of_nuclear_weapons_tests_of_North_Korea

12. North Korea and weapons of mass destruction - Wikipedia https://en.wikipedia.org/wiki/North_Korea_and_weapons_of_mass_destruction

13. North Korea Submarine Capabilities - The Nuclear Threat Initiative https://www.nti.org/analysis/articles/north-korea-submarine-capabilities/

14. U.S. Assistance to North Korea: Fact Sheet https://nationalaglawcenter.org/wp-content/uploads/assets/crs/RS21834.pdf

15. Prospects for the ROK's Nuclear Policy – Sharing or Acquiring? | List of Articles https://www.spf.org/iina/en/articles/sanghoe_lee_02.html

16. China's Reluctance on Sanctions Enforcement in North Korea - RAND https://www.rand.org/pubs/commentary/2018/01/chinas-reluctance-on-sanctions-enforcement-in-north.html

17. North Korea ratifies landmark mutual defence treaty with Russia - Al Jazeera https://www.aljazeera.com/news/2024/11/12/north-korea-ratifies-landmark-mutual-defence-treaty-with-russia

18. North Korea is the big beneficiary in its military partnership with Russia - ASPI Strategist https://www.aspistrategist.org.au/north-korea-is-the-big-beneficiary-in-its-military-partnership-with-russia/

19. A US-South Korea alliance strategic memo on deterrence - Atlantic Council https://www.atlanticcouncil.org/in-depth-research-reports/issue-brief/a-us-south-korea-alliance-strategic-memo-on-deterrence/

20. Recent Developments Along the China-North Korea Border - Beyond Parallel - CSIS https://beyondparallel.csis.org/recent-developments-along-the-china-north-korea-border/

21. North Korea-China trade hits new high in November on strong exports | NK News https://www.nknews.org/2024/12/north-korea-china-trade-hits-new-high-in-november-on-strong-exports/

22. 25 Years of Negotiations and Provocations: North Korea and the United States https://beyondparallel.csis.org/25-years-of-negotiations-provocations/

23. North Korean Nuclear Weapons Arsenal: New Estimates of its Size and Configuration https://isis-online.org/isis-reports/detail/2023-north-korean-nuclear-weapons-arsenal-new-estimates/

24. Renewing its Vows: U.S. Commitment to the Defense of South Korea https://gjia.georgetown.edu/2025/01/06/renewing-its-vows-u-s-commitment-to-the-defense-of-south-korea/

25. Is Russia's Mutual Defense Pact with North Korea Truly Mutual? - FPIF https://fpif.org/is-russias-mutual-defense-pact-with-north-korea-truly-mutual/